“Элчин сайд нарын клуб”-ын гишүүд Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцжээ
Онц бөгөөд бүрэн эрхт цолтой элчин сайд нар, ахмад дипломатч, төр, нийгмийн зүтгэлтнүүдээс бүрдсэн "Элчин сайд нарын клуб"-ын гишүүд Дорноговь аймагт баригдаж буй стратегийн бүтээн байгуулалттай танилцжээ.
"Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал, доктор Д.Алтанцэцэг Монгол Улсад хэрэгжиж буй ГТБҮ-ийн бүтээн байгуулалтын ажлын явцыг танилцуулж, улс орны хэмжээний томоохон төслийн хамрах цар хүрээ, хэрэгжилтэд тулгардаг сорилт, асуудлуудын талаар зочид төлөөлөгчидтэй санал солилцсон байна.
Үйлдвэрийн бүтээн байгуулалтын төслийн менежментийн зөвлөх Engineers India Limited, Ерөнхий гүйцэтгэгч Megha Engineering and Infrastructures Ltd компанийн удирдах инженер, менежерүүд үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилга угсралтын ажлын онцлог, явцын талаар газар дээр нь дэлгэрэнгүй танилцуулга хийжээ.
Элчин сайд нар, Монгол Улсад өнөөгийн цаг үед өрнөж буй өргөн далайцтай бүтээн байгуулалтын ажилтай биечлэн танилцсандаа сэтгэл хангалуун байгаагаа, мөн бүтээн байгуулалтыг гардан хэрэгжүүлж буй Энэтхэг, Монгол инженер мэргэжилтнүүдээр бахархаж байгаагаа илэрхийлсэн байна.