Эрдэнэт үйлдвэр: Өөрөө буулгагч автомашины 13 дахь угсралтыг хийж байна
"Эрдэнэт үйлдвэр"-ийн Авто тээврийн цехийн Технологийн тээврийн автозасварын хэсэгт үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Япон улсын KOMATSU HD1500-8 төрлийн, 142 тонны даацтай, QSK-50MCRS дотоод шаталтын хөдөлгүүртэй Өөрөө буулгагч автомашины 13 дахь угсралтыг хийж байна. Уг ажлыг “Трансвест” ХХК-ийн инженер, техникийн ажилтнуудтай хамтран гүйцэтгэж, 2026 оны хоёрдугаар сарын 6-нд бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
Мөн энэ оны эхний хагас жилд нэмэлтээр таван KOMATSU HD1500-8 төрлийн Өөрөө буулгагч автомашин нийлүүлэхээр төлөвлөсөн ба 14 дэх өөрөө буулгагч автомашин одоогоор ачигдан, Монгол Улсыг зорин тээвэрлэгдэж байгаа аж.
“KOMATSU HD1500-8 өөрөө буулгагч нь 360 градусын камерын систем, жолоочийн аюулгүйн нэгдсэн систем, радарын хяналтын систем, галын дохиолол болон унтраах систем, тэвш хамгаалах тусгай хуяг зэрэг дэвшилтэт аюулгүй ажиллагаа, хяналтын цогц шийдлүүдээр тоноглогдсон” гэж Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн дарга С.Гантогоо ярилаа.
Түүнчлэн, ажиллах орчны нөхцөл, даац, техникийн үзүүлэлт болон бусад мэдээллийг хиймэл дагуулын хяналтын системээр дамжуулан бодит цагийн горимоор дамжуулах мэдээллийн технологийн шийдэлтэй. Ажлын өндөр бүтээмж, жолоочийн аюулгүй байдлыг бүрэн хангахын зэрэгцээ бүх төрлийн хяналт, мэдээллийн систем суурилуулсан энэхүү Өөрөө буулгагчийг манай уурхайн уул геологийн нөхцөл, засвар үйлчилгээний боломж, овор хэмжээ, ашиглалтын нийцтэй байдалд тулгуурлан нарийвчлан судалж сонгон нэвтрүүлж байна. Ийнхүү дэвшилтэт техник, технологийг үе шаттайгаар нэвтрүүлснээр авто тээврийн үйл ажиллагааны найдвартай байдал, аюулгүй ажиллагаа, бүтээмжийг цаашид нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Эх сурвалж: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ