С.Бямбацогт барах юм болов уу...
1 Өдрийн өмнө
317
С.Бямбацогт барах юм болов уу...

Үе үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх хариуцсан сайд нарын "толгойны өвчин" нь төрийн өмчит компаниуд байдаг. Улс төр нь дийлдэхгүй. Ийм гутармаар засаглал төрийн өмч тойрсон болгонд ноёлж гүйцсэн. Цэгцлэх, цэвэрлэх, цэгцрэх бүхэн төрийн өмчит компанийн үүдээр ороод тэнд замхардаг. ийм заваарсан тогтолцоо энд бүрдсэн. Захирлууд нь намын болон УИХ-ын гишүүдээс асар их дэмжлэгтэй. Зарим гишүүн нь төрийн өмчит компанийн захирлуудад "барьцаалагдсан" далд бизнестэй. 

Засгийн газрын сайд нарыг том толгойтой захирлууд нь аргалах төдий дөнгөөд сурчихсан. Хяналт, шалгалт хийлээ гэхэд төрөөс төрийн мэдээллийг нуудаг. Хөрөнгө мөнгийг нь хувийн өмч мэт шавшигдуулж, өр зээлийн дарамт руу чирдэг. 

Улс төрийн ашиг хонжоогоор улсын хөрөнгө дээр эзэн суудаг байдал өнөө улам гаарчээ. Тэднийг даврааж, төрөөс хулгайлах боломжийг нь УИХ-ын гишүүд өөрсдөө эрхлүүлэн олгож, зарим нь халаас нэгтэн болж хувирсан байдаг. Ийм булингартай засаглалын орчинд реформ амжилт болох уу...

Төрийн өмчит компаниудыг цэвэрлэхгүй бол төр тунгалагшиж чадахгүй. Намын санхүүжилт ил  тод болж амжихгүй. Эрүүлжих үзэгдэл төрд бий болохгүй. Г.Занданшатарын Засгийн газар төрийн өмчит компаниудад нүүрлэсэн хулгайг цэвэрлэнэ, цэгцэлнэ гэж гарч ирсэн. Түүний бүрдүүлсэн Засгийн газар хэлсэндээ хүрч чадахгүй бол нүүрсний хулгай үргэлжилж, төрийн өмчит компаниудын тендерийн бизнес хяналтгүй цэцэглэсэн хэвээр байна.

Төр, төрийн өмчит компаниуд шөнө орой хууль зөрчин улс төрийн томилгоо хийж, намын гишүүнчлэлээр хүмүүсийг алагчилж, төрийн өмчит компаниуд эрх баригч намын тэжээгч нь болж, газрын доорх нийт ард түмний баялаг нэг хэсэг хүмүүсийн эдийн засгийн эрх чөлөөг бүрдүүлж, хангаж өгсөөр байх болно.  Энэ "чөтгөрийн тойрог"-ийг С.Бямбацогт сэтэлж чадах болов уу. Өөрт болон Засгийн газарт ирэх улс төрийн дарамт, шахалтыг дааж өнгөрөх үү...

Төрийн өмчит компаниудад мөнгө байна, мөнгөтэй хамт тэдэнд хязгааргүй эрх мэдэл ирж байна. Эрх мэдлийн "жад" нь УИХ-ын гишүүн болж өгч байгаа юм. Төрийн өмч хөрөнгөөр дамжуулан УИХ-ын зарим гишүүн улс төрийн нөлөөгөө тойрогтоо удаан хадгалах гэж оролдож байна. Тийм болохоор  төрийн өмчит компанийн захирлууд "даам" гарч чадсан байна. 

Төрийн өмчит компаниудын хулгайг багасгах, хуудуутай хуйвалдааныг зогсоох даалгавар С.Бямбацогтын толгой дээр бууж байгаа. Үүнтэй тэмцэнэ гэдэг засаг унахтай тэнцэх хэмжээний улс төрийн ялалт, ялагдал юм. Улс төрийн эрсдэлээс айгаад суух бус эрх мэдлийн хүрээндээ эмхлэх, цэгцлэх цаг болжээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.