Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулагч, сонирхогч этгээдүүдэд мэдээлэл хүргүүлж, санал авна
7 Цагийн өмнө
139
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөлд  хөрөнгө оруулагч, сонирхогч этгээдүүдэд мэдээлэл хүргүүлж, санал авна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 3-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулах, холбогдох дүрэм, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нарт даалгав. 

Төслийн ерөнхий мэдээлэл болон бусад холбогдох материалыг зэс, металл үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч улс орон, томоохон аж ахуй нэгж, хөрөнгө оруулагч, сонирхогч этгээдүүдэд хүргүүлж, санал авна. Хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхогч этгээдүүдээс ирүүлсэн саналыг 2026 оны нэгдүгээр сарын 15-ны дотор хүлээн авч, санхүүгийн чадавх, санхүүжилтийн оновчтой хувилбар, техник, технологи, менежментийн чадавх болон бусад шаардлагатай шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх чиг үүрэг бүхий Ажлын дэд хэсгийг байгуулан ажиллаж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулна. 

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 60 дугаар захирамжаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ажлын даалгавар, техник, эдийн засгийн үндэслэлийн тодотголыг батлуулан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. 

Ажлын хэсгээс Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу төслийг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ.

Ажлын хэсэг уг төсөлд зэс, металл үйлдвэрлэлийн чиглэлээр Дэлхийд тэргүүлэгч улс орон, томоохон хуулийн этгээдийг бүрэн хамруулах, нээлттэй ил тод зарчмыг баримтлан, сонгон шалгаруулалтын мэдээллийг хүргүүлэх, ирүүлсэн саналыг судлан, санхүүжилтийн оновчтой саналыг зөвшилцөж, боломжит нөхцөл шаардлагуудыг тодорхойлох зорилгоор сонирхогч этгээдүүдээс санал авч хамгийн сайн гэж үнэлэгдэхүйц хөрөнгө оруулагч, сонирхогч этгээдүүдийн хураангуй жагсаалтыг гаргаж, урьдчилсан байдлаар хэлэлцээ хийж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. 

zasag_251201 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.