Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб нь тогтмол "Өглөөний уулзалт" зохион байгуулж ирсэн. Тус клубын тодотгол, брэнд гэж хэлж болно. Энэ удаагийн "Өглөөний уулзалт"-ын зочноор "Тэрбум мод сан"-гийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа уригдан оролцлоо.
"Тэрбум мод сан" нь 2022 оны 3-р сард арилжааны банкуудын хамтын санаачилгаар байгуулагдсан. Банкны салбарт үйл ажиллагаа явуулж буй 12 арилжааны банк нийт 50 сая мод тарьж ургуулахаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдсэн билээ. Энэхүү хөдөлгөөний хүрээнд банкны салбар дангаар 50 сая мод тарьж, арчлан хамгаалж ургуулах амлалтыг өгсөн бөгөөд Монголбанкны бодлогын дэмжлэгтэйгээр "Тэрбум мод сан"-гийн үйл ажиллагаа эхэлсэн. Ой модны ертөнцөөр Эдийн засгийн сэтгүүлчид аялах "Өглөөний уулзалт"-д 10 гаруй редакцийн төлөөлөл оролцсон юм.
Зөв газар, зөв модыг зөв зорилгоор зөв аргачлалаар тарьж, ойн салбарын тогтвортой санхүүжилтийн механизм, тогтолцоог бий болгох зорилго дэвшүүлсэн "Тэрбум мод сан" нь үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа хойш 3.5 сая модыг тарьж ургуулсан бөгөөд 95 хувиас дээш ургалттай байгааг сангийн удирдлага Б.Баярмаа онцоллоо. "Тэрбум мод сан" нь байгаль орчныг хамгаалах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, санхүүжилт босгон үндэсни хэмжээнд болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жишиг санг бий болгохоор ажиллаж байна. Энэ бол тус сангийн алсын хараа юм.
50 сая мод тарьж ургуулах зорилго дор олон ажил төлөвлөн хэрэгжүүлж, одоогоор 89 төсөлд санхүүжилт олгож, 28 мянган хүүхдэд ногоон орчин бүрдүүлж өгсөн байна. 800 гаруй мянган иргэнд экологийн боловсрол олгосон гээд онцлох үр дүнгүүдээ сэтгүүлчдэд хуваалцсан юм. Олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийг 2023-2024 онд олон байршилд эхлүүлсэн байна. Тухайлбал, Ховд аймгийн Жаргалант суманд 2580 мод, Өмнөговь аймгийн Баяндалай суманд 5000 мод, Өвөрхангайн Бат-Өлзий суманд 20 мянган мод, Баянхонгорт 10 мянга гаруй гээд тарьсан модны хэмжээ нь үргэлжилнэ.
Томоохон хэмжээний ойжуулалт, нөхөн сэргээлтийг "Тэрбум мод сан" анхааралдаа авч, Сэлэнгэ аймагт 2024 оны байдлаар 1000 га талбайд 2.8 сая мод тарьж ургуулах үйл явц үргэлжлэн өрнөж байна. Хувийн хэвшил, тэр тусмаа банкны салбар нийгмийн хариуцлагын хүрээнд "Тэрбум мод сан"-г үүсгэн байгуулж, ойг эдийн засагжуулах, модыг мөнгөжүүлэх, ойн салбараа шинэ түвшинд гаргахад хамгийн их хичээл зүтгэл гаргаж ажиллаж байгааг Эдийн засгийн сэтгүүлчид шимтэн сонсож, шинэ мэдээлэл авлаа.