Уул уурхайн салбарын идэвхжил удааширсан нь худалдаа, тээврийн салбарт сөргөөр нөлөөлөв
2025.09.04
384
Уул уурхайн салбарын идэвхжил удааширсан нь худалдаа, тээврийн салбарт сөргөөр нөлөөлөв

Банкны салбарын 2025 оны эхний хагас жилийн тайланг Монголын Банкны холбооноос өнөөдөр /2025.09.04/ танилцууллаа. 

Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй, нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар нэмэгдлээ. Иргэд цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээл түлхүү авчээ. Эдийн засгийн салбаруудын сэргэлтэд банкны олгож буй зээл чухал нөлөөтэй байна. Тухайлбал, бизнесийн зээл тэр дундаа боловсруулах, барилга болон худалдаа, үйлчилгээний салбарт олгосон зээлийн хэмжээ огцом нэмэгджээ. Инфляц аажмаар буурч, иргэдийн төгрөгт итгэх итгэл хэвээр байгаа нь төгрөгийн хадгаламж нэмэгдэхэд нөлөөлжээ. Эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 5.6 хувьтай гарсан.

Удаан хугацааны дараа ХАА-н салбар сэргэж эхэлсэн нь эдийн засгийн өсөлтийн дийлэнх хувийг бүрдүүлж байна. Барилга, боловсруулах салбар өсөлттэй байгаа нь эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлжээ. Уул уурхайн салбар хүлээлтээс доогуур байсан нь тус салбарыг дагасан худалдаа, тээврийн салбарт сөргөөр нөлөөлж эдийн засгийн өсөлтийг хойш нь татлаа. Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний үнийн уналтаас шалтгаалан экспортын хэмжээ буурсан нь төгрөгийн ханшид дарамт үзүүлж байна.

Төгрөгийн бодит ханш суларч байгаа нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байна. Төсвийг боловсруулахдаа гадаад, дотоод эрсдэлд хүчин зүйлсийг сайтар тооцож төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайтар хангаж бодит эдийн засгийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг авч ажиллахгүй бол “Хонх нь дуугарвал дамар таг” гэдэг шиг нөхцөл байдал руу шилждэг тогтолцоотой болох нь.

Эрэлтийн талаас нь харвал хэрэглээ болон хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн нь эдийн засгийн сэргэлтийг дэмжсэн бол экспортын хэмжээ багассан нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлжээ. Эрэлтийн талын инфляцын түвшин буурч байна.

Оюу толгойн олборлолт түүхэн дээд хэмжээнд хүрээд байна. Цаашид гүний уурхайн олборлолт, түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, үүнийг дагаад экспортын хэмжээ нэмэгдвэл эдийн засгийн өсөлт үргэлжлэх хүлээлтийг бий болгож байна. БНХАУ нүүрсний олборлолтондоо хязгаарлалт тавиад байгаа нь манай улсын нүүрсний үнэ нэмэгдэхэд эергээр нөлөөлөх дүр зургийг бий болгож байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.