Тариф болон худалдааны тодорхойгүй байдал эдийн засгийн өсөлтийг сааруулахаар байна
Тариф болон худалдааны тодорхойгүй байдал эдийн засгийн өсөлтийг сааруулахаар байна

Азийн хөгжлийн банк "Азийн хөгжлийн төлөв" тайлангаа танилцууллаа. Хөгжиж буй Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны таван хувиас буурч, энэ онд 4.9 хувиар өсөх төлөвтэй байна гэж Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны шинэ тайланд дурджээ.

Дотоодын эрэлт тогтвортой байгаагийн зэрэгцээ хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжлөөс үүдэн дэлхийн зах зээл дээр хагас дамжуулагчийн эрэлт өндөр байгаа нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж буй хэдий ч тариф болон худалдааны тодорхойгүй байдал өсөлтийг сааруулах нөлөө үзүүлэхээр байна.

Азийн хөгжлийн төлөв (АХТ), 2025 оны 4-р сар” тайланд дурдсанаар бүс нутгийн өсөлт 2026 онд 4.7 хувь хүртэл буурах төлөвтэй байна. Харин хүнс болон эрчим хүчний үнэ дэлхий дахинд буурснаар бүс нутгийн инфляц энэ онд 2.3%, ирэх онд 2.2% хүртэл буурна гэж төсөөлжээ.

Өсөлтийн энэхүү төсөөллийг 4-р сарын 2-нд АНУ-ын засгийн газраас шинэ тариф тогтоож буйгаа зарлахаас өмнө тооцсон тул суурь төсөөлөлд зөвхөн хуучин мөрдөгдөж байсан тарифуудыг тусгасан. Гэсэн хэдий ч АХТ тайланд тариф нэмэгдсэнээр Ази, Номхон далайн бүс нутгийн өсөлт хэрхэн өөрчлөгдөж болох талаарх дүн шинжилгээг мөн багтаажээ. 

adbank_world_2025 

Бүс нутгийн орнуудын эдийн засгийн дархлаа сайн байгаа хэдий ч АНУ-ын худалдаа, эдийн засгийн бодлогод хүлээгдэж байснаас илүү богино хугацаанд томоохон өөрчлөлтүүд орсон нь өсөлтийн төлөвт эрсдэл учруулж байна. АНУ-ын тарифын өсөлттэй зэрэгцэн бодлогын тодорхойгүй байдал нэмэгдэж, бусад улс орнууд тарифаа нэмэх хариу арга хэмжээ авснаар худалдаа, хөрөнгө оруулалт болон өсөлт удааширч болзошгүй юм. 

“Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын үндсэн үзүүлэлтүүд сайн байгаа нь дэлхийн эдийн засгийг хамарсан энэхүү сорилтыг даван туулах суурь болох юм.” гэж АХБ-ны Ерөнхий эдийн засагч Альберт Парк хэлээд, "Тарифын өсөлт, АНУ-ын бодлогын тодорхойгүй байдал, геополитикийн хурцадмал байдал даамжрах нь өсөлтийн төсөөлөлд нөлөөлөх магадлалтай. Азийн орнууд бүс нутгийн өсөлт, тогтвортой байдлыг дэмжиж ирсэн нээлттэй худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогоо тууштай хадгалах нь зүйтэй" хэмээн онцлов. 

Бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжилбэл өсөлтийг мөн сааруулж болзошгүй юм. Өнгөрсөн онд 5%-ийн өсөлттэй байсан БНХАУ-ын эдийн засаг энэ онд 4.7%, 2026 онд 4.3%-иар өснө гэж АХБ тооцсон байна.

Өмнөд Ази болон Зүүн өмнөд Азийн орнуудын дотоодын эрэлтэд суурилсан эрчимтэй өсөлт, мөн бүс нутгийн бусад орнуудын аялал жуулчлалын салбарын сэргэлт нь БНХАУ-ын өсөлтийн удаашралыг тодорхой хэмжээнд нөхнө. Өмнөд Азийн хамгийн том эдийн засаг болох Энэтхэг улсын эдийн засаг энэ онд 6.7%, ирэх онд 6.8%-иар өсөх төлөвтэй байна. Зүүн өмнөд Азийн орнуудын эдийн засаг 2025, 2026 онд тус бүр 4.7%-иар өсөхөөр байна.

Гадаад эрэлт сул байгаа нь Кавказ болон Төв Азийн эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлж, улмаар өнгөрсөн онд 5.7%-тай байсан өсөлт энэ онд 5.4%, ирэх онд 5.0% болж буурах төлөвтэй байна. Харин Номхон далайн орнуудын хувьд аялал жуулчлалын салбар өсөлтийг үргэлжлүүлэн дэмжих хэдий ч энэ онд 3.9%, ирэх онд 3.6% өсөх төлөвтэй байгаа нь өмнөх жилийн 4.2%-тай харьцуулахад буурсан үзүүлэлт болохоор байна. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.