Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах нь...
2024.11.21
119
Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах нь...

Хөрөнгийн зах зээлийн анхдагч бөгөөд хамгийн том чуулган болох Хөрөнгө Оруулагч Үндэстэн Чуулган 2024-ын хүрээнд эдийн засаг, нийгмийн амьдралд хамгийн их тулгамдаж, ярианы сэдэв болж буй агуулгын хүрээнд урьдчилсан хэлэлцүүлэг өрнүүлжээ.

2024 оны 11 сарын 23-ны өдөр зохион байгуулагдах уг Чуулганыг угтан нийт 5 хэлэлцүүлэг хийгдэхээс хоёр дахь нь ийнхүү “Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах нь” сэдвээр Модератор, Тэнгэр ТВ-ийн Гүйцэтгэх Захирал А.Ундрал, оролцогчид болох Санхүүгийн Зохицуулах Хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, Ард Секюритиз Үнэт Цаасны Компанийн Гүйцэтгэх Захирал Х.Билгүүн, Ти Ди Би Секюритиз Үнэт Цаасны Компанийн Дэд Захирал Г.Энхбат нар ярилцсаныг тоймлон хүргэж байна.

Модератор А.Ундрал: Уул уурхайн бүтээгдэхүүнийг нээлттэй борлуулна гэдэг Монголын эдийн засагт томоохон эерэг нөлөө авчирна гэж олон нийтийн дунд их хүлээлт үүсгэхийн зэрэгцээ засаглалын асуудлыг сайжруулахад түлхэц болж чадна гэдгийг гэрчлээд чамгүй хугацаа өнгөрлөө. Энэ зах зээл дээрх нөхцөл байдал, бидний мэдэх ёстой зүйлсийн талаар мэдээлэл өгөөч.

 

Санхүүгийн Зохицуулах Хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал: 2022 онд УИХ-аас уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг анх баталсан. Биржийн тухай хууль батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл нийт 806 удаагийн арилжаа хийгдсэн байна. Уул уурхайн салбар маань өөрөө эдийн засагт онцгой ач холбогдол бүхий салбар. Экспортын 93 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувийг эзэлдэг.

Энэ ч үүднээс СЗХ-ноос уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах тухай хуулийг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих процессод идэвх санаачилгатайгаар оролцож ирсэн байдаг. Өнөөдрийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалснаас хойш ямар давуу талууд бий болов гэдэгт нийгэм нэлээн анхаарал хандуулж байгаа байх.

Энэ талаас хариулахад, үндсэндээ бид уул уурхайн үндсэн бүтээгдэхүүн болох нүүрсийг биржээр арилжаалж эхэлснээс хойш нийт 37.5 сая уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжааллаа. Үүндээ ₮16 их наяд орчим төгрөгийн орлого олсон байна.

Энэ дотроос миний онцолж хэлэх нь: Нүүрсний арилжаанд 8.5 хувийн өсөлт үзүүлсэн бол төмрийн хүдрийн хувьд 5.8 хувийн өсөлт үзүүлсэн байгаа юм. Энэ дүнгээр нь аваад үзэхэд ₮1.3 их наядын өсөлтийг уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалснаар Монгол Улсын ААН-үүд олж чадсан гэдэг эерэг үзүүлэлт гарсан.

Нөгөө талдаа арилжаа илүү ил тод болсноор олон улс дахь Монголын уул уурхайг сонирхогчдын тоо ихэслээ. Үүнийг дагаад уул уурхайн бүтээгдэхүүний нэр хүнд өсөх зэрэг олон эерэг талууд гарч байна гэж харж байна. Цаашид Санхүүгийн Зохицуулах Хорооны зүгээс уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны нэр төрлийг олшруулах, олон улсын жишигт хүргэх, үүсмэл санхүүгийн хэрэгслийг хөгжүүлэх зэрэг олон талын арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж байна.

Модератор А.Ундрал: Шинээр бүрэлдсэн парламентад уул уурхайн биржийн зах зээлийн талаар дуу хоолойгоо хүргэж буй цөөн хэдэн гишүүдийн нэг таны хувьд одоогийн нөхцөл байдлыг хэрхэн амжилттай ахиулах, ямар бодлого баримтлах нь зүйтэй гэж харж байна вэ?

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг: Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжиж эхэлснээс хойш гарсан давуу талуудыг бид мэдэж байгаа. Төсөв хэлэлцэж буй энэ үетэй уяад харсан ч төсөв бүрдүүлж буй гол хэсэг бол уул уурхайн бүтээгдэхүүн. Цаашид зэсийн арилжааг мөн уул уурхайн биржээр дамжуулан идэвхтэй худалдаалах тухай яриа хийгдэж байна. Их хурлын танхимд гишүүдээс гарч буй саналыг харвал, биржийн бусаар арилжаа явагдаж байгааг болиулж бүх нүүрсний арилжааг биржээр явуулах хэрэгтэй байна, биржээр явж буй арилжааны хувьд бодит арилжаатай харьцуулахад илүү их болох боломж байна зэрэг саналуудыг хэлсээр байна.

Нөгөө талаасаа бид үндэсний баялгийн сан гээд ярьдаг, тэндээс ирээдүйн өв сангийн гол бүтэц нь АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны татвар. Энэхүү татварыг бүртгэлжүүлэх, тэнд явагдаж буй хэлцэл, арилжаа, нүүрсний худалдааг албан ёсоор бүртгэлжүүлэх нь бүх арилжаа уул уурхайн биржээр дамжих ёстой гэдэг асуудлыг хөндөхөд хүргэдэг. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн биржийн ажиллагааг эрчимжүүлэх шаардлагыг онцолсон. Энэ тал дээр миний зүгээс тавьсан асуудал нь биржийн үйл ажиллагаа хувийн хэвшлийн оролцоогүйгээр яваад байна. Зах зээл дээр маш олон журмыг баталсан, тусгай зөвшөөрөл олгох олон шалгуур үзүүлэлтийг тавьсан байдаг.

Хувь нийлүүлсэн хөрөнгө, программ хангамж, системчлэл. Энэ талаасаа үнэт цаасны компаниудын хувьд ч хөрөнгө мөнгө зарцуулаад олон ажлуудыг хийгээд бэлэн болчихсон, тусгай зөвшөөрлөө авчихсан байдаг. Гэтэл уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд биржийн гол тоглогч болох брокерын компаниуд маань оролцож чадахгүй байгаа. Бирж гэж байгаа л юм бол брокерын компани заавал байх ёстой. Брокерын компанийн оролцоог цаашдаа яаж хангах вэ, брокерын компани нь арилжааны гэрээний үүрэг хариуцлагыг хүлээнэ гэдэг хүндхэн заалт орсонтой холбоотой юм болов уу гэж хардаг.

Модератор А.Ундрал: Ти Ди Би Секюритизын хувьд биржийн зах дээл дээр ажиллаад практик дээр туршчихсан. Тэгэхээр хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцаач.

Ти Ди Би Секьюритиз Үнэт Цаасны Компанийн Дэд захирал Г.Энхбат: 12 сард хууль батлагдсанаас хойш арваад ҮЦК зөвшөөрлөө авчхаад байна. Бид сая хавраас эхлээд одоогоор ₮100 тэрбумын арилжаа хийсэн. Хийгээд үзэхэд ямар асуудал үүсэв гэхээр, хамгийн түрүүнд төлбөр тооцооны асуудал. Жишээлбэл, Монголбанкны Санхүүгийн Тогтвортой Байдлын зөвлөлөөс Монголын Хөрөнгийн Биржид валютаар төлбөр тооцоо гүйцэтгэх эрхийг нь өгчихдөг. Харин бидэнд бол өгөөгүй.

Гэхдээ энэ нь зөвхөн TиДиБи Секьюритизд өг гэж байгаа юм биш, энэ экосистемд орж ирж буй ААН, брокеруудад өгөх ёстой. Бид зөвхөн төлбөр тооцоо хийхийн тулд бодит ханшийн зөрүүнээс алдагдал хүлээж байна. Дараагийн асуудал гэвэл худалдан авагч нар маань бараагаа бүрэн бүтэн хүлээж авчхаад төлбөр тооцоогоо хийе гэдэг ч манай Монголд эсрэгээрээ 100 хувь бэлэн мөнгөө эхэлж авч байж бараагаа нийлүүлнэ гэдэг.

Гэтэл бид хамгийн хурднаараа 90 хоногийн дараа буюу 3 сарын дараа нийлүүлж чадна. Харин томоохон худалдан авагч нар энэ хугацааны эрсдэлийг даадаггүй, иймээс дундын трэйдерүүд орж ирээд энэ эрсдэлийг аваад явдаг юм байна. Хэрвээ тодорхой түвшинд, тодорхой боломжоор худалдагч талууд маань ирээдүйн төлбөр тооцоогоо аккредитивээр хийх боломжийг худалдан авагч талдаа нээж өгч болдог бол зөвхөн Хятад гэлтгүй дараа дараагийн том худалдан авагч нар орж ирэх нөхцөл бүрдэх болов уу.

Модератор А.Ундрал: Ард Секюритизын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ? Мөн энэ оны 10 сарын 1-нээс эхлэн брокерын компаниудыг арилжаанд оролцуулах байсан журмын хугацаа хойшилсон шүү дээ.

Ард Секюритиз Үнэт Цаасны Компанийн Гүйцэтгэх захирал Х.Билгүүн: Бидний хувьд уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах зөвшөөрлийг авснаасаа хойш хүний нөөцөө мэргэшүүлэх, дотоод програм хангамжаа сайжруулж Монголын хөрөнгийн биржтэй шууд уялддаг болох, худалдан авагч, худалдагч талуудыг арилжаанд ороход бэлтгэх зэрэг арга хэмжээг аваад явж байна. Зуучлагч байгууллагын хувьд төр болон бодлого боловсруулагчдаас гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах тухай санал санаачилгуудыг бүрэн дэмжиж байгаа.

Тус арилжаанд оролцох бэлтгэл хангах явцад худалдан авагч тал буюу Урд хөрштэй 3-4 удаагийн уулзалтуудыг хийж үзлээ. Өнгөрсөн 30 жилийн туршид уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдан авагч, худалдагч тал 2 хоорондоо шууд харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр хэлцэл хийж ирсэн. Ингэх явцдаа ихэнх тохиолдолд урд хөршийн эцсийн үйлдвэрлэгчид шууд Монголоос худалдан авалт хийх бус, олон түвшний дундын зуучлагчдаар, энгийнээр хэлбэл ченжүүдээр дамжуулан худалдан авалт хийж хэвшсэн байна.

Гэтэл өдгөө бид хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах зарчмыг тавьснаараа тус арилжааг илүү системтэй болгож, худалдагч, худалдан авагч талуудын дундын зуучлалыг бууруулж, үнийн өрсөлдөөн үүсч шударга үнэ тогтох зэрэг давуу талууд гарч ирэх юм байна гэж харж байна. Нөгөө талаас өнгөрсөн 30 жилд ҮЦК нар зуучлагч байгууллагын хувьд банктай харьцуулахад харьцангуй сул явж ирсэн ч сүүлийн хэдэн жилийн СЗХ болон төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд хөрөнгийн зах зээлийн хөгжил сайжирч, биржийн бус зах зээл хөгжих зэргээр зах зээл маань сэргэж ирсэн бөгөөд, үүнийг дагаад брокерын компаниуд чадавхжиж, ашигтай ажилладаг болж ирж байна.

Хүний хүч, нөөц бололцооны хувьд ч сайжирлаа. Цаашид энэ хөгжиж буй байдлаа хадгалж, шинээр үүсэж буй энэхүү уул уурхайн биржийн арилжааны зах зээлд ажиллахад төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх, зах зээлийн итгэлийг бий болгох шаардлагатай байна.

Модератор А.Ундрал: Санхүүгийн Зохицуулах Хороо итгэж байна уу, Цэрэнбадрал даргаа. Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны хэвлэлийн бага хурлыг харахаар итгэхгүй байна, шалтаг хэлээд хагас жилээр буюу 4 сар хүртэл хойшлуулчихлаа гэж байсан?

Санхүүгийн Зохицуулах Хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал: Бид энэ асуудлыг бодитой л ярих ёстой л доо. Уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжаалах бирж нь юу хийх юм, брокер нь юу хийх, худалдагч, худалдан авагч нь ямар үүрэг хариуцлагатай оролцох юм зэргээр системтэй ярьж, зөв ойлголт өгөх нь чухал байна. Энэ үүднээс, уул уурхайн биржийн тухай хуульд зааснаар оролцогч 4 субъект байдаг. Арилжаа зохион байгуулж буй бирж, зуучлагч брокер, бүтээгдэхүүнээ арилжаалж буй худалдагч тал, худалдан авагч тал гэх 4 субъектийн дунд энэ харилцаа явагдаж байгаа юм.

Хуульд заасны дагуу арилжаа эрхлэгч байгууллага буюу бирж нь төрийн өмчит этгээд байх ёстой гэж Засгийн газраас заасны дагуу СЗХ-ноос уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжаалах тусгай зөвшөөрлийг Монголын хөрөнгийн биржид өгсөн байдаг. Арилжаа эрхлэх байгууллагын хувьд ийм байна.

Харин зуучлагч брокерын компанийн хувьд СЗХ уул уурхайн биржийн тухай хууль батлагдсанаас хойш холбогдох журмуудаа баталж, брокерын компанид тавих шалгуур үзүүлэлтүүдийг гаргаж ирсний хүрээнд 11 компанид тусгай зөвшөөрөл олгоод байна. СЗХ-ноос гол барьж буй байр суурь нь шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллахад дор бүрдээ бэлтгэлээ сайтар базааж ажиллах нь чухал гэдгийг анхааруулж буй.

Хоёр удаа хойшилсон тухайд бид брокеруудад 2024 оны 3 сарын 30-ныг хүртэл хугацаа өгсөн ч бодит нөхцөл байдал дээр 3 компани зөвшөөрөл авч, бусад нь системийн холболтоо ч хийгээгүй байсан. Үүнтэй холбогдуулан 9 сарын 30-ныг хүртэл хойшлуулсан. Хоёрдахь хойшилсон асуудал нь хөрөнгийн биржийн зүгээс холбогдох яамдаас саналаа авсан. Сангийн яам, Эдийн засгийн яамнаас зах зээлийн нөхцөл байдлаа харгалзахаас гадна брокерын компаниудаа бодитоор туршилт хийлгэж үзэхийг зөвлөсөн.

Хэдийгээр 650 орчим удаа техникийн тестээ хийсэн боловч бодитоор туршилтаа хийсэн ганц л компани байна. Нийт 11 компаниас хэд нь техникийн шаардлагаа хангасан байна гээд үзэхээр тухайн үед 4 байсан бол одоо 7 компани холбогдож, 4 нь бэлтгэл ажлын шатандаа явж байна. Тэгэхээр нэг талдаа бид бодит нөхцөл байдал дээр шууд шилжилт хийж ажиллахад брокерын компаниуд маань бэлэн байсан уу гэдгээ бодох хэрэгтэй юм.

Нөгөө талаас зах зээлийн нөхцөл байдал маань бидний шилжилтийг дэмжиж байгаа эсэхийг тандаж үзээд СЗХ, холбогдох төрийн байгууллагын шийдвэрээр ахин 6 сараар хойшлуулад харъя, энэ хугацаанд үнэт цаасны компаниудаа дэмжье буюу арилжаанд брокерын компаниар дамжуулж оролцвол арилжааны шимтгэлийг бууруулъя гэх ажлыг хийж байна. Худалдан авагч талын хувьд өмнө тоотой хэдхэн хүмүүстэй гэрээ хийгээд өгч авалцчихдаг байсан бол одоо хөрөнгийн бирж дээр бүртгэгдээд гэрээгээ хийчихсэн 397 гадаад, дотоодын ААН-үүд байна.

Энэ дотроос 50-60 хувь нь идэвхтэй оролцож байна гэдгийг хөрөнгийн биржээс мэдээлж буй. Үүнээс гадна уул уурхайн бүтээгдэхүүнээ арилжаалж буй Эрдэнэс таван толгой, Таван толгой, МАК, Андын элч зэрэг 8 компани байна. Зэсийн хувьд Эрдэнэт үйлдвэр зараад эхэлсэн, 2 удаагийн арилжаа хийгдсэн байна. Төмрийн хүдрийн баяжмал, хайлуур жоншны баяжмалууд мөн явж байна. Цаашдаа бид уул уурхайн биржээр арилжаалагдах бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулах, бүтээгдэхүүнүүд уул уурхайн биржээрээ дамжиж буй эсэх дээр аль аль талдаа шаардлагаа тавьж ажиллах нь чухал байна. Энэ яагаад чухал вэ гэхээр бид цаашлаад 2-3 жилийн дараа зах зээлийн зарчмаараа уул уурхайн бүтээгдэхүүнд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслүүд гарч ирнэ гэж харж байгаа. Тэр үед тодорхой бэлтгэлтэй, туршлагатайгаар дараагийн шатандаа ажиллаад явах учиртай гэж СЗХ-ны зүгээс харж, зорьж ажиллаж байна.

60 минут үргэлжилсэн Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах нь хэлэлцүүлгийн Модератороор Тэнгэр ТВ-ийн Гүйцэтгэх захирал А.Ундрал ажиллаж, Санхүүгийн Зохицуулах Хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, Ард Секюритиз Үнэт Цаасны Компанийн Гүйцэтгэх захирал Х.Билгүүн, Ти Ди Би Секюритиз Үнэт Цаасны Компанийн Дэд захирал Г.Энхбат нар оролцсон нь төр, хувийн хэвшил, бодлого боловсруулагчдын зүгээс асуудалд харах өнцгийг нэг дор хуваалцах нөхцөлийг бүрдүүлж чадлаа.

May be an illustration of text

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.