МХБ: Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа 226 хувиар өсжээ
5 Цагийн өмнө
112
МХБ: Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа 226 хувиар өсжээ
Монгол Улсын Засгийн газраас 2025 онд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд хил дээрх нүүрсний овоолгын асуудлыг шийдвэрлэх, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, хилийн боомтуудын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх шийдвэрүүд болон гадаад зах зээл дэх түүхий эдийн үнийн өсөлт зэрэг нь Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэхэд зохих нөлөө үзүүллээ хэмээн "Монголын хөрөнгийн бирж" ХК мэдээллээ. 
 
Тус бирж нь нүүрс экспортлогч компаниуд, төмрийн хүдэр баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийн төлөөлөл, худалдан авагчидтай уулзалт хийж, биржээр бүтээгдэхүүнээ арилжаалах, худалдан авах боломж, давуу талуудыг сурталчлан таниулах арга хэмжээг удаа дараа зохион байгуулсны үр дүнд дараах өсөлтүүдийг үзүүлээд байна гэв.
 
Тодруулбал, Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 2025 онд нийт 937 удаагийн цахим дуудлага арилжаа зохион байгуулж, 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар нийт 23.4 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 5.95 их наяд төгрөгөөр арилжаалсан байна.
 
Үүнээс эхний хагас жилд 5.33 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 1.4 их наяд төгрөгөөр арилжаалж, дуудлага арилжааны үнийн өсөлтөөс худалдагч компаниуд 21.97 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олжээ. 2025 оны хоёрдугаар хагас жилд буюу 2025.07.01-2025.11.24-ний өдрийн хооронд нийт 18.1 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 4.55 их наяд төгрөгөөр арилжаалж, дуудлага арилжааны үнийн өсөлтөөс худалдагч компаниуд 270.1 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон бөгөөд энэ нь 2025 оны эхний хагастай харьцуулахад биржээр арилжаалагдсан бүтээгдэхүүний тоо хэмжээ 239%, үнийн дүн 226%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
 
Эх сурвалж: "Монголын хөрөнгийн бирж" ХК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.