“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны 11 дүгээр сарын 25-ны байдлаар нийт 24 сая 275 мянган тонн нүүрс БНХАУ-ын Ганцмод, Мандал боомтоор экспортлоод байна. Экспортод гаргасан нүүрсний 6.3 сая тонныг нь Биржийн борлуулалт эзэлжээ.
Тус компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас хойш 15 жилийн хугацаанд нийтдээ 178 сая тонн нүүрс олборлож, 37.4 их наядын борлуулалтын орлоготой, 12.8 их наядын цэвэр ашигтай, улс болон орон нутгийн төсөвт 11 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэнээс 70 орчим хувь нь сүүлийн гурван жилд төвлөрүүлсэн байна. Үндсэндээ 2023, 2024, 2025 онд экспортын биет хэмжээ, ашиг орлого эрс нэмэгдсэн гэсэн үг.
“Эрдэнэс Тавантолгой ХК” 2023 онд 28.2 сая тонн нүүрс олборлож, 9.5 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс, орон нутгийн төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар хураамж төлсөн. 2024 онд борлуулалтын орлого 10.3 их наяд төгрөгт хүрч, цэвэр ашиг нь 4.5 их наяд төгрөг, улс орон нутгийн татварт 3.5 их наяд төгрөгийн татвар хураамжийг төлсөн байна.
2025 оны гуравдугаар улирлын балансаар 4.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, 1.2 их наядын цэвэр ашигтай ажиллаж, 1.1 их наяд төгрөгийн татварыг улс, орон нутгийн төсөвт төлөөд байгаа аж.
Эх сурвалж: "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК