Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн байдал илт хүндэрч эхэлжээ. Тус банкны хуримтлагдсан алдагдал 900 тэрбум төгрөгт хүрээд байна. Алдагдал нь их наяд руу ойртож байгаа Хөгжлийн банк дүрмийн сангаа нэмэгдүүлэх бус харин санхүүгийн үзүүлэлт нь улам доройтсоор байна. 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон жилийн нэгтгэсэн санхүүгийн байдлын тайлангаас Хөгжлийн банк болон түүний охин компаниуд хэр хүнд нөхцөлд байгааг харж болохоор байгаа юм.
Эргэн сануулахад, улс орны хөгжлийг хурдасгах, үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банкийг Засгийн газар байгуулж байлаа. Чиг үүрэг нь ийм. Үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа хойш анхны зорилго нь ихээхэн гажуудсан Хөгжлийн банкны тамир тэнхээ өнөө шавхагдаж, эмзэг байдал нь улам л нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, эрсдэл даах чадвар нь муудсан гэсэн үг.