Хамтарсан засаг бизнес эрхлэгчдэд юу амлав...
2024.09.02
170
Хамтарсан засаг бизнес эрхлэгчдэд юу амлав...

Хамтарсан засаг "замын зураг"-аа гаргаж, залгаад энэ оны төсөвт тодотгол оруулж амжлаа. Хийх ажилдаа хүрэлцэх мөнгөө тэд хэдэн өдөр чуулганаар хэлэлцүүлэн байж батлуулж авсан. Одоо засаг бүтээл төрүүлэх, бүтээмжтэй ажиллах цаг үе нь ирсэн. Сандал ширээний хуваарилалт цэгцэрч, улсаа хөгжүүлэх тоолуур гүйсэн. Улс төрөө азнаж, улсын амьдралд санаа тавих дөрвөн жилийн цикл эхэлсэн гэсэн үг.

Наадам найрын сарууд өндөрлөж, намрын их ажил Монгол орныг тосон байна. Өвөлжилтийн бэлтгэл, хадлан тэжээл, ургац хураалт, Улаанбаатарын түмэн асуудал босоод ирлээ. Ийм цаг үед Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөл эрчимжиж, анхдугаар хуралдаан нь боллоо. Энэ хуралд Монголын бизнесийн орчныг тодорхойлох нөлөө бүхий эрхмүүд ирсэн байна. Хамгийн том татвар төлөгчид, хамгийн их ажил олгогчид. Тэд ингэж бөөнөөрөө цуглах, цуглуулах нь ховор л үзэгдэл. Монголын эдийн засгийн чуулганд ч олуулаа нэг дор харагдаж өгдөггүй завгүй хүмүүс. 

Энэ оны наймдугаар сарын 14-ний Засгийн газрын 34 дүгээр тогтоолоор тус Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Эндээс харахад нэр төдий зөвлөл бус нийгэмд хэрэгтэй зөвлөл байх шинжтэй. Эдийн засгийн бодлогын зөвлөл нь зөвхөн амин хувиа бордох бус аж ахуйн нэгж болгоны өмнө тулгарч буй нийтлэг хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, хууль эрх зүйн орчны саад тээг, бартааг арилгах, бизнест төрөөс ирж буй дарамт шахалт, шантааж, шаналгааг арчих, улсаа хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн оролцоог эн тэнцүү хангах, хэрсүү бөгөөд ухаантай хөдлөх нь гэж ойлгосон. Тийм хүлээлт, төсөөлөл дор уулзлаа гэж харсан. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд 2025 оны төсвийн төслийг уулзалтын эхэнд онцолж, бүсчилсэн хөгжил рүү ирэх жилийн төсөв чиглэсэн гэдгийг цохон тэмдэглэсэн байна лээ. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд 36 их наяд төгрөг байсан, 75 их наяд болж тэлсэн байна. Ирэх онд үүнийг 95 их наядад хүргэх замаар нэг хүнд ногдох ДНБ-ийг 7500 ам.доллар болгох боломжтой аж. Энэ үзүүлэлтийг богино хугацаанд 10 мянган ам.долларт хүргэхийн төлөө төр, хувийн хэвшил хичээх, хамтрах шаардлагатайг хамтарсан засгийг зангидах Ерөнхий сайд учирласан байна. Төр дангаар хүсээд ч ДНБ-ийг 10 ам.долларт хүргэх боломжгүй. Харин хувийн хэвшилд түшиглэн байж улсын хөгжил урагшилсан түүх л бий. 
 
2025 оны төсвийн төсөлд дэд бүтцийн томоохон 38 төсөл багтаасан байсан. Энд хувийн хэвшлийн оролцоо хэрхэн хангагдах нь онцгой сонин байна. Сангийн сайд Б.Жавхлан "Олон жил гацсан, улстөржсөн томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхийг зорьсон. Нийслэлийн тулгамдсан асуудлыг зоригтой шийдэх санхүүжилтийн эх үүсвэрийг тусгасан. Олон жил яригдсан иргэдээ орон сууцжуулах асуудлыг Үндэсний баялгийн сантай уялдуулж цогцоор нь шийдэхийг зорьсон. Эрчим хүчний салбарын реформыг эрчимжүүлэхээр тусгасан. 2025 оны төсвийн бодлого бүхэлдээ хөгжлийн том төслүүдийг эхлүүлэх, төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийг дэмжинэ" гэж амласан байна.
 
Сангийн сайдын үгнээс харахад, эдийн засаг дахь төрийн оролцоо их байгааг тэрбээр хүлээн зөвшөөрч, энэ оролцоог хумих, улмаар хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, нөлөөг сангийн бодлогоор дэмжих утга санаа илэрхийлжээ. Энэ нь сайшаалтай. Гэхдээ төсвөөр дамжуулан 38 төслийг санхүүжүүлэхээр болсон нь ирэх жилүүдэд төр хамгийн том эдийн засаг дахь ажил олгогч, бизнесийг мөнгөжүүлэх "сан" байх юм байна гэсэн эсрэг тэсрэг байр суурь нэг дороос "уншигдах" аж. 
 
Хамтарсан засгийн тэргүүн бүсчилсэн хөгжлийг 2025 оны төсвийн төслийн өнгөн дээр тодотгосон нь бизнесийн үйл ажиллагаагаа орон нутаг руу захирлууд тэлэх, зөвхөн Улаанбаатарт эргэлдэх бус хотоос гар, хөдөө яв гэсэн санааг илэрхийлсэн юм байна гэж дүгнэх. Бүс нутгийн хөгжилд хувийн хэвшлийн оролцоо чухал, хөдөөд хүрсэн бизнест татварын урамшуулал, дэмжлэг, хөнгөлттэй зээлийн орон зай их гэдгийг өгүүлжээ гэж "орчуулах"-аар байна. 
 
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.