Нүүрсний экспортын орлого 2025 онд 3 тэрбум ам.доллароор буурах тооцоололтой байна
 Нүүрсний экспортын орлого 2025 онд  3 тэрбум ам.доллароор буурах тооцоололтой байна

2026 оны төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд дараах мэдээллийг онцолж авч үзсэн байна. Нүүрсний үнэ буурснаар урсгал дансны алдагдал тэлж байгааг дурджээ. Тодруулбал, БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын хүндрэл, тарифын гэнэтийн шийдвэрүүдээс шалтгаалан гангийн эрэлт буурсан. Улмаар тус улсын дотоодын нүүрсний уурхайнуудын үйлдвэрлэл эрчимжсэнээр нүүрсний үнэ оны эхний хагаст 40 хувиар уруудсан билээ. Үүний нөлөө үргэлжилж, Монгол Улсын нүүрсний экспортын орлого 2025 онд өмнөх оноос 3 тэрбум ам.доллароор буурах тооцоололтой байгааг Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд өгүүлжээ. 

Алт, зэсийн үнэ олон улсын зах зээлд харьцангуй өндөр байж, зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ нэмэгдэж байгаа нь нүүрсний экспортоос ирж буй сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх ч бүрэн нөхөхөөргүй байна. Импорт энэ онд өмнөх оноос нэмэгдэхээргүй байна. Тухайлбал, нүүрсний экспорттой уялдан өмнөх онуудад огцом нэмэгдээд байсан уул уурхайн тоног төхөөрөмж, том оврын тээврийн хэрэгсэл зэрэг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт энэ онд буурч байна.

2025 онд авч хэрэгжүүлж буй мөнгө, санхүүгийн бодлогыг хатууруулсан, ХАА бус салбарын идэвхжил сул байгаа зэргээс хэрэглээний бүтээгдэхүүний импортын өсөлт саарах тооцоололтой байгааг Монголбанк мэдээллээ. 

 



Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.