Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.09.26)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа мөнгөний бодлогыг парламентаар хэлэлцэж батлах нь оновчтой эсэхэд эргэлзэж байгаагаа хэлж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны зохицуулах үйл ажиллагаа, түүний ач холбогдлыг ижил түвшинд үнэлж, зохих ёсоор дүгнэх шаардлагатайг дурдсан юм. Тэрбээр Монгол Улсын гадаад валютын албан нөөцийн хэмжээ, Монголбанкны өөрийн өр болон бүтцийн өөрчлөлтийн талаар асууж, хариулт авав. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн улс орнуудын бүхий л төв банкууд бие даасан үйл ажиллагаа явуулдгийг онцолж, санхүүгийн салбарын нийт активын 80-90 хувийг банкны актив эзэлж байгаагаас бус СЗХ-ноос илүү гэсэн ойлголт байхгүй гэсэн юм.
Мөн гадаад валютын нөөц одоогийн байдлаар 5.870 сая ам.доллар байгааг мэдээлж, банк, санхүүгийн салбарт эргэлдэж буй нийт валютын хэмжээ 2.0 тэрбум ам.доллар болохыг дурдав. Харин төв банкны өр 1.0 тэрбум ам.доллар байгаа бөгөөд энэ нь БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн өр юм. Тус банкинд хийж байгаа бүтцийн өөрчлөлтийн үр дүнд 70 орчим орон тоог хэмнэгдэж байгааг тэрбээр танилцуулж, цаашид 600 хүнтэй ажиллана гэдгийг онцоллоо.
Ирэх онд стейблкойн, актив удирдлагын компани, бизнесийн тодорхой салбарт чиглэсэн зээлийн бүтээгдэхүүнийг дэмжих зэрэг олон шинэлэг арга хэмжээг мөнгөний бодлогод туссан байгааг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд сайшааж, эдгээрийг хэрэгжүүлснээр ямар үр дүн гарах, санхүүгийн тайлангийн бүртгэлийн олон улсын есдүгээр стандартыг хэрэгжүүлэхэд хэдий хэмжээний зардал нэмэгдэх, ипотекийн зээлийн нийлүүлэлтийг зорилтот бүлэгт чиглүүлэх болон 2025 оны эхний хагаст хийсэн 1.8 тэрбум ам.долларын интервенц, түүний төгрөгийн ханшид нөлөөлсөн нөлөөллийн талаар асууж хариулт авсан юм. Ирэх онд улсын төсөвт томоохон тэлэлт гарахгүй учир банкны салбарт бизнесийн зээлийг түлхүү гаргахаар төлөвлөж байгаагаа Монголбанкны ерөнхийлөгч мэдээлж, энэ оны эхний таван сард тус банк 338 тэрбум төгрөгийн ашигтай ажилласныг танилцуулав.
Оны эцэст энэ ашиг өсөх хүлээлттэй байгааг тэрбээр дурдав. Ипотекийн зээлийн санхүүжилтэд Монголбанк 2013 оноос 2019 он хүртэл нийтдээ 3.5 их наяд төгрөг гаргасан бөгөөд КОВИД19 цар тахлаас хойш нэмж мөнгө гаргаагүй буюу өмнө олгосон зээлийн эргэн төлөлтөөр үргэлжүүлж буй юм. Цаашид “Ипотекийн бөөний банк” байгуулж, тус банкнаас харилцааны банкуудад санхүүжилт олгож ажиллах төлөвлөгөөг боловсруулж байгаа ажээ. Төгрөгийн ханш өнгөрсөн оныхоос 5.0 хувиар суларсан байдалтай байгааг тэрбээр танилцуулж, оны эхний хагаст интервенц хийгээгүй бол бүр унах байсан гэдгийг хэлэв.
Өнгөрсөн онд банкны салбарын нийт зээлийн өсөлт 23.0 хувьтай байсан бол одоогийн байдлаар 26.0 хувьд хүрээд байгааг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцуулаад, ирэх онд өсөлт бага зэрэг саарч 15-16 хувьтай байхаар тооцсоныг хэллээ. Хүүгийн хатуу бодлого, хэрэглээний зээлийн хязгаарлалт зэргээс шалтгаалан нийт зээлийн хэмжээ буурах боловч бизнесийн зээл өснө гэдгийг тэрбээр дурдсан юм. Мөн ногоон зээлийн эх үүсвэр харьцангуй олдоцтой боловч зээлдэгчдийн шаардлага хангагдахгүй байгааг тэрбээр тайлбарлаж, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг санхүүжилт болон мөнгөний бодлогоор дэмжих нь үр дүнтэй байгааг онцолсон юм.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан саналаар явуулах санал хураалтыг Улсын Их Хурлын чуулганы маргааш (2025.10.10)-ийн нэгдсэн хуралдааны эхэнд явуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.