Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн ажлаа хүлээлгэн өглөө
Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн ажлаа хүлээлгэн өглөө

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн өөрийн хүсэлтээр ажлаа өгч, албан тушаалаасаа чөлөөлөгджээ. Түүний оронд тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Хаш-Эрдэнийг томилсон байна.

Б.Дөлгөөний хувьд Хөрөнгийн биржийн удирдлагаар нийт 8 сар гаруй хугацаанд ажилласан. Тэрбээр "Монголын Хөрөнгийн Биржийн ажлаа хүлээлгэн өгч, чөлөөлөгдлөө. Нийт 8 гаруй сар ажиллахдаа олон ажлын ард гарчээ гэж дүгнэлээ. Уул уурхайн биржийг сэргээхэд гардан гүйцэтгэж, босголцлоо. Өнөөдөр биржээр ний 17 сая тонн арилжсанаас 12.6 сая тонн нүүрс, 3.2сая тонн төмрийн хүдэр арилжаалжээ. Намайг ажил авахад нүүрсний үнэ 40 гаруй хувиар унаад арилжаа хийгдэхгүй, 2024 онд хамгийн идэвхтэй оролцож байсан айлууд бараг бүгдээрээ өмнөх гэрээтэйгээ гацсан байдалтай байсан. Эдгээр гэрээний гацааг гаргахад ЭТТ-н удирдлагатай хамт ханцуй шамлан ажиллаж, ямартай ч үр дүнг харууллаа. Олон улсын жишигт хүрэх 4 үе шат бүхий төлөвлөгөө боловсруулж, эхний хоёр шатыг дуусгалаа. Эрсдэлийг бууруулахын тулд худалдан авагчидтай удаа дараагийн уулзалт хийж, уул уурхайн биржийн 7 журам шинэчилж, 1 журам шинээр гаргаж байж индексжүүлж, эрсдэлийг бууруулж чадлаа. Анх удаа Монголын нүүрс Хятад улсын Цаофейдиан боомтоор хүргэх нөхцөлтэй зарж, зөвхөн нэг аймгаас хараат биш шүү гэдгийг харуулахад ЭТТ-н удирдлагатай хамтдаа ажиллалаа. Эхний 3 улирлаар МХБ-н орлогын төлөвлөгөөг 97%-д хүргэж чадлаа. Уул уурхайн худалдагч нартай албан, албан бус уулзалт хийж, хувийн болоод төрийн компаниудтай бүрэн ойлголцож чадсаны үр дүнд бизнес төлөвлөгөөнд хүрэхгүй нь гэж байсныг эргүүлж, ажиллавал хүрч болдог гэдгийг бодитоор харууллаа. Хөрөнгийн зах зээлээ сэргээхэд шамдан ажиллалаа. Зах зээл дээрх шимтгэл хураамжийг бууруулж, зах зээлийн эргэлтийг сайжруулж, МХБ-н өрсөлдөх чадварыг нэмэгдүүллээ. Бонд гаргаж байгаа компаниас авдаг шимтгэлийг 90 хувь, ХБҮЦ гаргагчийн шимтгэлийг 50 хувь гэх зэргээр бууруулаа. Хувьцааны авах зарах дээр ч бууруулах судалгаануудыг эхлүүлж, арилжаа эрхлэгчидтэйгээ хамт зах зээлээ хөгжүүлэхэд хамтдаа зүтгэлээ. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс МХБ дээр бүртгэлтэй хэр нь шаардлагаа хангахгүй байгаа компаниудыг цэцлэх ажлыг үе шаттай эхлүүлж, олон улсын байгууллагуудтай хамтрах ажлыг эхлүүллээ. МХБ бүртгэл болон бүртгэлээс хасах бүрд хөрөнгө оруулагчийнхаа эрхийг хэрхэн хамгаалах судалгааны ажлыг гүйцэтгэж, салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж зөвлөлдөж явлаа. Энэ ажил цаашаа үргэлжлэх ёстой. Олон нийтэд зориулж танхимаар хийдэг сургалтыг 100% цахим болгож, Монгол улсын өнцөг булан бүрээс СУРГАЛТ авах боломжийг бүх хүнд нээж өглөө. Энэ бол “Хүн бүр хөрөнгө оруулагч” гэж эхлүүлсэн аяны маань гол ажлуудын нэг боллоо" хэмээн цахим хуудсандаа бичжээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.