Цэвэр түлш устөрөгчийн эрин үе эрчимжлээ
2024.08.29
362
Цэвэр түлш устөрөгчийн эрин үе эрчимжлээ
2050 он гэхэд нийт устөрөгчийн үйлдвэрлэлийн 70 хувь нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэх хүлээлт бий болоод байгаа бөгөөд дэлхийн улс орнуудад нийт 240 тэрбум орчим ам.долларын санхүүжилт бүхий 530 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна.

Дэлхий нийтийн анхаарлын төвд устөрөгч гүн бат байр сууриа эзэллээ. Устөрөгчийн хөгжил улс орнуудын аж үйлдвэрийн дараагийн шатны хөгжлийг тодорхойлж, цэвэр түлшний "эзэн" байх сонирхол улам нэмэгдэж байна. Цэвэр эрчим хүчний шилжилт устөрөгчийг нэвтрүүлэх үйл явцыг улам хурдлуулах шинжтэй. Хөгжингүй орнууд устөрөгч үйлдвэрлэх төслүүдэд хөрөнгө оруулалт олгох, хамтрах, түншлэх эрмэлзэл ч цар хүрээгээ тэлсээр.

Дэлхий дээр өнөөгийн байдлаар жил бүр 120 сая тонн устөрөгч үйлдвэрлэгддэг бөгөөд нийт үйлдвэрлэлийн 95 хувийг саарал устөрөгч буюу байгалийн хий болон нүүрснээс гаргаж авч байна. Устөрөгч нь их хэмжээний эрчим хүчийг ялгаруулдаг онцлогтой элемент. Тиймээс экспортын орлогыг төрөлжүүлэх хэрэгсэл төдийгүй эдийн засгийг ирээдүйд тэтгэх хэмжээний орлогын том эх үүсвэр байх бүрэн боломжтой юм. 

Устөрөгчийг эх үүсвэр, гаргаж авч буй технологиос шалтгаалж ногоон, хүрэн, саарал, цэнхэр, ягаан, цагаан зэрэг ялгаатай байдлаар нэрлэж байна. Одоогийн байдлаар устөрөгчийн 96 хувийг нүүрстөрөгчийн өөр агууламжтай шатах түлшний төрлүүдээс гарган авч буй. Устөрөгчийн хийг шингэрүүлж усан болон авто замаар, хий байдлаар нь хоолойгоор дамжуулан тээвэрлэх боломжтой. Устөрөгч нь зам тээвэр, эрчим хүч, аж ахуйн хэрэглээ, газар тариаланд бордоо, химийн үйлдвэрлэлийн гол түүхий эдийн хэрэглээ болдог.

Дэлхий нийтээр 2050 он гэхэд хүлэмжийн хийг 0 түвшинд хүргэх зорилт тавьсан. Хүлэмжийн хийг бууруулахад ногоон устөрөгчийн хэрэглээ, ач холбогдол өндөр хэмээн улс орнууд үзэж, анхаарал хандуулж судалж, туршиж, хөгжүүлж байна. Устөрөгчийн технологи хөгжихийн хэрээр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зардал буурч, өрсөлдөх чадвар нь ч нэмэгдэх төлөвтэй байна.

Энэ талбарт хэн хамгийн том хэрэглэгч болох вэ. Нийт устөрөгчийн хэрэглээний 75 хувийг нь БНХАУ, БНЭУ, Япон, Европ тив болон Хойд Америк тивийн улсуудад ногдож, үүнээс БНХАУ хамгийн том хэрэглэгч болохоор байна. Япон болон Барууны орнууд дотооддоо үйлдвэрлэх бус харин хямд үнэ бүхий устөрөгчийг импортоор авах сонирхол асар өндөр байна. Дэлхийн устөрөгчийн эрэлт хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2030 он гэхэд 150 сая тонн устөрөгчийн хэрэгцээ үүснэ гэж Олон улсын эрчим хүчний агентлаг үзжээ. 

2050 он гэхэд нийт устөрөгчийн үйлдвэрлэлийн  70 хувь нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэх хүлээлт бий болоод байгаа бөгөөд дэлхийн улс орнуудад нийт 240 тэрбум орчим ам.долларын санхүүжилт бүхий 530 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Тиймээс улс орнууд устөрөгчийн ирээдүйн чиг хандлага, бодлогыг өөрийн улс орны онцлогт тохирсон байдлаар дунд болон урт хугацааны стратеги, замын зургаа тодорхойлж эхэлсэн. Манай улс ялгаагүй устөрөгчийн талаар баримтлах бодлого, стратегиа олон улсад зарлах цаг болоод байна. 

Одоогоор 31 улс устөрөгчийг хөгжүүлэх бодлогын баримт бичгийг баталсан бол 18 улс боловсруулж байна. Австрали улс гэхэд 2019 онд устөрөгчийн стратегиа танилцуулсан бол Япон 2017 онд мөн л стратегиа зарласан орнуудын нэг. Японы хувьд 2030 он гэхэд 3 сая тонн устөрөгчийн хэрэгцээ үүснэ хэмээн урьдчилан таамаглаж байна. Тус улсын хувьд манай улсад үйлдвэрлэсэн устөрөгчийг худалдан авах хамгийн боломжит түнш. 

Манай улсын хувьд устөрөгчийн үйлдвэрлэл, хэрэглээг нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчин, тээвэрлэлтийн нөхцөл, дотоодын зах зээлийн хэрэглээ, экспортын боломж, татварын бодлого гээд оновчтой тодорхойлох хэрэгцээ, шаардлага цаашид үүсэх нь дамжиггүй. Гэхдээ энэ орон зайд нэвтрэх гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжийг үргээх бус харин дэмжих, урамшуулах зөөлөн дэд бүтэц хамгаас чухал. Устөрөгч манай дэлхийн ирээдүйн гол түлш улам бүр болж байна. 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.