Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтуудад автомат удирдлагатай тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, 24 цагийн ашиглалттай болгоно
Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Учрал ӨМӨЗО-ны намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын их хурлын байнгын хорооны дарга Сүн Шаочөн-тэй уулзав. Энэ долоо хоногт Хөххотод Монгол-Хятадын экспо зохион байгуулагдаж, ажил хэрэгч, бизнес уулзалтууд үргэлжилж, талууд хоёр орны эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх хэд хэдэн асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ойрын үед шийдэж болох асуудлуудыг Тэргүүн шадар сайд онцоллоо. Хилийн боомтуудыг үе шаттай холбох, нүүрс тээврийн автомашины ”С” зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэх боломжийг судлах, Гашуун сухайт, Шивээ хүрэн зэрэг боомтуудад автомат удирдлагатай тээврийн хэрэгслийг нэвтрүүлж 24 цагийн ашиглалттай болгох, худалдааг хөнгөвчлөх болон зохицуулалтын арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүслээ.
Монгол Улсын экспортын бүтээгдэхүүнд жин дардаг нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд зах зээлийн үнийн өөрчлөлтийг мөрдсөн тогтвортой, урт хугацааны гэрээний хэрэгжилтийг сахихыг чухалчилж байгааг Сүн Шаочөн дарга онцоллоо.
Тэргүүн шадар сайдын зүгээс тавьсан саналыг ойрын үед анхаарал хандуулж хариу өгөхөө мөн илэрхийлэв. ӨМӨЗО нь сэргээгдэх эрчим хүчний салбарт БНХАУ-даа тэргүүлж байгаа бөгөөд эрчим хүчний салбар хоёр талын харилцаанд шинэ хуудас нээх боломжтой талаар санал солилцлоо.