Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан "Уурхайчдын наадам" анх удаагаа Sky Resort цанын баазад өргөн дэлгэр боллоо. Баяр наадмын арга хэмжээг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон тэргүүтэй хүндтэй зочид нээлээ.
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан нээж үг хэлэхдээ, 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан эвслийн Засгийн газар олборлолт, ашиглалт, боловсруулалт дээр онцгой анхаарч Аж үйлдвэр, Эрдэс баялгийн салбарыг аж үйлдвэржилт буюу эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлэн ажиллах зорилтыг тавьж буй талаар тэмдэглэв. Тиймд геологийн хайгуул, судалгааны ажлыг нэн тэргүүнд чухалчлан ажиллах, салбарын хууль тогтоомжийн тогтвортой байдлыг хангаж гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх, хувийн хэвшлүүд, үйлдвэрлэл эрхлэж буй аж ахуй нэгжүүдээ Засгийн газраас тогтвортой бодлогоор дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, Уул уурхайн салбар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацын үйл ажиллагаа улам бүр өргөжин тэлж байгааг онцлон дэлхийн томоохон уул уурхайн олборлогч улсуудтай хамтын ажиллагаагаа тэлж, олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэлийг бий болгохоор зорьж байгаад талархалтай байна гэв. Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайдаар шинээр томилогдон ажиллаж буй Ц.Тувааныг цаашид энэ салбарыг олон улсын стандартад нийцүүлэн, шинэ түвшинд гарган ажиллахыг хүсэв.
"Эрдэнэт" ТӨҮГ-ын захирал Г.Ёндон, Уул уурхайн салбарт ажиллаж буй нийт алба хаагчдад ажлын амжилт хүсэж, Уул уурхайн үндэсний ассоциаци үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэхийг ерөөв.
Уурхайчдын наадамд зориулсан Хүчит бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой 24 бөх барилдсанаас Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн ажилтан, аймгийн хурц арслан С.Очирбат түрүүлж, Хэнтийн Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн ажилтан, аймгийн арслан Д.Аззаяа үзүүрлэв. Түүнчлэн “Платинум Ланд” компанийн ажилтан, сумын заан Г.Төгсжаргал шөвгөрч, Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн ажилтан, сумын заан Г.Шагай “Уран барилдаант бөх”-өөр тодорлоо.
Үндэсний сурын харваанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт ордны дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, үндэсний сурын Дархан мэргэн Ш.Даваахүү, тус үйлдвэрийн ДЦС-ийн ажилтан, Аймгийн мэргэн, спортын мастер Б.Баасанжаргал нар түрүүлж, хос алтан медаль энгэртээ зүүлээ.
Шагайн харваа төрөлд уул уурхайн 8 компанийн 18 тамирчин өрсөлдөж, “Багануур” ХК-ийн ажилтан, Монгол Улсын Гарамгай мэргэн харваач Э.Баттулга 20 сум тавьснаас 20 онож түрүүлсэн бол тус компанийн харваач, Монгол Улсын Үлэмж Дархан мэргэн Б.Алтансүх 18 онож, удаах байранд шалгарав. Тэргүүн байрын тамирчдад медаль гардуулахын зэрэгцээ ивээн тэтгэгч байгууллагуудын гарын бэлэг, дурсгалын зүйлийг гардуулж, баяр хүргэв.
Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын шагнал “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн тэсэлгээний инженер Б.Ёндон, Ахлах геологич Л.Дагва-Очир, Степ Голд компанийн Хангамжийн хэлтсийн дарга Ч.Дүүрэнжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын СААЖЦ-ын Нийтийн хоолны рестораны эрхлэгч Д. Довдонлханаа, ЗМЗ-ын гүүрэн кранчин Г.Аззаяа, Авто тээврийн цехийн хэсгийн дарга Д.Алтанбаяр, Платинум Ланд ХХК-ийн маркшейдэр О.Гончигдорж, Ачит-Ихт компанийн жолооч Д.Мөнхзориг, хүний нөөцийн менежер Ц.Халиунаа нарын ажилтныг шагнаж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, УУҮА-ийн удирдлагууд гардууллаа.
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн 30 жилийн ойн хүрээнд гишүүн байгууллагууд болон хамтран ажиллагч түнш байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага солилцох зорилготой “Уурхайчдын наадам”-ын тэргүүн байрыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олны баг эзэллээ. Багийн идэвх оролцоо, медалийн чанар зэрэг үзүүлэлтээрээ тэргүүлж, наадмын шилжин явах цомын эзэн болж буйг шүүгчдийн зүгээс тодотгож, Ерөнхий захирал Г.Ёндон болон наадамд оролцсон багийн гишүүдэд хүндэтгэлтэйгээр гардуулав.
Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци нь 1994 онд үүсгэн байгуулагдсан. Эрдэс баялгийн салбар нь өнөө ДНБ-ий 25 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь, аж үйлдвэрлэлийн гарцын 70 хувь, нэгдсэн төсвийн татварын орлогын 30 орчим хувь, нийт экспортын 90 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байна.