Ерөнхий сайдын яриад байгаа Цагаан суваргыг онцлох нь
Ерөнхий сайдын яриад байгаа Цагаан суваргыг онцлох нь

Үндэсний баялгийн сангийн хууль УИХ-аар батлагдсан энэ цаг үед стратегийн ордууд олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Стратегийн ордуудын нэг нь Цагаансуварга. Зэс, молибденийн Цагаансуваргын орд нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрладаг. Тус ордыг түшиглэн Монголын Алт /МАК/ компани уулын баяжуулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж байгаа. 

Цагаансуварга ордын нөөц Эрдэнэтээс 7 дахин, Оюутолгойгоос 30 дахин бага. Хэдий тийм боловч "Цагаан суварга" уулын баяжуулах үйлдвэрийн /ил уурхай/ төсөл хэрэгжснээр 340 мянган  тонн зэсийн баяжмал, 7000 тонн молибденийн баяжмал үйлдвэрлэхээр байна.

Стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах төслийн үр дүнд 1300-1500 ажлын байр, шууд бусаар 5-7 мянга орчим ажлын байр бий болох төлөвтэй. Ордын техник, эдийн засгийн нарийвчилсан үнэлгээг 2013 оны дөрөвдүгээр сард баталж байсан. 

438209188_1479252902989088_2572025265640373382_n 

МАК 2001-2008 онд 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хайгуулын нарийвчилсан ажлыг гүйцэтгэж, улмаар 2008 онд Австралийн JORC стандартаар нөөцөө баталгаажуулсан. Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2009 онд энэхүү хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэж, Монгол Улсын ашигт малтмалын нөөцөд бүртгэн авсан түүхтэй. 

Цагаансуварга төслийн экспортын жилийн борлуулалт урьдчилсан байдлаар 770 сая ам.доллар, үйлдвэрлэлийн шатанд улс болон орон нутгийн төсөвт жилд  төвлөрөх орлого /татвар, хураамж байдлаар/ 150 орчим сая ам.доллараар хэмжигдэж байна.

Ордын ашиглалтын хугацааг /урьдчилсан байдлаар/ 18 жилээр тооцсон байдаг. Энэ хугацаанд Цагаансуварга төсөл нийт 4 орчим тэрбум ам.долларыг татвар болон бусад хэлбэрээр улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх тооцоо бий. 

Төслийн бүтээн байгуулалт 2025 оны 12 дугаар сард бүрэн дуусах, улмаар үйлдвэрлэлээ эхлүүлэхээр  төлөвлөөд буй. Дэлхийн нийт зэсийн 50 гаруй хувийг дангаар хэрэглэдэг БНХАУ-ыг борлуулалтын үндсэн зах зээл хэмээн томьёолж, Ханги-Мандалын боомтоор зэсийн баяжмалаа өмнөд хөршид экспортлох аж.

Хөндлөн төмөр зам Цагаансуваргаас 30 хүрэхгүй км зайд бий. Үүнийг ашиглан Зүүнбаян, Сайншандаар дамжуулан Замын-Үүд рүү гаргах, эсвэл Оюутолгойгоор дамжуулан Гашуунсухайтын боомтоор экспортлох боломжтой. 

Цагаансуварга бол тэрбум ам.доллар давсан хөрөнгө оруулалт бүхий мега төсөл.  Одоогийн байдлаар төслийн бүтээн байгуулалт 50 гаруй хувьтай. Төслийн талбай дээр цутгалт, барилга угсралт, тоног төхөөрөмжийн тээвэрлэлт зэрэг бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

Монголын алт /МАК/ компанийн хувьд өөрийн үйл ажиллагааны бүхий л орлогоос Цагаансуваргад хөрөнгө оруулж, төслийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар зорьж буй. Төсөлд техник технологийн давуу талыг түлхүү ашиглах, түүнийг нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулж байгаа аж. Төр ямар нэгэн хөрөнгө оруулалт хийхгүйгээр "Цагаансуварга" төслийн үр ашгийн 57-60 орчим хувийг албан татвар, төлбөр, хураамж хэлбэрээр хүртэх боломжтой юм байна. 

Цагаансуваргын зэс, молибденийн орд өдгөө бүтээн байгуулалтаас үйлдвэрлэлийн шатанд шилжихэд тун дөхөөд байна. Нөөц нь тогтоогдоод буй зэсийн гурав дахь орд ийнхүү хөдлөх цаг ойртжээ. 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.