“Шинэ эрчим хүч ба цацраг идэвхт ашигт малтмал” сэдэвт хэлэлцүүлгийн тойм
Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “MiningWeek & MinePro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтын 5-р хуралдаан болох “Шинэ эрчим хүч ба цацраг идэвхт ашигт малтмал” сэдэвт хэлэлцүүлэг амжилттай болж өнгөрлөө. Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ШУ-ы доктор, геологич, ЦЭК-ын Ажлын албаны Тамгын газрын дарга Б.Баатарцогт ажиллаж, мөн 5 сэдвээр зочин илтгэгчид танилцуулга хийж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яам, Цөмийн энергийн комисс, Мон-Атом ХХК, МУИС, Бадрах Энержи ХХК-ийн төлөөлөгчдөөс бүрдсэн панель хэлэлцүүлэг явагдав.
Нээлтийн илтгэлийг ЦЭК-ын НБД Г.Манлайжав “Цацраг идэвхт ашигт малтмал ба Шинэ эрчим хүчний эх үүсвэр” сэдвээр хэлэлцүүлж, дэлхийд өнөөдөр цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн эрчим хүчний талаарх нөхцөл байдал ба Монгол Улсад эдгээр сэдвийн хүрээнд төрөөс барьж буй бодлого, хууль эрх зүйн орчны талаар танилцуулав. Тэрбээр өсөн нэмэгдэж буй ураны зах зээлийн хэрэгцээнд Монгол Улсын эзэлж болох байр суурь, АЦС-ыг ашиглах судалгааг хийхэд ОУАЭА-ийн 19 зөвлөмжийг мөрдлөг болгох, эрх зүйн орчныг сайжруулахад шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй хүмүүс ба олон нийтийн мэдээллийн зөрүүг арилгах нь чухал талаар онцлон тэмдэглэв. Мөн ураны уурхайн бусад уул уурхайн процессоос ялгарах хамгийн том онцлог нь цацрагийн аюулгүй байдлын асуудал юм гэв.
“Бадрах Энержи” компанийн Гүйцэтгэх захирал Корали Прин цөмийн эрчим хүч үйлдвэрлэл болон ураны эрэлт өсөн нэмэгдэж байгаа үед Зөөвч-Овоо төсөл бүтээн байгуулалтаа эхлүүлж байгааг онцлов. Тэрбээр дэлхий дахинаа сүүлийн хоёр жилийн хугацаанд ураны үнэ хоёр дахин өссөн тухай тоон мэдээг тодотгоод, Монгол Улс ураны нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татахаас гадна ирээдүйн эрчим хүчний хэрэгцээгээ үр ашиг өндөртэй, цэвэр эрчим хүчээр хангах боломжтойг үгүйсгэх аргагүй юм гэв.
Мөн энэ жилийн “MiningWeek & MinePro 2025” арга хэмжээ “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт & Хариуцлагатай уул уурхай” сэдвийн дор явагдаж байгаад зориулан Зөөвч-Овоо төсөлд Орано группийн 70 гаруй жилийн уран олборлолтын туршлага, тэр дундаа ХАБ болон байгаль орчны ижил норм стандарт ашигладаг талаар танилцууллаа. Цаашлаад Орано групп нь ураны хайгуулаас, төсөл хөгжүүлэлт, олборлолт, нөхөн сэргээлт гээд бүх үе шатыг хамран ажилладгаараа давуу талтайг дурдав.
“Ногоон эрчим хүчний шилжилт” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн Эрчим хүчний яамны Стратеги, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Энхтүвшин Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, ирэх арван жилд өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэглээний талаар танилцуулж, сэргээгдэх эрчим хүч болон уян хатан эх үүсвэрийн ач холбогдлыг онцоллоо. Мөн 2040 он хүртэлх эрчим хүчний өсөн нэмэгдэх хэрэгцээнд үйлдвэрлэлийн процессын эрчим хүчийг цөмийн эрчим хүчээр хангах тухай судалгааг хийхээр төлөвлөсөн талаар илтгэв.
”Монгол орны цацраг идэвхт ашигт малтмалын бусад төслүүд” сэдвээр танилцуулга хийсэн "Мон-Атом" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Далайжаргал илтгэлдээ “Одоогоор Монгол Улсын батлагдсан нөөц 200,000 тонн. Цаашид хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийвэл Монгол Улс ураны нөөцөөр Казахстан, Үзбекистан улсуудтай өрсөлдөх боломжтой” гэв. Мөн уран гэх уул уурхайн бүтээгдэхүүнийг зэс, нүүрс зэрэг бусад уул уурхайн бүтээгдэхүүн шиг хилээр давуулах тийм ч амар биш бүх зүйл маш нарийн бүртгэлтэй, тоо хэмжээтэй явдаг болохыг ойлгохыг хүслээ.
МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн захирал Б.Мөнхбат “Хүрээлэн буй орчны цацраг идэвхийн тухай” сэдвээр илтгэж, мэргэжлийн шарлагын тун, хоол хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах цацрагийн агууламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, олон нийтийн дунд яригдаж буй цацрагийн агууламжийн тухай мэдээллийг хүлээн авахдаа нэгжээр нь ялгаж ойлгохын чухлыг тайлбарлалаа. Мөн Монгол Улсад химийн элементийн найрлага тодорхойлох болон бусад цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглахтай холбоотой бүх төрлийн байгаль орчны шинжилгээг Цөмийн физикийн судалгааны төв хийх чадамжтайг онцлон танилцуулав.
Хурлын чиглүүлэгч Б.Баатарцогт тус хуралдааны нээлт болгож ирсэн зочдод Монгол оронд анх уул уурхайн хайгуул эхэлсэн түүхэн хэлхээ, үе үеийн шийдвэрүүдийг танилцуулан улмаар Ураны нөөц тогтоох хайгуулыг урт хугацаанд тасралтгүй хийж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж буй оролцогч талуудын хичээл зүтгэлийг сайшааж, нийт панелистүүд, хүрэлцэн ирсэн оролцогчдод талархал илэрхийлэв.
Эх сурвалж: Цөмийн энергийн комисс