Сая тонн нүүрс баяжуулсан сайн мэдээтэй шинэ 7 хоног
10 Цагийн өмнө
49
Сая тонн нүүрс баяжуулсан сайн мэдээтэй шинэ 7 хоног
-Баяжуулах үйлдвэр цаашид "Эрдэнэс Тавантолгой"-н бяр тэнхээг улам нэмэхээр байна-

Сая тонн нүүрс баяжуулсан сайн мэдээгээр энэ 7 хоногийг "Эрдэнэс Тавантолгой"-чууд эхлүүлсэн. Тус компанийн 1072 хувьцааг эзэмших Монгол Улсын иргэн бүрт энэ мэдээ хамаатай. Хувьцааг нь эзэмших компани нүүрсээ түүхийгээр нь экспортлох бус баяжуулж, зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж, зарагддаггүй нүүрсийг хольж баяжуулаад зарж борлуулах боломжтой болсноор 1072 хувьцааны үнэ цэн өсөх юм. 

Монгол Улс уул уурхайн бодлогоо олборлолтоос боловсруулалт руу чиглүүлж, нэмүү өртөг шингэсэн экспорт хийхээр зорьж буй. Ингэснээр салбарын үр өгөөж нэмэгдэж, ахиу орлого төсөвт төвлөрөх юм. Байгалийн баялгийн ашиглалт сайжирч, дагалдах үйлдвэрлэл хөгжинө. Нэгж бүтээгдэхүүний тээвэрлэх зардал буурч, баяжуулах, боловсруулах үйлдвэр ажилтай, орлоготой болно. Үүнийг дагаж ажлын байр шинээр бий болж, иргэдийн ахуй амьжиргаа сайжирна. Ордыг иж бүрэн ашиглах нөхцөл бүрдэнэ. Энэ агуулга дор “Эрдэнэс Тавантолгой” ХК баяжуулах үйлдвэртэй болсон. 

Баяжуулах үйлдвэр бол Тавантолгойн ордын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, уурхайн насжилтыг уртасгах, компанийн тогтвортой өсөлт, хөгжлийн баталгаа юм. Баяжуулж, боловсруулахгүй бол баялаг үнэгүйдэж хаягдах, үнэ цэн алдах, үр өгөөж нь буурах сөрөг үр дагавартай билээ. Өнөөдөр зөвхөн олборлох бус баяжуулах, боловсруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Ирээдүйд үүсэх эрсдэл, хүндрэлийг хаах баяжуулах үйлдвэрээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК ашиглалтад оруулж, үйлдвэрийн туршилт, тохируулгын хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сараас 2025 оны есдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар нийт 1.0 сая тонн түүхий нүүрс хүлээн авч баяжуулжээ.

Сая тонн нүүрс баяжуулсан сайн мэдээгээр энэ 7 хоногийг "Эрдэнэс Тавантолгой"-чууд эхлүүлсэн. Тус компанийн 1072 хувьцааг эзэмших Монгол Улсын иргэн бүрт энэ мэдээ хамаатай. Хувьцааг нь эзэмших компани нүүрсээ түүхийгээр нь экспортлох бус баяжуулж, зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж, зарагддаггүй нүүрсийг хольж баяжуулаад зарж борлуулах боломжтой болсноор 1072 хувьцааны үнэ цэн өсөх юм. Баяжуулсан нүүрсээ компани биржээр арилжаалж, уул уурхайн бирж дээр "Эрдэнэс Тавантолгой" шинэ бүтээгдэхүүнтэй боллоо. 

Тус компанийн экспортын 70 шахам хувийг хатуу коксжих нүүрс эзэлдэг. Тэгвэл цаашид үүгээр зогсохгүй экспортоо төрөлжүүлэх, бүхий л төрлийн нүүрсийг нийлүүлэх, экспортлох бодлого баримтлан ажиллахад төвөггүй боллоо. Эрчим хүчний нүүрсээ эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулах, экспортод эзлэх хувь хэмжээг нь нэмэгдүүлэхэд "Эрдэнэс Тавантолгой" ХК анхаарч эхэлж байна. Энэ бол компанийн алсаа бодсон стратеги. Зөвхөн хатуу коксжих нүүрсэнд өнөө түшиглэх бус урт хугацааны тогтвортой байдлаа харгалзан авч үзсэн хэрэг. 

Сая тонн нүүрс баяжуулсан баяжуулах үйлдвэр олон жил яригдсан. Олон удаа гацаатай тулгарч байсан. Улс төр, зах зээл, цаг хугацааны эрсдэл, сорилт дундуур туучсан төслийн эхний модуль 2024 онд ашиглалтад орж, эндээс "Эрдэнэс Тавантолгой"-н шинэ түүх эхэлсэн юм. Тавантолгой орд нь нүүрсний үндсэн 12 давхарга, 34 дэд давхаргаас бүрдсэн нийлмэл тогтоцтой орд. Үүгээрээ ихээхэн онцлог бөгөөд олборлосон бүх бүтээгдэхүүн экспортын чанарт нийцэх, нийцэхгүй гэсэн асуудал байнга үүсдэг, тулгардаг байсан нь засагдаж байна. Одоо зах зээл, хэрэглэгчийн тавьсан шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн хүргэхэд баяжуулах үйлдвэртэй болсны ач холбогдол улам бүр гарч эхлэх юм. 

Өнгөрсөн хугацаанд баяжуулах үйлдвэргүйгээс шалтгаалан ордын хамгийн доод хэсэгт орших 0 давхаргын нүүрсийг олборлож, дотоод овоолго үүсгэх боломжийг бүрдүүлж чадаагүй. Харин өнөө баяжуулах үйлдвэртэй болсноор тухайн давхаргыг нүүрсийг олборлож, баяжуулах замаар чанарыг дундажлан экспортлох боломжтой болсон. Тэрчлэн хөрс тээвэрлэлтийн зардал буурах, баяжуулсан нүүрсний гарц цаашид нэмэгдэх хүлээлттэй байна. Баяжуулах үйлдвэр бол 1072 хувьцааг амилуулах, компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэхэд бодитой түлхэц болох юм.

Нүүрсээ баяжуулснаар Монголын хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компанийн экспорт, борлуулалтын орлого, ашиг нэмэгдэх, эдийн засагт, тэр тусмаа улсын төсөвт үзүүлэх нөлөө нь тэлж томрох эерэг талууд их. Тэрчлэн мөнгөжүүлэх зорилго тавьсан Үндэсний баялгийн сан баяжих, тус сангийн орлого арвижих, 1072 хувьцааны ногдол ашиг өсөх зэрэг хувь нэмэр нь асар том билээ. Эргэн сануулахад, "Эрдэнэс Тавантолгой" ХК 2011 онд олборлолтоо эхлүүлж байсан. Тэр цагаас хойш компани олон төслийг "автор"-лан санхүүжүүлж, Монголын эдийн засагт жин дарахуйц нөлөө бүхий тоглогч болж өсжээ. Баяжуулах үйлдвэр цаашид "Эрдэнэс Тавантолгой"-н бяр тэнхээг улам нэмэхээр байна. Сая, сая тонноор нь баяжуулах өдрүүд наашилж байна. 

 

ett_250915 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.