Монгол Улс чухал ашигт малтмалын стратегиа одоо л тодорхойлох гэж байна
Монгол Улс чухал ашигт малтмалын стратегиа  одоо л тодорхойлох гэж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Чухал ашигт малтмалын стратегийг тодорхойлно" хэмээн "Уул уурхайн 7 хоног"-ийн хоймроос мэдэгдсэн. Түүний хэлэлцүүлсэн илтгэл дэх энэхүү байр суурь олон хүнд дэнслэх шинэ итгэл найдвар төрүүлэв. 

Тэр тусмаа чухал ашигт малтмал руу хөрөнгөө оруулсан, цаашид хөрөнгө оруулахаар төлөвлөж буй хөрөнгө оруулагчдад төдийгүй үндэсний аж ахуйн нэгжүүдэд "хонгилын үзүүр дэх гэрэл" боллоо. Тодорхой бус ойлгомжгүй уур амьсгал ноёлсон өнөөдрийн орчин нөхцөлд ийм үг, өгүүлбэр сонсох нь мэдээж таатай. Дэлхийн трэнд болж байгаа сэдвээс бид асар ихээр хоцорч яваа. Тийм болохоор дөнгөж л стратегиа тодорхойлох түвшинд хүрч ирж байна. Чухал ашигт малтмал бол шинэ тутам цар хүрээ нь тэлсэн, залуу зах зээл. Гэвч Монгол Улс "ажиглагч"-ийн статустай мэт оролцох төдий ирлээ. 

Нүүрс, зэс, алт, төмрийн хүдрээс хэтэрдэггүй бидэнд чухал ашигт малтмал гэх шинэ "зовлон" нэмэгдсэн, шинэ боломж бас нээгдсэн. Ярих, хэлэлцэх, хэрэлдэх, маргах сэдэв цоо шинээр гарч ирсэн гэсэн үг. Экспортын орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлэх цөөн хэдэн /10 хүрэхгүй шахам/ эрдэс түүхий эдээр л төсвийн орлогоо төсөөлж, “Хуучин хүү”-гийн нэгэн адил сэтгэж суусан. Гэтэл критикал минерал гэх нэршил хүч түрэн орж, бид дахиад л улс дотроо маргаан дэгдээсэн. Нээлттэй мэтгэлцсэн, бас цэц булаалдан хэрэлдсэн. Үр дүнд нь улсаараа чухал ашигт малтмалын талаар гэнэт их буруу зөрүү мэдлэг мэдээлэлтэй болж, “Харвард” төгссөн нь хүртэл төөрч будилж эхэлсэн. 

Дэлхий нийтээрээ бидний тойрч байгаа сэдэв рүү зоригтой тэмүүлж, хөрөнгө хүч, цаг хугацааг үлэмж ихээр зарж байна. Виз гарах юм бол маргааш нь хамаагүй нисэхэд бэлэн АНУ, Канад, Австрали, Япон, Өмнөд Солонгос, Европын орнууд бидний хэрэлдэх сэдвээр хөгжлийн яриа зохион байгуулж байна. Эдгээр улсууд чухал ашигт малтмалын хайгуул руу хөрөнгө оруулалтаа чиглүүлж, нээлттэй бодлого, татварын орчноор хоорондоо өрсөлдөж байна. 

Улсаараа уран хортой, газрын ховор гайтай хэмээн мэтгэлцэн мэдэмхийрч байхад хойд, урд хөрш хамтдаа ирээдүйн эрчим хүчний шинэ эх үүсвэрт хөрөнгө оруулж, хамгийн ихээр тэд анхаарал хандуулж байна.

Олон улсын түвшинд чухал ашигт малтмал улс хоорондын яриа хэлэлцээний үндсэн сэдвийн нэг болж, их гүрнүүд энэ талаар нэлээд нухацтай, идэвхтэй байр суурь илэрхийллэх боллоо. Чухал ашигт малтмал дан ганц ирээдүйн стратеги төдий бус өнөөдрийн улс хоорондын "уур амьсгал", гадаад харилцааг тодорхойлох хэмжээнд өндрөө авч байна. Дэлхийн топ хөрөнгө оруулагчид нүүрсний төслөөс аль эрт татгалзаж, чухал ашигт малтмал руу бооцоогоо тавьж эхэлсэн. Чухал ашигт малтмалын хайгуул эрчимжих, тогтвортой ханган нийлүүлэлт рүү үйлдвэрлэгч, бүтээгч улс орнууд хараагаа сунгаж байна.

Газрын тосны орлогоор халгих булангийн орнууд хүртэл орлогын хоёр дахь эх үүсвэрээ чухал ашигт малтмал хэмээн үзэж, хайгуул, хөрөнгө оруулалтын нэн таатай бодлогыг хөрөнгө оруулагчдад амлаж, хэлэлцээрийн ширээнээс шинэ түншлэлийг эхлүүлж байна. 

Чухал ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, нийлүүлэлт дээр улс орнууд өөрсдийн амбицаа тодоор зарлаж, хөрөнгө оруулагчдыг эртлэн ургалах төлөвлөгөө рүү шилжсэн байна. Цэвэр эрчим хүчний төлөөх өрсөлдөөн улам ширүүсэж, чухал ашигт малтмалаа эдийн засгийн эргэлтэд оруулах, үүгээр дамжуулан байр сууриа бүс нутагтаа бэхжүүлэх, зах зээлд эртхэн хөлөө олж, хөгжлөө ахиулах, ДНБ-ий хэмжээгээ өсгөх сонирхол улс орнуудад хамгийн ихээр “асаж” байна.

Чухал ашигт малтмалд олон төрлийн эрдэс түүхий эд ордог. Хүн төрөлхтөний хөгжилд химийн үелэх системийн бүх элемент хэрэгтэй болж байгаа энэ цаг үед чухал ашигт малтмалд чухлаар хандах цаг хэдийнэ болжээ. Чухал ашигт малтмалын нэг төрөл нь газрын ховор элемент. Манай улсад яригдаж буй төслүүдээс хамгийн ойрын хугацаанд хэрэгжих боломжтой нь Халзан бүрэгтэй. Уг төсөл салбар дотроо анхдагч нь болж, мөс хагалж, тэр хэрээр өөр дээрээ эрсдэл үүрч яваа. 

Жонш, лити, никель, кобальт, газрын ховор элемент, зэсийн эрэлт хэрэгцээ ирэх өдрүүдэд хамгийн их байх төлөв бий. Үүнд хотжилт, эрчим хүчний шилжилт голлох нөлөөг үзүүлэхээр байна. Хүн төрөлхтөн хүлэмжийн хий ялгаруулдаг эрчим хүчний түүхий эдээс татгалзаж, илүү цэвэр эрчим хүч хэрэглэх хүсэл эрмэлзэлтэй болж эхэлсэн. Энэхүү өөрчлөлт нь критикал минерал /чухал ашигт малтмал/, батарейн түүхий эдийн зах зээлд шинэ өрсөлдөөн авчирлаа. 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.