“Уул уурхайн 7 хоног”-ийн онцлох үйл явдлууд
2 Цагийн өмнө
85
“Уул уурхайн 7 хоног”-ийн онцлох үйл явдлууд

Уул уурхайн салбарын их цугларалт Тайж хайрхны бэлд гурван өдрийн турш үргэлжилж, цаашдын хөгжил, өнөөгийн асуудал бэрхшээлээ тал бүрээс нь уудлан хэлэлцсэн юм. Монголын эдийн засгийг тулж түшдэг эрдэс баялгийн салбарын гол тоглогчид өргөн агуулга дор жилд нэг удаа уулздаг. Өнөөдрийн сорилт, хүндрэлээ нухацтай эргэцүүлэн, шинэ нөхцөл байдалд дасан зохицох, ирэх өдрүүдэд баримтлах стратеги, замын зургаа гаргадаг. “Уул уурхайн 7 хоног” урьдын адил гарц шийдэл рүү зорьж, тодорхой бус, ойлгомжгүй байдлыг арилгахаар төвлөрч хуралдсан юм. Дөрөв дэх удаагийн “Уул уурхайн 7 хоног”-ийн үеэр болсон онцлох үйл явдлыг танилцуулж байна.

ЭТТ: SXCOAL-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа

ett250912 

"MiningWeek&MinePro-2025" арга хэмжээний үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн, БНХАУ-ын Фэнвэй дижитал мэдээлэл технологийн компанийн дэд захирал Фен Дун Бин нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд Хятадын нүүрс, тээвэр, борлуулалтын хамгийн том нэгдсэн мэдээллийн сан бүхий Sxcoal.com цахим платформд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүсний борлуулалт, хүргэж өгөх хугацаа, биржийн арилжааны хуваарь зэрэг мэдээллийг тогтмол, шуурхай мэдээлж, худалдан авагчид цаг алдалгүй мэдээлэл авах, борлуулалт нэмэгдэх боломж бүрдэж байгаа юм.

"Халзан бүрэгтэй" төсөл Тогтвортой уул уурхайн төлөөх олон улсын стандартыг хэрэгжүүлнэ

mine_week_halzan_250918  

Уул уурхайн 7 хоногийн хүрээнд “Тогтвортой уул уурхайн төлөө” (Towards Sustainable Mining, ТУУТ/TSM) стандартыг хэрэгжүүлэх санамж бичигт "Халзан бүрэгтэй" төсөл болон Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь Канадын Уул уурхайн Ассоциациас боловсруулсан, олон улсын жишигт нийцсэн стандартын зарчмуудыг Монголын уул уурхайн салбарт нэвтрүүлж, компанийн үйл ажиллагаанд хариуцлага, ил тод байдал, орон нутаг болон байгаль орчны өмнө хүлээх үүргийг бэхжүүлэх зорилготой юм.

Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яам болон МУУҮА хамтран ажиллана

mine_250912sanamj 

Байгаль орчин, нийгэм, засаглалыг (ESG) сайжруулах чиглэлээр уул уурхайн компаниудад зориулсан сургалт, гарын авлага боловсруулах, орон нутгийн иргэдийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэх 160 сая төгрөгийн санхүүжилттэй төслийн хүрээнд Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яам болон Монголын Уул уурхайн үндэсний ассоциац (МУУҮА) хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Төслийн гол зорилго нь уул уурхайн компаниудад олон улсын стандарт, шилдэг туршлагад нийцсэн тогтвортой хөгжлийн зарчмыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд дараах чиглэлээр хэрэгжинэ.
 
Үүнд, Байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлээр сургалт, чадавх бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, Уул уурхайн компаниудад зориулсан гарын авлага, аргачлал боловсруулах, Орон нутгийн иргэдийн амьжиргаа, хөгжлийг дэмжих арга хэмжээ зохион байгуулах юм. Энэхүү гэрээ нь Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яам болон Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хэрэгжиж буй ажлын нэг хэсэг бөгөөд Монгол Улсад уул уурхайн салбарын засаглал, нийгмийн хариуцлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
 
“Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-ийн хэрэгжилтийг дэмжих санамж бичигт гарын үсэг зурлаа
mine_250912kodex_1 
 
Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци (МУУҮА) нь 2019 онд “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-ийг боловсруулсан бөгөөд тус кодекс нь салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэж, хариуцлагатай байдлын зарчмыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Ассоциацийн гишүүд уг кодексыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Кодексыг хэрэгжүүлснээр Хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн үйл ажиллагаа эрхлэх,  Компанийн сайн засаглалыг бэхжүүлэх, Байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, Орон нутгийн хамтын ажиллагааг сайжруулах зэрэг олон эерэг үр дүн бий болжээ.
 
Тус санаачилгын хүрээнд Трансвест, МАК, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Сток Бласт, Шувуун хар уул, Хуавей компани, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон МУУҮА нар “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-ийн хэрэгжилтийг хамтран дэмжих санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэхүү хамтын ажиллагаа нь уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, компанийн сайн засаглалыг бэхжүүлэх, орон нутгийн иргэдэд эерэг нөлөө үзүүлэх чиглэлээр чухал алхам болж байна гэж оролцогч талууд дүгнэсэн билээ.
 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.