Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдсан “УУЛ УУРХАЙН 7 ХОНОГ”-ийг тоймлон хүргэж байна.
Монголын эдийн засгийн зүтгүүр салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өнөө болон хэтийн ирээдүйг хэлэлцдэг өргөн цар хүрээг хамарч ирсэн арга хэмжээ бол “Mining week” билээ. Өнгөрсөн жилээс эхлэн нийслэлээс гарч Налайх дүүрэг дэх Тайж хайрхны уужим хөндийд үзэсгэлэнгийн хамтаар өргөжин тэлж, бодлогыг хэлэлцүүлгийг өрнүүлдэг болсон юм. Эрдэс баялгийн салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааны нээлттэй талбар “Mining week&Minepro 2025” есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд болж, олон улсын статусаа улам бататгалаа.
Монголын уул уурхайн салбарыг олон нийтийн анхаарлын төвд авчирдаг Mining week “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт&Хариуцлагатай уул уурхай” сэдвийн дор чуулсан юм. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын Уул уурхайн үндэнсний ассоциаци зохион байгуулагчаар ажиллаж, Олон улсын нэр хүндтэй салбарын холбоод өндөр ач холбогдол өгч оролцлоо.
Тодруулбал, “Тогтвортой хариуцлагатай уул уурхай” /TSM/ стандартыг боловсруулсан Канадын Уул уурхайн ассоциаци, хөрөнгө оруулалт болон экспортыг өргөжүүлэх чиглэлээр МУУҮА-тай хамтран ажиллаж буй Хятадын Уул уурхайн ассоциацийн төлөөлөл илтгэл, танилцуулга хийлээ.
Уул уурхайн салбарынхны их цугларалт тогтвортой хөгжлийн бодлого, хариуцлагатай уул уурхай, хөрөнгө оруулалт, олон улсын зах зээлийн чиг хандлага, геологийн судалгаа, хайгуул, шинэ эрчим хүчний эх үүсвэр, газрын тосны салбар болон дэвшилтэт технологи зэрэг өргөн сэдвийг хамарсан юм.
 Нээлтийн арга хэмжээнд шинээр бүрдсэн Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар оролцож, Уул уурхай салбар манай улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж байна. Цаашид зөвхөн олборлолт биш, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, технологи, инновац нэвтрүүлж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нэн шаардлагатай байгааг Ерөнхий сайд тэмдэглээд Засгийн газар “Ногоон хөгжил”, “Цахим шилжилт” “Тогтвортой, хариуцлагатай уул уурхай”-н бодлого хэрэгжүүлж, ил тод, хариуцлагатай, нээлттэй байдлыг эрхэмлэн, бүсчилсэн хөгжил, орон нутгийн иргэдийн эрх ашгийг тэргүүлэх зорилт болгон ажиллаж байна гэв.
Засгийн газар “Digital First” бодлогын хүрээнд уул уурхайн салбарт “Их өгөгдөл, хиймэл оюун ухаан”-ыг хослуулан ашиглах, бүтээмжийг нэмэгдүүлэх, геологи, хайгуул, олборлолтод инновац, цахим шийдлийг хурдтай нэвтрүүлэхийг зорьж байна. Монгол Улс “Mining & AI” санаачилга дэвшүүлж, уул уурхай, технологийн салбарын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахаа тэмдэглээд энэ чиглэлийн бодит төсөл, хөтөлбөрүүдийг харилцан ашигтай хамтран хэрэгжүүлэхийг уриаллаа.
Эрдэс баялгийн салбарт төр хамгийн том тоглогч болж, энэ салбар урагшлах, эс урагшлах эсэхийг шийдэх түвшинд ирсэн. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилттэй холбогдуулан уул уурхайн салбарт тодорхой бус байдал улам нэмэгдсэн. Тэр тусмаа хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн хувьд Монголын төр, Засгийн газрын явуулах, баримтлах бодлого, чиглэл онцгой их анхаарал татаж байгаа юм. Энэ үед Ерөнхий сайд өөрийн биеэр "Уул уурхайн 7 хоног"-т ирсэн боловч хөрөнгө оруулагчдын хүлээсэн хариултыг бүрэн дүүрэн өгч чадаагүй. Ерөнхий сайдын мэдээлэл хэт ерөнхий, өнөөдрийн тулгамдсан асуудал руу чиглэсэн бус, ойлгомжгүй байсан нь оролцогчдын хүлээлтийг унагасан гэхэд хилсдэхгүй. Харин салбар хариуцсан сайд энэ орон зайг нөхсөн илтгэл хэлэлцүүлсэн нь олзуурхах баримт юм.
 
НИЙГМИЙН ЗӨВШИЛЦӨЛ ХАМГААС ЧУХАЛ БУЮУ ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН МАНДАТ
Уул уурхайн төслүүдэд тулгардаг нийтлэг бэрхшээл, сорилт бол орон нутгийн харилцаа. Хэдий үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй ч иргэд, олон нийтийн эсэргүүцэл, үл ойлголцолтой нүүр тулсан бол тухайн төсөл хөдлөх, урагшлах бараг боломжгүй. Өнгөрсөн хугацаанд орхигдсон асуудлын нэг нь нийгмийн зөвшилцөл. Компани хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах аймаг, сум, баг, нутгийн иргэд, оролцогч талуудад өөрсдийгөө ойлгуулж, таниулж чадаагүй бол төсөл нь гацдаг, зогсдог. Энэ байдал зөвхөн Монголд бус дэлхий нийтийн өмнө хөндөгдөж, хурцаар тавигдаж байна.
Эрнст энд Янг олон улсын байгууллагын судалгаагаар, уул уурхайн салбарын хөгжилд тулгарч буй хамгийн том эрсдэл нь нийгмийн эсэргүүцэл болохыг тодорхойлжээ. Тиймээс компани, хөрөнгө оруулагчид байгаль орчны эрсдэлийг урьдчилан тооцоолох, орон нутаг, иргэдтэй ажиллах, тэдэнд зөвөөр ажлаа танилцуулах, итгэлийг нь олоход анхаарах шаардлагатай байгааг салбарын сайд цохон тэмдэглэсэн юм.
Олборлох үйл ажиллагаа явагдаж буй аймаг, орон нутагт ногдож байгаа эрдэс баялгийн салбарын орлого хангалтгүй байгаагаас шалтгаалан уул уурхайн үйлдвэрлэлийг дэмжихгүй иргэд олширч байгааг хөндсөн юм. Энэ байдлаас гарахын тулд аймаг, орон нутагт АМНАТ-өөс хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэл баримталж байгаа гэдгээ АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням илтгэлд онцолсон.
"Уул уурхайн 7 хоног"-ийн хүрээнд "Иргэний нийгэм ба уул уурхай" сэдэвт хэлэлцүүлгийг "Оюу толгой" ХХК, МУУҮА хамтран зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгээр хөдөлмөр эрхлэлт, орон нутгийн худалдан авалт, байгаль орчин, малчдын тогтвортой амьжиргаа зэрэг асуудал хөндөгдсөн.
Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь нийгмийн дэмжлэг, хөрөнгө оруулагч болон ард иргэдийн итгэлцэл дээр тогтдог онцлогтой.

ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТЭЭР ДАМЖУУЛАН ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ
MINEPRO-2025
"Уул уурхайн 7 хоног" зөвхөн бодлогын хэлэлцүүлэг, илтгэл мэдээллээр хязгаарлагдаггүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд уул уурхайн ханган нийлүүлэлтийн үзэсгэлэнг гадна талбайд зохион байгуулж, бүхнийг нэг дор төвлөрүүлж чадсан. "Mning week&Minepro-2025" олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнд 350 гаруй аж ахуйн нэгж, компани, салбарын оролцогч талууд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагаагаа сурталчлан танилцуулж, шинэ түншлэл, гэрээ хэлцлийг Тайж хайрхны бэлээс эхлүүлсэн юм. Уул уурхайн салбарт бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч, шатахууны хэмнэлттэй техник технологийг энэ үеэр танилцуулж, бизнесийн хамтын ажиллагааг хурдасгадаг.