Уул уурхайн 7 хоногийн онцлох дүрүүд
15 Цагийн өмнө
12
Уул уурхайн 7 хоногийн онцлох дүрүүд

 Монголын эдийн засгийг тулж түшдэг эрдэс баялгийн салбарын гол тоглогчид өргөн агуулга дор жилд нэг удаа уулздаг. Өнөөдрийн сорилт, хүндрэлээ нухацтай эргэцүүлэн, шинэ нөхцөл байдалд дасан зохицох, ирэх өдрүүдэд баримтлах стратеги, замын зургаа гаргадаг. “Уул уурхайн 7 хоног” гарц шийдэл рүү чиглэдэг. Дөрөв дэх удаагийн “Уул уурхайн 7 хоног”-ийн онцлох дүрүүдийг та бүхэнд танилцуулж байна. Тогтвортой, хариуцлагатай уул уурхай дэлхийн нийтийн чиг хандлага болж, олон улсын хөрөнгө оруулагчид энэ байдлыг нэн тэргүүнд харгалзан авч үздэг боллоо. Нээлттэй, ил тод байдал салбарын оролцогч талуудын итгэлцэлд жин дарж, тэр тусмаа орон нутгийн харилцаа, нийгмийн зөвшилцөл төслүүдийг хөдөлгөх шалгуур нөхцөл болж байна. Ийм цаг үед онцлох дүрүүд онцгой үүрэг, хариуцлага хүлээж эхэллээ. 

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням

mine_2509155 

"Уул уурхайн 7 хоног"-ийн онцлох дүр бол Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням байлаа. Түүний хариуцсан, томилогдсон салбарт шийдлээ хүлээсэн олон асуулт, асуудал хамтаар оршиж байгаа. Удаан хугацааны турш яригдаж буй Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөөс эхлээд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зохицуулалт, Алт-3 аян, АМНАТ, Үндэсний баялгийн сангийн "хувь заяа"-тай холбогдох 34 хувь болон стратегийн ордуудын талаарх Засгийн газрын байр суурь онцгой сонин. Чухал ашигт малтмал, геологи хайгуулын бодлого гээд нарийвчлан харвал түмэн юм бий. 100 ч хоноогүй Засгийн газар, ажлаа хүлээж аваад удаагүй салбарын сайд эрчтэй, идэвхтэй, дайчин шуурхай байгаа нь салбарынханд таалагдаж байгаа. Бүгдийг өөрчилж, бүхнийг сайн сайхан болгоно гэж тэр өндөр хүлээлт үүсгэсэнгүй. Харин салбарт нэн тулгамдаж байгаа, яаралтай шийдэх учиртай гол, гол асуудал дээр хүч тавин төвлөрч ажиллана гэлээ.  Эрдэс  баялгийн салбарт Г.Дамдинням шинэ хүн биш учраас ажилтайгаа танилцах гэж хугацаа алдсангүй. Тийм болохоор асуудлаа эрэмбэлж, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд түүчээлэн зүтгэнэ гэв. УИХ-д хоёронтоо сонгогдон ажиллаж байгаа АҮЭБ-ийн сайд Ашигт малтмалын тухай хууль, Аж үйлдвэрийн тухай хууль, Газрын тосны тухай хууль болон бусад хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлээд байна. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар бус нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-д зүтгүүлэхээр зэхэж, бэлдэж буй. Хуулийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа эрчимжүүлж, АМНАТ-ийн үнэлгээг оновчтой тогтоох, Зэсийн АМНАТ-ийн өсөн нэмэгдэх төлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, Чухал ашигт малтмалын стратегийг тодорхойлох, Ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явагдаж байгаа аймаг, орон нутагт АМНАТ-ийг илүү хуваарилах зэрэг саналыг нэмэлт, өөрчлөлтөөр оруулж ирэхээр байна. 

 
 
 
 
 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.