Зэсийн үнийн өсөлт урьчилсан таамгуудыг эвдэж эхэллээ
2024.04.10
498
Зэсийн үнийн өсөлт урьчилсан таамгуудыг эвдэж эхэллээ
Үйлдвэрлэлийн гол металлын үнийн өсөлт энэ оны турш хадгалагдах, энэхүү өсөлтийн буухиа цаашид ч үргэлжлэх магадлал тун өндөр гэдгийг зарим судалгааны байгууллага онцолжээ.

Зэс оны эхний улирлыг төсөөлж байснаас тун өөдрөг эхлүүлж, сүүлийн 14 сарын дээд түвшинд хүрэв. "Металлын хаан" хэмээн тодотгох зэсийн үнэ оны өмнөх сөрөг таамгуудыг эвдэж, богино хугацаанд 9484 ам.долларт хүртэл дэвшээд байна. Үйлдвэрлэлийн гол металлын үнийн өсөлт энэ оны турш хадгалагдах, энэхүү өсөлтийн буухиа цаашид ч үргэлжлэх магадлал тун өндөр гэдгийг зарим шинжээч болон судалгааны байгууллагууд онцолжээ.

Зэсийн эрэлт хэрэгцээ өсөхөд сэргээгдэх эрчим хүчний тэлэлт, цахилгаан машины хэрэглээ нэмэгдэх таамаг нөлөөлсөн хэвээр байна. Сонирхуулахад, 1мегаваттын хүчин чадалтай нэг салхин сэнс хийхэд 9 тонн зэс ордог аж.

Wood Mack судалгааны байгууллага зэсийн ханш өсөлт рүү тэмүүлж байгааг тодотгоод, үнэ өсөх таамгийг дэвшүүлсэн бол East market судалгааны байгууллага зэсийн үнэ 2024, 2025 онд тогтвортой байх төсөөллийг гаргаад байгаа. 

2023 онд зэсийн олборлолт 22.6 сая тонн-д хүрсэн бол энэ онд ч олборлолтын төлөв нэмэгдэхээр байна. Зэсийн үнэ өндөр байхад БНХАУ голлох үүрэг гүйцэтгэх төдийгүй зэсийн эрэлт хэрэгцээ нь буурахгүй гэж Mining.com мэдээлсэн. Тодруулбал, уур амьсгалын өөрчлөлт, цэвэр эрчим хүчний шилжилт зэсийн ханш энэ оны турш өсөх үндсэн "хөрс"-ийг бүрдүүлэхээр байна. 

Дэлхий дээр зэсийн таамаг нөөц 5.6 тэрбум тонн бол боломжит нөөц нь хоёр тэрбум, үүнээс эдийн засгийн үр ашигтай нь 720 сая тонн-оор хэмжигдэж байна. Цахилгаан дамжуулах чадвараараа гайхагддаг зэсийг гар утас, компьютер, машин, хөргөгч, онгоц гээд энэ бүгдэд тодорхой хэмжээгээр ашигладаг.

 Дэлхийн зэсийн эрэлтийн 28 хувийг барилга, 28 хувийг цахилгаан, эрчим хүчний сүлжээ, 21 хувийг хэрэглээний бараа, 12 хувийг тээвэр, 11 хувийг аж үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эзэлдэг. Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүч хэрэглээний цөм хэсгийг бүрдүүлж байна. Өмнөд хөршийн хувьд дэлхийн үйлдвэрлэсэн зэсийн 50 шахам хувийг дангаар хэрэглэдэг. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.