МИАТ “ӨГӨӨДЭЙ ХААН” ШИНЭ АГААРЫН ХӨЛГӨӨ АНУ-ЫН СИЭТЛ ХОТОД ХҮЛЭЭН АВЛАА
21 Минутын өмнө
37
МИАТ “ӨГӨӨДЭЙ ХААН” ШИНЭ АГААРЫН ХӨЛГӨӨ АНУ-ЫН СИЭТЛ ХОТОД ХҮЛЭЭН АВЛАА
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд “Өгөөдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө 2026 оны 11 дүгээр сарын 24-нд АНУ-ын Сиэтл хотноо хүлээн авлаа.
 
АНУ-ын агаарын хөлгийн тэргүүлэгч “Боинг” компанийн салбар төвд зохион байгуулагдаж буй “ШИНЭ АГААРЫН ХӨЛГИЙН ТУУЗ ХАЙЧЛАХ ЁСЛОЛ”-д Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Ө.Батбаяр тэргүүтэй иргэний нисэхийн салбарын удирдлагууд, холбогдох албаныхан оролцлоо.
 
Мөн АНУ-ын “Бойнг” компанийн Арилжааны агаарын хөлгийн нэгжийн Зүүн хойд Ази хариуцсан дэд ерөнхийлөгч Жефф Эдвардс нар оролцлоо.
 
Мөн энэ үеэр “МИАТ” ТӨХК болон “Боинг” компанийг төлөөлж, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн, “Боинг” компанийн дэд ерөнхийлөгч Жефф Эдвардс нар “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
 
"МИАТ” компани 2026 онд хүлээн авч буй энэхүү шинэ хөлгөө Их Эзэн Богд Чингис хааны гуравдугаар хүү бөгөөд Монголын эзэнт гүрний хоёр дахь их хааны нэрээр “Өгөөдэй хаан” хэмээн нэрлэжээ.
 
Энэхүү шинэ агаарын хөлөг нь “МИАТ” ТӨХК-ийн хоёр дахь “Boeing 737 MAX 8” загварын онгоц бөгөөд тус компани нислэгийнхээ сүлжээг өргөжүүлэх, зорчигчдын тав тухыг бүрдүүлэх, түлшний хэмнэлт, эдийн засгийн үр өгөөжийг харгалзан уг загварыг сонгосон байна.
Тухайлбал, ойрын болон дунд зайн нислэгт тохиромжтой энэхүү шинэ хөлгийг Бээжин, Сөүл, Токио болон Тайланд зэрэг чиглэлд ашиглахаар төлөвлөж байна.
 
Ёслолын үеэр “Боинг” компанийн талаас Дэлхийн борлуулалт, маркетинг хариуцсан Дэд Ерөнхийлөгч Брэд МакМаллен (Brad McMullen) хэлэхдээ “МИАТ”-ийн 70 жилийн ойн үеэр шинэ хөлөг хүлээлгэн өгч буй нь тус компанийн парк шинэчлэлийн хувьд чухал алхам болж байгааг онцоллоо. Бүс нутгийн агаарын тээврийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буй энэ үед энэхүү шинэ хөлөг “МИАТ”-ийн зорчигч тээвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, нислэгийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал хувь нэмрийг оруулна гэж тэрээр хэллээ.
 
Мөн шинэ хөлгийг “МИАТ” компанид нийлүүлэхэд хамтран ажилласан “DAE” компанийн хамт олонд талархал илэрхийллээ. Цаашид МИАТ-ийн АНУ-ын чиглэлд алсын зайн нислэг үйлдэх зорилтыг “Боинг” компани дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
 
Эх сурвалж: Зам, тээврийн яам 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.