Монголросцветмет ТӨҮГ: 2027 онд улс, орон нутгийн төсөвт 82.6 тэрбум төгрөг төвлөрүүлнэ
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн техникийн баг Монголросцветмет ТӨҮГ-ын баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станц, Баргилтын ил уурхайд ажиллаж, 2027 оны бизнес төлөвлөгөөний төсөлтэй танилцжээ.
Тус компани 2027 онд орлогоо 446.1 тэрбум төгрөгт хүргэж, улс, орон нутгийн төсөвт 82.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж байна.
Өртөг өндөртэй бүтээгдэхүүний хэмжээг бууруулж, зах зээлд илүү үнэ хүрдэг жоншны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар үр ашгаа өсгөх зорилт дэвшүүлжээ.
Дулааны цахилгаан станцын өргөтгөл, ФФ-97 жоншны баяжуулах үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Эдгээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг өсгөхөөс гадна улс, орон нутгийн төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэв.
Хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, мэргэжлийн боловсон хүчнийг нэмэгдүүлэх, ажилтнуудын ажиллах орчныг сайжруулах асуудлыг бизнес төлөвлөгөөний чухал зорилтын нэг болгожээ. Үйлдвэрлэлээ өсгөж, үр ашгаа сайжруулж, улсын эдийн засагт оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэх нь төрийн өмчит уул уурхайн компаниудын өмнө хүлээсэн чухал үүрэг хэвээр байна.
Эх сурвалж: “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК