Эрдэнэт үйлдвэр Геологи, хайгуулын экспедицийн хайгуулчид энэ сарын эхнээс үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн захиалгат ажил болох геометаллурги, геотехник, ашиглалтын хайгуулын гурван төслийг зэрэг эхлүүлээд байна. Энэ хүрээнд нийт 13800 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэх юм. Харин 6-р сарын 01-нээс Оюутын ордын нарийвчилсан хайгуулыг хоёр дахь жилдээ үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Энэ жил Оюутын орд дээр 20 мянган тууш мерт, хуучин талбайд эрлийн 3000 тууш метр өрөмдлөг хийгдэнэ. Түүнээс гадна Зөөхийн голын эрлийн талбайд эрэл үнэлгээ хийх, геофизикийн хайгуулыг тусгай зөвшөөрөлтэй бусад талбайнуудад өмнөх ажлуудыг шалгах байдлаар эрлийг нарийвчилж, биетийг тодорхойлох аж.
Одоогийн байдлаар Шандын ордын нөөцийн тооцоо хийгдэж байна. Харин гурван жилийн төлөвлөгөөт ажил дуусахаар Оюутын ордын нөөцийн тооцоог хийх юм. Техник, хүн хүчний дутагдлаас шалтгаалж өнгөрсөн жилээс хүчээ төвлөрүүлэн ажиллаж буй Оюутын орд дээр зөвлөх, эрдэс судлалын чиглэлээр лабораториуд авч ажиллуулдаг байна. Геологи, хайгуулын экспедицийн өрөмдлөгийн ажил 11-р сар хүртэл үргэлжилнэ.