ТӨК-иудын засаглалд сэтгүүлчид “шилэн” хяналт хийнэ
7 Цагийн өмнө
178
ТӨК-иудын засаглалд сэтгүүлчид “шилэн” хяналт хийнэ

“Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клуб” нь “Нээлттэй нийгэм форум”-ын дэмжлэгтэйгээр “Төрийн өмчит уул уурхайн компаниудад тавих иргэний хяналтыг мэргэжлийн сэтгүүл зүйгээр идэвхжүүлэх нь” төслийг энэ сарын 7-нд албан ёсоор эхлүүллээ.

Таван сарын хугацаанд үргэлжлэх тус төслийн хүрээнд сэтгүүлчид төрийн өмчит компаниудын засаглал, төсвийн зарцуулалт, худалдан авах ажиллагаанаас гадна цалин урамшуулал, тогтвортой хөгжлийн асуудлуудыг өгөгдөлд суурилсан эрэн сурвалжлах бүтээлээр дамжуулан ил тод болгохыг зорьж байна.

690631652_1312914857601862_399175959845838573_n Төслийн нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ороцлож сэтгүүлчдийн хөндөж буй асуудлыг бодлого, шийдвэр гаргалтад тусгах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.

Харин “Нээлттэй нийгэм форум”-ын Байгалийн баялгийн засаглалын менежер Д.Эрдэнэчимэг энэхүү санаачилга нь ТӨК-иудын тулгамдаж буй асуудлыг бодит шинжилгээнд тулгуурлан олон нийтэд хүргэж, бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх чухал ач холбогдолтойг онцоллоо.

Сэтгүүлчид төслийн явцад зөвхөн мэдээлээд зогсохгүй “Story pitch” арга зүйд суралцаж, салбарын нэр хүндтэй экспертүүдээс бүрдсэн менторуудын зөвлөгөөгөөр 10 орчим томоохон бүтээл туурвих юм.

689089197_1312914744268540_7873432762477608053_n Мэргэжлийн дэмжлэг үзүүлэх менторуудын багт:

  • Д.Цэнд-Аюуш (АТГ-ын ахлах комиссар)
  • З.Ган-Очир (МУУҮА-ийн Удирдах зөвлөлийн гишүүн)
  • Д.Гэрэлмаа (СЭЗИС-ийн профессор, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн)
  • Т.Энхбат (Ezasag.mn сайтын эрхлэгч)
  • М.Түвшинжаргал (Хууль зүйн ухааны доктор)

МЭЗСК нь эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн 70 гаруй гишүүнтэй бөгөөд өмнө нь төрийн өмчит уул уурхайн компаниудын ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн контент, гарын авлага боловсруулж байсан туршлагатай. Энэ удаагийн төсөл нь сэтгүүлчдийн хараат бус, чанартай бүтээл туурвих боломжийг дэмжиж, ТӨК-иудын засаглалд бодит өөрчлөлт авчрах зорилготой юм. 

Таван сарын хугацаанд хэрэгжих уг төслийн хүрээнд МЭЗСК-ийн гишүүд 10 орчим сэтгүүл зүйн бүтээл туурвиж олон нийтэд хүргэнэ. Төсөлд салбарын мэргэжилтнүүд ментороор оролцож, сэтгүүлчдэд мэргэжлийн дэмжлэг үзүүлж байна.

МЭЗСК нь энэхүү төслөөр дамжуулан сэтгүүлчдийн хараат бус, чанартай бүтээл туурвих боломжийг дэмжих, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх зорилготой ажиллаж байна.

Эргэн сануулахад, МЭЗСК нь 2025 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй “Эрдэс баялгийн менежментэд шударга байдлыг бэхжүүлэх Интегра санаачилга”-ын тэтгэлэгт төслийг амжилттай хэрэгжүүлж, төрийн өмчит уул уурхайн компаниудын мэдээллийн ил тод байдал, засаглалыг сайжруулах сэтгүүл зүйн контент бүтээж, олон нийтэд хүргэн, сэтгүүлчдэд зориулсан гарын авлага боловсруулсан.

690630574_1312914854268529_4595379822818259873_n

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.