“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2025 онд 47.1 сая тонн хүдэр олборлож, 39.9 сая тонн хүдэр боловсруулсан нь түүхэн дээд үзүүлэлт боллоо
12 Цагийн өмнө
378
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2025 онд 47.1 сая тонн хүдэр олборлож, 39.9 сая тонн хүдэр боловсруулсан нь түүхэн дээд үзүүлэлт боллоо

Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн ээлжит "Өглөөний уулзалт"-ын зочноор "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон уригдан оролцлоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2025 онд 47.1 сая тонн хүдэр олборлож, 39.9 сая тонн хүдэр боловсруулсан нь тус үйлдвэрийн газрын түүхэн 47 жилийн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлт болсон байна. Энэ онд нийт 574,000 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортод гаргажээ. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн борлуулалтын орлого түүхэндээ хамгийн өндөр буюу 4.6 их наяд төгрөгт хүрч, 1.2 тэрбум ам.долларыг Монголбанканд борлуулж, улс, орон нутгийн төсөвт 2.2 их наяд төгрөг төвлөрүүлсэн байна.

“ТОГТВОРТОЙ УУЛ УУРХАЙН ТӨЛӨӨ” СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ БУЙ МОНГОЛЫН АНХНЫ ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БОЛЛОО

Эрдэнэт үйлдвэр 2025 онд "Тогтвортой уул уурхайн төлөөх" стандартыг нэвтрүүлж буй Монголын анхны төрийн өмчит үйлдвэрийн газар болсон байна. Тодруулбал, Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны MNS ISO 45001:2018, Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандартуудын баталгаажуулалт хийлгэсэн. Байгаль орчны менежментийн тогтолцооны MNS ISO 14001:2016, Эрчим хүчний менежментийн тогтолцооны MNS ISO 50001:2019, Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны MNS ISO 22000:2019, эрсдэлийн менежмент – Эрсдэлийн Менежмент – Удирдамж MNS ISO 31000:2020, Авлигын эсрэг менежментийн тогтолцооны MNS ISO 37001:2024, Хариуцлагатай уул уурхайн олон улсын стандарт “Тогтвортой уул уурхайн төлөө/Towards sustainable mining (TSM) стандартуудыг төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Цаашид нийцлийн менежментийн тогтолцооны MNS ISO 37301:2022, Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны MNS ISO/IEC 27001:2023, Нийгмийн хариуцлагын удирдамж MNS ISO 26000:2012 стандартуудыг цаашид хэрэгжүүлэхээр зорилго тавин ажиллаж байна.

Уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийн шаардлага өсөн нэмэгдэж буй энэ үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Тогтвортой уул уурхайн төлөө” стандартыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн Монголын анхны төрийн өмчит үйлдвэрийн газар болж, энэ хүрээнд Эрдэс баялгийн салбарт тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжил” сэдэвт өндөр түвшний уулзалтыг Монгол Улсын Засгийн газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци, Канад Улсын Уул уурхайн ассоциаци хамтран Эрдэнэт хотноо анх удаа  зохион байгуулсан юм.

“ОЮУТ” ОРДЫН НАРИЙВЧИЛСАН ХАЙГУУЛЫГ ДУУСГАЖ, АШИГЛАЛТАД БЭЛТГЭХ СУДАЛГААНЫ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Эрдэнэт үйлдвэр цаашид 55 жил тогтвортой ашиглагдах геологийн нөөцөө 2024 онд олон улсын Жорк стандартаар албан ёсоор баталгаажуулсан. Монгол Улсын Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Стратегийн ач холбогдол бүхий Эрдэнэтийн зэс, молибдены ордын талбайн хил заагийн хүрээнд багтаж байгаа Оюут болон бусад хэсгүүдэд эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг тогтоож, ашиглалтад бэлтгэх...”-ээр туссан.

Оюут ордод 2023-2025 оны хооронд орчин үеийн геологи хайгуулын стандартад нийцүүлэн талбайн геологийн болон структурын зураглал, геохими, геофизикийн цахилгаан, соронзон, магнетотеллур, суваг малтмалт, хайгуулын далд нэвтрэлт, өрөмдлөг, гидрогеологи, хүдрийн технологийн шинж чанарыг исэлдсэн, хоёрдогч баяжилтын бүсийн сульфидын, мөн сульфидын хүдэрт лабораторийн, хагас үйлдвэрлэлийн туршилт, мөн ордын эрдэслэг бүрэлдэхүүний нарийвчилсан судалгаа гэх зэрэг иж бүрэн, цогц ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн талбайд илэрсэн элсний нөөц, тоо хэмжээ, чанарыг үнэлэх, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, палеонтологи, археологийн авран хамгаалах малтлага гэх зэргээр “хариуцлагатай хайгуул”-ын зарчмыг баримтлан ажилласан.

2025 онд Оюут орд нь 900 м урт, 550 м өргөн бөгөөд 800 м-ээс илүү гүнд үргэлжилж буй биетэд дунджаар 530 орчим (хамгийн их нь 933.5) метрийн гүнтэй 96 цооногийг 60х60 м хүртэл нягтруулан, нийт 49212.2 тууш метр нэмж өрөмдсөнөөр геологийн нөөцийг “бодитой” (B) зэрэглэлийн түвшинд хүртэл судлаад байна. Оюут ордын хайгуулын ажлыг бүрэн дуусгаж, урьдчилсан үр дүнгээр 0.32% зэсийн агуулгатай, 357.0 сая тонн хүдэрт 1.1 сая гаруй тонн зэсийн геологийн нөөцийг тогтоон, шинэ орд нээснээ албан ёсоор зарласан нь Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн хөгжлийн шинэ хуудсыг нээсэн түүхэн үйл явдал бөгөөд Эрдэнэт үйлдвэр нийтдээ 100 гаруй жил тогтвортой ажиллах нөөц боломжоо улам батжуулж чадсан юм.

ХАМ БАЯЖУУЛАЛТЫН 2, 3 ДУГААР СЕКЦ, НУНТАГЛАН БАЯЖУУЛАХ ХЭСГИЙН 5-Р ТЭЭРМИЙГ ТУС ТУС ШИНЭЧЛЭН, АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА

Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн, жилд 12 сая тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай хам баяжуулалтын 2, 3 дугаар секцийн тус бүр 48ш флотомашиныг АНУ-ын FLSmidth компанийн тус бүр 11ш флотомашинаар шинэчилснээр ашиглалтын болон цахилгаан эрчим хүчний зардал 10 хувиар буурч, жилд 1 тэрбум төгрөг хэмнэх боломжийг бүрдүүлсэн.

Энэ нь 2016 оноос авч хэрэгжүүлсэн техникийн шинэчлэлтийн бодлогын хүрээнд хүдэр боловсруулах хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлэхтэй уялдуулсан цогц ажлын нэг хэсэг юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2016 онд 32 сая тонн, 2022 онд 38 сая тонн, 2024 онд 40 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадлыг эзэмшсэн. Хүчин чадлын өсөлтийг хангаж, үйлдвэрлэлийн тоо хэмжээг бууруулахгүйгээр энэхүү шинэчлэлийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Мөн тус хэсгийн 28 жил ажиллаж, бүрэн элэгдэлд орж, ашиглалтын хугацаа дууссан МШЦ-5.5х6.5 маркийн 5 дугаар тээрмийг БНХАУ-ын CITIC компанийн тээрмээр шинэчиллээ. Баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлууд нь ирээдүйд боловсруулах хүдрийн шинж чанарт тохирсон, олон хувилбарт уян схемтэй, аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын ололт амжилтаас эрдэс боловсруулалтын салбарт нэвтэрч буй орчин үеийн дэвшилтэт технологийг шингээсэн, найдварт ажиллагааны зэрэглэл өндөртэй, ХАБЭА-г бүрэн хангасан, хамгийн бага зардлаар, өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн.

ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН ХУДАЛДАН АВАЛТЫН TENDEREVAL, БАЙГУУЛЛАГЫН НӨӨЦ ТӨЛӨВЛӨЛТИЙН ERP ЦАХИМ СИСТЕМҮҮДИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын худалдан авах ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, ил тод байдлыг хангах, хүний хүчин зүйлээс үүдэлтэй алдааг бууруулах, авлига, ашиг сонирхлоос ангид байх зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан тендерийн үнэлгээний системийг хөгжүүлж, нэвтрүүлэн, үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Байгууллагын нөөц төлөвлөлтийн ERP системийг дотоодын нөөц бололцоогоор хөгжүүлж нэвтрүүлэх төслийн үр дүнд Худалдан авалт, хүний нөөц, баримт бичиг, гэрээ, цаг бүртгэл, чанарын хяналтын модулиуд 100 хувь бүрэн нэвтэрч, Санхүү, агуулах, цалин, ХАБЭА-ын хөгжүүлэлтүүд 30-80 хувийн гүйцэтгэлтэй, Системийн интеграци амжилттай хийгдэж, олон төрлийн дотоод, гадаад системүүдтэй холбогдсон бөгөөд Худалдан авалт, Хүний нөөц зэрэг үндсэн үйл ажиллагааны процессууд бүрэн автоматжсан.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь жилд 1360 гаруй тендер зохион байгуулж, давхардсан тоогоор 4500 гаруй компани оролцдог. Тендерийн үнэлгээнд 300 гаруй ажилтан үндсэн ажлын хажуугаар ажиллаж жилд 65,712 цаг зарцуулж, 2.3 тэрбум төгрөгийн зардал гардаг. Жилд 380 гаруй тендерт гомдол , санал гарч үйлдвэрийн үндсэн үйл ажиллагаанд шаардлагатай бараа материал цаг хугацаандаа нийлүүлэгдэхгүй байх эрсдэл үүсдэг. Иймд худалдан авалтын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, ил тод байдлыг хангах, хүний хүчин зүйлээс үүдэлтэй алдааг бууруулах, авлига, ашиг сонирхлоос ангид байх зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан тендерийн үнэлгээний системийг нэвтрүүлэх судалгааны ажлыг 2022 оны 8 дугаар сараас эхлүүлж 2024 онд туршилтын байдлаар нэвтрүүлж, 2025 оны 07 сарын 07-ны өдрөөс үйл ажиллагаандаа бүрэн ашиглаж эхэлсэн. TenderEval систем нь үйлдвэрийн газрын ERP системтэй нягт уялдан ажилладаг бөгөөд худалдан авах үйл ажиллагааны бүх процесс цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКАД БАРЬЖ БАЙГУУЛАХ ДЭД БҮТЦИЙН АЖЛУУДЫГ ГҮЙЦЭТГЭЖ, ШИНЭ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ БОЛОВСРУУЛАН, БАТЛУУЛЛАА

 Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 171 дүгээр тогтоолоор “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор” Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах зориулалтаар Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэрт нийт 1217.4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс Үйлдвэрлэл, технологийн паркийн батлагдсан Техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу паркийн дэд бүтэц болох ус хангамж, ариутгах татуургын систем, авто зам, төмөр зам болон цахилгаан хангамжийн дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулах ажлуудыг 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд 47 сая ам.доллароор тусган батлуулж, ажлыг эхлүүлсэн.

Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд байгуулагдах үйлдвэрүүдэд зориулан ачиж буулгах өндөрлөсөн болон нам тавцан бүхий 1520 мм царигтай 4.4 км урт төмөр зам болон 25.6 км урт цэвэр усны хос дамжуулах, түгээх шугам хоолой, зохицуулах 2 ширхэг 500 м3 багтаамжтай усан сан, цэвэр усны өргөлтийн насосын станц, 23.8 км урттай бохир усны өөрийн урсгалтай болон даралттай ариутгах татуургын шугам хоолой, бохир усны 6 ширхэг өргөлтийн станц зэргийг барьж байгуулан, 2025 онд ашиглалтад бүрэн оруулаад байна.

Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр”, “Молибдены баяжмал боловсруулах үйлдвэр”, “Кабель утасны үйлдвэр”-ийн Техник, эдийн засгийн үндэслэлүүдийг боловсруулан, батлууллаа.

ХҮДЭР БЭЛТГЭЛИЙН НЭГДҮГЭЭР ШУГАМЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Эрдэнэт үйлдвэр техникийн шинэчлэлийн хоёр дахь үеийг амжилттай хэрэгжүүлж байна. Хүдэр дэх металлын агуулга огцом буурч, хүдрийн агуулга нэмэгдэж буйтай холбогдуулан, гаргаж буй бүтээгдэхүүнийхээ хэвийн хэмжээг хадгалахын тулд 1978 онд анх ашиглалтад орсон, 20 сая тонны хүчин чадалтай хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын том бутлалтын бутлуурыг шинэчилж, технологийг сайжруулах шаардлагатай болсон. Ийнхүү тус шугамын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, 40 сая тонн болгох бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүллээ. Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын барилгын ажил хасах 32 метрийн гүнд хийгдэж, дээр нь 28 метр өндөр буюу нийт 20 гаруй давхар байшинтай тэнцэх хэмжээний 60 метр өндөр барилга баригдах юм.

Энэ шинэчлэлийн төслийг хэрэгжүүлснээр бутлагдсан хүдрийн зохимжит бүхэллэгийг буулгаж, хүдэр боловсруулалтын хэмжээг жилд тогтмол 40 сая тонн-д барих боломж бүрдэх бөгөөд цахилгаан зарцуулалт, хуяг, ган бөөрөнцөг зэрэг ашиглалтын хувьсах зардлыг 7%-аар бууруулж, орд ашиглалтын нийт хугацаанд борлуулалтын орлого 2.5 сая ам.доллароор нэмэгдэнэ.

Мөн Баяжуулах үйлдвэрийн шинэчлэлийн төслийн хүрээнд Хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх, Шинэ хаягдлын сан байгуулах зэрэг томоохон төслийн ажлууд амжилттай хэрэгжиж байна. Эдгээр төслүүд нь жилээс жилд буурч байгаа хүдэр дэх металлын агуулга болон өсөн нэмэгдэж буй хүдрийн хатуулгийн эсрэг үйлдвэрлэлийн бүтээмжийг бууруулахгүйгээр эцсийн бүтээгдэхүүн болох Зэс болон молибдены баяжмал гаргалтын хүрсэн түвшнийг хадгалж, бага зардлаар, өндөр бүтээмжтэй ажиллаж, өртөг зардлыг бууруулах, үйлдвэрлэлийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах юм.

ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧДЫН ХҮЧ ХӨДӨЛМӨР, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БОСГОСОН “ЭРДЭНЭТ МЕДИКАЛ” ЭМНЭЛГИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХАРЬЯА ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВД ШИЛЖҮҮЛЭН, ХОЙД БҮС ХАВДРЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭД ТӨВТЭЙ БОЛЛОО

Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд “Эрдэнэт медикал” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харьяа Хавдар судлалын Үндэсний төвийн салбар эмнэлэг болгох тухай асуудлыг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа дэвшүүлж, Монгол Улсын Засгийн газар дэмжин тогтоол гаргаснаар, тус эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгохоор шийдвэрлэсэн. Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн уурхайчдын хүч хөдөлмөр, оновчтой бодлого шийдвэр, хөрөнгө оруулалтаар бий болсон “Эрдэнэт медикал” эмнэлэг ийнхүү Хавдрын оношилгоо, эмчилгээний төв болсноор жилдээ 50 мянга гаруй иргэн хавдрын оношилгоо, эмчилгээг цаг алдалгүй хийлгэх боломж бүрдэж байгаа юм.

АЖИЛ ХӨДӨЛМӨР, АМЖИЛТ, ЯЛАЛТААР АЛДРАА ЦУУРАЙТУУЛЛАА

 2025 онд үйлдвэрлэл, борлуулалт, үр ашгийн үзүүлэлтээр нэгдлийн бүрэлдэхүүн байгууллагуудаа манлайлсан, Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүү, валютын нөөцөд томоохон хувь оруулсныг үнэлж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Эрдэнэс Монгол нэгдлийн 2025 оны шилдэг байгууллагаар шалгарч, “ОЧИР ЭРДЭНИЙН ЦОМ”-ыг 2 дахь удаагаа гардлаа.

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Эрдэнэ-Очирын Доржболд “Хөдөлмөрийн баатар” цол, Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн дарга Дэндэвийн Нямдорж Монгол Улсын Гавьяат уурхайчин цол, Эрдэнэт үйлдвэрийн ахмад, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн ахмад ажилтан Гонгорын Бямбаа Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртэж баялаг бүтээгч хамт олныхоо бахархлыг нэмлээ. Хүний нөөцийн бодлого, судалгаа шинжилгээний ажлыг үйлдвэрлэлтэй хослуулах зөв бодлогын үр дүнд Эрдэнэт үйлдвэрээс нийт 11 Хөдөлмөрийн баатар, 88 гавьяат төрсөн бөгөөд, өнөөдөр 7000 уурхайчин дунд Зөвлөх инженер 76, Мэргэшсэн инженер 190, Доктор (Ph.D)-ын зэрэгтэй 47 хүн ажиллаж байна.

Итали улсад зохион байгуулагдсан Дэлхийн Тусгай олимпын Өвлийн наадамд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын ажилтан Амаржаргалын Идэр амжилттай оролцож, мөнгөн медалийн эзэн боллоо. Гүрж улсад зохион байгуулагдсан “Гараар татах хүчний спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д Баяжуулах үйлдвэрийн Тоног төхөөрөмжийн засварчин Ч.Баасандорж, Ил уурхайн Бульдозерын машинч Т.Чулуунгэрэл, Засвар, угсралтын цехийн Тоног төхөөрөмжийн засварчин О.Гантөмөр нар тус тус алтан медаль, Тайвань улсын Тайпэй хотноо болсон Дэлхийн мастеруудын тэмцээнээс Эрдэнэт үйлдвэрийн “Хангарди” спорт клубын жудо бөхийн тамирчин ОУХМ Ч.Энхболд алтан медаль хүртэж тус тус аваргаллаа. Мөн Тайвань улсад зохион байгуулагдсан Хөнгөн атлетикийн “Worldmaster” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний спортын гурван төрөлд Баяжуулах үйлдвэрийн Конвейерын машинч Отгончимэг тэргүүн, дэд, гутгаар байр тус тус эзэлсэн. Энэтхэг улсын Тамил-Наду мужийн Чиннай хотод болсон Хөнгөн атлетикийн мастеруудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Эрдэнэт үйлдвэрийн ахмад ажилтан, Олон улсын хэмжээний мастер Ч.Тэрбиш, А.Цогзолмаа, спортын мастер Ц.Энхтөр, Р.Цогзолмаа нар бахдам амжилт үзүүлж, нийт хоёр алт, таван мөнгө, хоёр хүрэл медалийн эзэд боллоо.Цахилгаан цехийн ажилтан, Бодибилдингийн ОУХМ О.Уянга Индонезын Батам хотод зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэж, эх орондоо хос медаль ганзагалан ирлээ.

“Эрч хүч - Эв нэгдэл” уриан дор Эрдэнэт хотноо гурван өдөр үргэлжилсэн “Уурхайчдын спортын их наадам”-д “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баг тамирчид илт давуу амжилт үзүүлэн, “Алтан цом”-ын эздээр тодорлоо.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Дотоод хяналт, мониторингийн хэлтэс "Монгол Улсын 2025 оны “Шилдэг дотоод аудитын нэгж" номинацийн эзэн боллоо. 2025 онд гаргасан ажлын амжилтаараа Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат Бизнесийн секторын шилдэг нягтлан бодогч, санхүүчээр шалгарч, Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр Монголын хүний нөөцийн салбарын “Best HR Leader – Манлайлагч хүний нөөцийн удирдлага” номинацид шалгарлаа.

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.