-Та сайхан намаржиж байна уу?
-Сайхан, та сайхан намаржиж байна уу?
-Засаг даргын ажлаа хүлээж аваад нэг жил болж байна. Энэ хугацаанд төлөвлөсөн ажлуудаа хэр амжуулав?
-Аймгийн Засаг дарга болоход танил маань “За, баяр хүргэе!” гэснээ “За, хэзээ буух гэж байна” гэж асуусан. Би гайхаад, “Үгүй, чи чинь дөнгөж томилогдож байхад юу яриад байна вэ” гэтэл, “Чамайг цаг хугацаа хүлээхгүй, тийм учраас хурдан ажлаа эхэл ээ” гэж хэлж байсан.
Үнэхээр цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч байна. Ажлаа авахтай зэрэгцээд хууль, журмуудыг судалж эхэлсэн. Хуулийн хүрээнд бүх боломжийг ашиглаж хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлье, өөрсдөө орлогоо нэмэгдүүлэх ямар боломж байна вэ, Эрдэнэт үйлдвэрээ түшиглээд яаж хөгжих вэ, Бонд босговол боломжтой юу гээд олон зүйл бодогдсон. Мөн төр хувийн хэвшлийн түншлэлийг яаж орон нутагтаа хэрэгжүүлэх вэ, гадаадын зээл, тусламжийг хэрхэн ашиглах вэ гээд. Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төсөл, ажлын даалгавараа боловсруулах болон албан уулзалтуудыг хийж эхэлсэн. Ажил маань урагшилж л байна.
-Та ажлаа хүлээж аваад хаанаас, юунаас эхэлье гэж шийдсэн бэ?
- Орхон аймаг цаашаа яаж хөгжих вэ, тулгамдсан асуудлаа хэрхэн шийдэх вэ, бидэнд санхүүгийн ямар нөөц байгаа вэ гэдгээ эхлээд харсан. Статистик тоон үзүүлэлтээ ч нягталсан. Энэ онд бид авто замаас гадна хотын хамгийн том суурь хөгжил болсон хоёр ажилд төсвийнхөө 80 хувийг тусгаж ажлаа төлөвлөсөн. Нэг нь хотын цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангах, нөгөөх нь инженерийн шугам сүлжээгээ шинэчилж сайжруулах байлаа. Хот гэдэг чинь инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хөгжинө. Хот хөгжих, өргөжин тэлэх суурь асуудлаа бид эхлээд шийдэх хэрэгтэй. Ирэх 2026 оноос боловсрол, эрүүл мэндийн салбараа түлхүү дэмжих бодлого гаргасан. Үүнтэй зэрэгцээд, эдийн засгаа яаж тэлэхэв, татварын багц сууриа яаж нэмэх вэ гэдэг тооцоо бодож , төлөвлөж байна.
-Энэ жил Орхон аймагт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын нэлээдгүй ажил өрнөлөө. Нийгмийн сүлжээгээр авто замын ажил багагүй шүүмжлэлд өртлөө. Зарим ажил яагаад удаашрав?
-2023 оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэт хотод ирээд иргэдтэй уулзах үеэр иргэдээс авто замаа сайжруулах хүсэлт гаргасан. Үүний үүний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 50 тэрбум төгрөгийг шийдвэрлэснээр хотын авто замыг өргөтгөх, шинэчлэх, шинээр барих ажил эхэлсэн. Ингээд 2024 онд зөвлөх үйлчилгээгээр ажлын даалгавраа боловсруулж, техникийн нөхцөлөө гаргаад авто замын ажлын зураг төсвүүдийг зуруулж ажилласан. Зураг магадлангаар орж иртэл багагүй хугацааг зарцуулж хамгийн сүүлийн зураг нь өнгөрсөн оны наймдугаар сард бэлэн болж тендер зарлах эрх нь үүссэн.
 
-Хуулийн дагуу явж байгаа хугацаа нь энэ үү?
-Тийм. Өнгөрсөн онд хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний 110 ажилд 79 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Үүнээс авто замын нэлээдгүй ажил энэ онд шилжиж хийгдсэн. Цаг агаар, зураг төсөв, магадлан, тендер зэргээс шалтгаалж хугацаа сунаж 2025 онд үргэлжлэх болсон. 50 тэрбум төгрөгөөр авто замаа шинэчилнэ гэсэн шийдвэрийн дагуу хотын авто замын зургийг зурах явцад газар доорх инженерийн шугам сүлжээ муудсантай холбоотойгоор зардал өсөх, хуучирч өгөршсөнийг нь солих зэргээс шалтгаалж багагүй өөрчлөлт орсон. Ингээд зураг магадлангаар батлагдаж ирэхдээ 65 тэрбум төгрөг болж өөрчлөгдсөн. Зөрүү 15 тэрбум төгрөгийг 2025 оны төсөвт тусгасан. Энэ мэтчилэн ажлын явц үргэлжилж одоогоор хоёр ажил хугацаанаасаа хоцорч байна. Бусад ажил дуусах шатандаа байна.
-Энэ оны хөрөнгө оруулалтын ажлаас онцолбол?
Энэ оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон ажлын нэг нь хотын төвийн Эрх чөлөөний гудамж буюу Чандмань төвийн уулзвар орчимд хийгдсэн. Яг манай хотын төв хэсэг юм. Улсын төсөв, орон нутгийн төсөв, гаднын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр дөрвөн ажил зэрэг хийгдсэн. Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нэвтрэх чадварыг сайжруулах зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 320м урттай, 2-5 эгнээ зорчих хэсэгтэй, гэрэл дохиотой уулзвар болгон шинэчилсэн. Үр дүнд хөдөлгөөн нэвтрүүлэлт 50 хувиар нэмэгдээд байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 152м урттай дулааны шугамаа өргөтгөж, жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа дулааны найдвартай байдлыг бий болголоо. Газар доогуурх инженерийн шугам сүлжээг тунелэн буюу хонгилын системд оруулснаараа онцлогтой. Ирээдүйд зам аа ухаж хөндөхгүйгээр шугамд засвар, үйлчилгээ хийх боломж бүрдсэн.
Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 108м цэвэр усны шугам, Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 1976-1980 онд ашиглалтад орсон Уртцагааны гудамж доогуур байрлах 560 метр урт, 2 хос цэвэр усны шугамыг шинэчиллээ. Үр дүнд 6,788 айл өрх, 502 аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр усан хангамж найдвартай болсон. Нэг газар ухалтаар дөрвөн өөр хөрөнгө оруулалтын ажил хийгдсэнээрээ онцлогтой. Зуны гурван сарын турш үргэлжилсэн тус ажилд иргэд маань их хүлээцтэй хандсан.
Ирэх жил бид яг үүн шиг бүх ажлаа тооцоод, авто замаа, газар доорхи инженерийн шугам сүлжээгээ хамтад нь хийхээр төлөвлөж байна.
 
- Та бүтээн байгуулалтын ажилд хүлээцтэй хандсан иргэддээ талархлаа гэж хэлж байсан?
-Өнгөрсөн зун намрын улиралд байрны гадаа, хотын төвд, нийтийн эзэмшлийн талбайд, хүүхдийн тоглоомын талбайн ойр орчимд нүх ухаж, газар сэндийлж, шороо тоос босгож тав тухгүй байдал үүссэн л дээ. Ойрын нэг, хоёр жилдээ зуны улиралд ийм л байх болов уу. Энэ бүхний үр дүнд хот өргөжин тэлэх боломж нэмэгдэнэ. Энэ онд бид орон нутгийн төсвийн 28,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 32 байршилд шугам сүлжээний шинэчлэлийн ажил хийлээ. Өөрөөр хэлбэл, хамгийн өндөр эрсдэлтэй дулааны 5.8 км, цэвэр усны 6.36 км, ариутгах татуургын 0.596 метр нийт 12км 756 м шугамыг шинэчлээд байна. Энэ нь ашиглалтын хугацаа дууссан шинэчлэх шаардлагатай 163 км шугам сүлжээний 8 хувь юм. Ингэснээр орон сууцны хорооллын 5824 өрхийг хангаж буй инженерийн шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар сайжирч, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар хангагдах нөхцөл бүрдсэн. Энэхүү ажлыг хийхийн тулд иргэдээ нэлээдгүй бухимдуулаад авсан. Хүлээцтэй хандсан иргэддээ талархаж байгаагаа дахин ч хэлмээр байна.
-Та саяхан нийгмийн сүлжээгээр гэрэлтүүлгийн ажил дууслаа гэж мэдээлсэн байсан. Жам ёсоороо өдөр богиносож, шөнө уртсаж байгаа үед сайхан харагдаж байна.
-Өмнө нь бид гэрэлтүүлгээ хэсэгчилж засварлах эсвэл сэлбэж янзалдаг байлаа. Олон жил болсон гэрлүүдийн тусгал нь муудах, цахилгааны шугам нь хуучирч элэгдэх гээд засвар үйлчилгээний зардал их гардаг байсан. Энэ онд гэрэлтүүлгээ бүрэн шинэчилж хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, ирэх жил тохиох 50 жилийн ойгоо угтаж тохижилт үйлчилгээгээ сайжруулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу орон нутгийн төсвийн 4,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар долоон байршилд 380 гэрэлтүүлгийг иж бүрэн шинэчлэлээ. Ирэх жил ч гэсэн гэрэлтүүлгийн ажил үргэлжилнэ.
-Орхон аймаг бие даан 35/10 кВ-ын Даваат дэд станцын бүтээн байгуулалтыг 2025 онд эхлүүлсэн. Бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа явж байна вэ?
- Эрдэнэт хотын хэмжээнд өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангах, алслагдсан гэр хорооллын айл өрхөд очиж байгаа хүчдэлийн уналтыг сайжруулах зорилгоор цахилгаан дамжуулах агаарын шугамаа өргөтгөж, шинэчлэх зайлшгүй шаардлага байлаа. Иймд бид 2025 оны орон нутгийн төсвөөс 40 орчим тэрбум төгрөгийг цахилгаан эрчим хүчийг сайжруулахад зарцуулж нийт 70 гаруй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байна.
Орон нутаг бие даан 5.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 35/10 кВ-ын "Даваат"дэд станцыг барьж, ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Энэ бол яахын аргагүй түүхэн бүтээн байгуулалт юм. Мөн орон сууцны хорооллын хэрэглэгчдийн эрчим хүчний найдвартай байдлыг хангах зорилгоор 1976 онд ашиглалтад орсон дэд станцуудын тоноглолийг шинэчлэн, хүчин чадлыг нэмэгдүүллээ. Хүчдэлийн уналттай гэр хорооллын 11 багийн 22 байршилд дэд станц шинээр барьсан гэх мэт цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээдгүй ажлыг хийж гүйцэтгэлээ.
-Зайлшгүй хийх ёстой ажлынхаа хэдэн хувийг энэ намартаа нугалаад авав?
-90 орчим хувийг. Он дуустал бас нэг, хоёр сарын хугацаа байна. Мөн ирэх жил он дамжин үргэлжлэх авто замын хоёр ажил бий. “Шилдэг зам” ХХК-ийн гүйцэтгэж байгаа А1002 авто замын ажил удааширч иргэдийн бухимдлыг үүсгээд байгаа. Одоо хүйтэрчихлээ. Ирэх хавар эртнээс ажлыг нь эхлүүлэхээр шахаж ажиллана. Бид энэ онд аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 53 байршилд 12,5 км авто замыг өргөтгөн шинэчилж, тэмдэг тэмдэглээ, гэрэлт гарцуудыг шинээр хийлээ. Ирэх жилүүдэд авто замын засвар шинэчлэлийн ажил үргэлжилнэ. Дээр хэлсэнчлэн шугам сүлжээ, цахилгаан эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарт тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай байсан төлөвлөгөөт ажлууд бүгд л цаг хугацаандаа хэрэгжээд явж байна.
 
-Ирэх жил Эрдэнэт хотын 50 жилийн ой тохионо. Ой угтсан бүтээн байгуулалтын ажил их өрнөнө дөө.
-Тэгэлгүй яах вэ. Энэ сайхан хотынхоо 50 жилийн ойг өргөн дэлгэр, их бүтээн байгуулалттай угтахыг хичээн ажиллаж байна. Бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулагдан, ажилдаа орсон байна. Ойгоо угтсан олон зүйлийг төлөвлөж байна. Дутагдалтай байгаа хөрөнгө оруулалтаа эртхэн эхлүүлэх гээд энэ онд зөвлөх үйлчилгээндээ 5 тэрбум төгрөгийг төсөвлөж бүтээн байгуулалтын ажлынхаа зураг, төсвийг нь хийлгүүлж байна. Засаг даргын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туссан нийт ажлынхаа 40 гаруй хувийг зөвлөх үйлчилгээгээр зуруулаад дуусч байна. Төсөв батлахад заавал зураг төсөвтэй байх ёстой учир ажлаа эртхэн эхлүүлж байна.
Эрдэнэт хотын төв цэг буюу Урт цагааны гудамж хэсэг бол хотын түүх болсон хэсэг. Энд Эрдэнэтийн гэх тодотголтой, хотын өнгө төрхийг илтгэх үйлчилгээ байх ёстой. Одоо хувийн хэвшлийнхэн үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс Ерөнхий архитектурт үүрэг өгч 50 жилийн ойтойгоо уялдуулж зураг, төсвийг нь шинээр хийлгэж байгаа. Зураг нь бэлэн болсон үед олон нийтэд танилцуулна. Мөн А.Амарын талбайгаа гантиглах, явган хүний замаа чулуун хавтангаар шинэчлэх гэх мэт орчин үеийн хотын стандартад нийцүүлж хийхээр төлөвлөсөн олон ажил биднийг хүлээж байна.
Мөн авто зам, цахилгаан эрчим хүч, инженерийн шугам сүлжээний ажил үргэлжилнэ. Гэхдээ бид 50 жилийн ойн баяр наадмаасаа өмнө хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа дуусгасан байхаар төлөвлөж байна.
-Орхон аймгийн ус хангамжийн систем бусад аймаг орон нутагтай харьцуулахад өөр. Орон нутгийн өмчит Ус сувгийн газаргүй ганц аймаг байх. Тийм үү?
-Яг тийм. Орхон аймаг “Ус сувгийн удирдах газар”-ыг байгуулж энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэхээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Засгийн газар, Эрдэнэт үйлдвэрт уламжлаад байна. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19.1-т хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж нь төрийн болон орон нутгийн өмчид байна” гэсэн хуулийн зохицуулалттай. Энэ зохицуулалт ганцхан манай аймагт үйлчилдэггүй. Орхон аймаг 65 км зайд байрлах Булган аймгийн Хангал сумын Сэлэнгэ мөрнөөс 24 гүнийн худгаас усаа олборлож, 4 өргөлтийн насосны станцаас шахаж 65 км хос шугамаар дамжуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ олборлодог. “Эрдэнэт ус ДТС” ОНӨХК “Эрдэнэт үйлдвэр”-ээс усаа тоолуурын заалтаар худалдан авч аймгийн 109 гаруй мянган хэрэглэгчдийг усаар хангаж байна. Сүүлийн жилүүдэд усны алдагдал, үүнээс үүдэлтэй төлбөрийн асуудал нэлээн үүсэж байна. Бид “Эрдэнэт-Ус” ДТС компанийн харъяа “Ус сувгийн удирдах газар”-ыг байгуулчих юм бол энэ усны алдагдлын асуудал байхгүй болно. Энэ ажлыг нэлээн хөөцөлдөж байна.
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ байгаа учир эдийн засгийн хувьд бүрэн чадамжтай, мөнгөтэй аймаг гэж хардаг шүү дээ. АМНАТ хуулиар хэдэн хувь нь Орхон аймагт үлдэж байна вэ?
-Манай аймгийн төсвийн 80 хувийг “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлдэг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хүн амын орлогын албан татвар, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын орлого аймгийн төсөвт орно. Дээрээс нь Ашигт малтмалын нөөц ашигласаны татварын тухай хуулиараа уул уурхайн салбарын орлогын 10 хувийг тухайн орон нутагт нь үлдээх заалттай ч хангалттай хэрэгжихгүй байгаа дээр санал хэлж байгаа. Өнгөрсөн 2024 онд Эрдэнэт үйлдвэр АМНАТ гэж улсын төсөвт 1.2 их наяд төгрөгийг төвлөрүүлсөн. Гэтэл орон нутгийн төсөвт жилд дунджаар 3.8-4.3 тэрбум төгрөгийг л өгч байна. Төсвийн тэнцүү хуваарилалт, АМНАТ хуулийг хэрэгжүүлж байж манай аймаг бас хөгжинө шүү дээ. Хууль нь зөв ч бодит амьдрал дээр хэрэгжилт нь муу байгаа.
-Дээрээс нь бүсчилсэн хөгжил гэж ярьж байна. Хойд бүсийн гурван аймаг өөр, өөрийн онцлогоор хөгжинө. Орхон аймгийн онцлог, давуу тал юу вэ?
-Орхон, Булган, Хөвсгөл аймаг өөр, өөрийн онцлогтой. Манай аймагт дэд бүтэц, уул уурхай илүү хөгжсөн, төмөр замын баруун хязгаар байгаа учир тээвэр-ложистикийн төв байгуулж түүнийгээ түшиглээд хойд бүсийг бараа бүтээгдэхүүнээр хангах боломжтой юм. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэж байгуулагдсан Үйлдвэр технологийн парк болон Зэс хайлуулах үйлдвэр ашиглалтад орохоор бидэнд илүү олон боломж бий болно. Хөвсгөл аймаг аялал жуулчлалын төв, Булган аймаг газар тариалангийн бүс, Орхон аймаг уул уурхайн бүс нутаг. Тэгэхээр бид аль нэг нь тулгуур төв биш харин бие биенээ дэмжсэн байдлаар хамтдаа хөгжинө. Бүсчилсэн хөгжлийн гол үзэл санаа нь энэ юм. Хамтдаа хөгжих.
-Дамжин өнгөрөх зах зээл гээд нэг юм байна. Энэ нөөц бололцоогоо ашиглах талаар юу хийж байна?
-Эрдэнэт газар нутаг багатайгаас гадна байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжгүй. Тиймдээ ч аялал жуулчлалын хувьд зөвхөн дайран өнгөрөх төв нь болдог. Харин дайрч өнгөрөх хугацаа болон цөөн хоног хоноглох тэр үед бид юу үзүүлэх вэ, хэрхэн сонирхлыг нь татах вэ гэдэгтээ хөрөнгө оруулалтаа төлөвлөж байна. Тухайлбал, эрүүл мэндийн аялал жуулчлалыг Орхон аймагт хөгжүүлэх боломжтой. Хоёрт, спортын аялал жуулчлалыг хөгжүүлж “Эрдэнэт Арена” спортын цогцолбор байгуулна. Олон улсын болон бүс, улсын чанартай тэмцээнүүд Орхон аймагт болж үүнийг дагаад зочид буудал, хоол үйлдвэрлэл, соёл, урлагийн салбар давхар хөгжөөд явна. Гуравт, Монгол Улсад анхны усан паркийг байгуулахаар бид олон улсын тендер зарлаад явж байна. Дөрвөн улирлын турш ажиллах парк байгуулна. Мөн Бурхан багшийн сэрэг дүр цогцолбор болон Баян-Өндөр уулаа түшиглэсэн аялал жуулчлалын цогцолбор буюу “cablecar” байгуулахаар судалж байна. Эдгээр ажлуудын судалгаа, зураг төсвийн ажлууд аль хэдийн эхэлчихсэн байгаа. Ингэснээр манай аймаг зөвхөн уул, уурхайгаас эдийн засаг маань хараат бус аялал жуулчлалаас бас мөнгө олох боломжтой болох юм. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнес дагаж хөжинө. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад бид бас саналаа өгсөн. Дотоодын давуу байдлыг тооцдог хуучин заалт байсныг сүүлд нэмэлт өөрчлөлтөөр аваад хаячихсан. Үүнийг сэргээж өгөөч ээ гэдэг санал тавьсан. Хэрэв тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрт нийлүүлж болох боломжтой бараа, бүтээгдэхүүнийг манай аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгчид үйлдвэрлээд нийлүүлээд байх боломжтой юм. Жишээ нь “Эрдэнэт” үйлдвэр 2024 онд 1,3 их наяд төгрөгийн бараа, ажил үйлчилгээний тендер зарлахад 400-450 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг зөвхөн Эрдэнэт хотоос авах боломжтой. Одоо “ОРА” металл компани л гэхэд л “Оюу” толгойд 20 тэрбум төгрөгийн ган бөмбөлөг нийлүүлж байна. Тэгэхээр бидэнд асар их боломж байгаа биз дээ.
-Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ямар, ямар төслийг урьдчилж гаргаад байна вэ?
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар бид төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг гарган батлуулсан. Нэгдүгээрт, Гэр хороолол болон шинэ суурьшлын бүсэд хэсэгчилсэн төлөвлөлтүүдийг хийхээр зорьж “Их залуу дэд төв”-ийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хийхээр төлөвлөөд байна. Ингэснээр хэсэгчилсэн төлөвлөлтөд туссан 6 болон 9 давхар 31 блок 3096 айлын орон сууц, сургууль цэцэрлэг бий болох төдийгүй Их залуу орчмын 5000 айл өрхийн янданг буулгах нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа. Тус ажлын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Түүнчлэн Хойд бүсийн тээвэр логистикийн төв, ахмад насны асаргаа сувилгааны газар, Музей, аялал жуулчлалын цогцолбор гэх мэт 10 гаруй ажлын жагсаалт гарсан байгаа.
-Статистик мэдээлэл харахаар бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо маш олон байдаг. Үүнээс бараг тал нь үйл ажиллагаа явуулж байгаа. Эдийн засгийг кластерчлах, төрөлжүүлэх бодлого хэрэгжүүлэхгүй бол нэг л өдөр сууна шүү дээ. Ирэх гурван жилд бодитой ямар ажил хийе гэж төлөвлөж байна?
-Уул, уурхай бол шавхагддаг нөөц. Одоогоор дахиад 55 жилийн настай гэж байна. Гэхдээ л хэзээ нэгэн цагт баялаг дуусна. “Эрдэнэт” үйлдвэр хаагдвал Эрдэнэт хот яах юм? Дэлхийн жишгээс харахад, уул уурхай дагасан хотуудын хувь заяа янз бүр л байна. Эрт төлөвлөөд зөв хөгжүүлж чадвал уурхай хаагдлаа ч хөгжил зогсохгүй харин ч сул талаа давуу тал болгоод явчихаж байна. Тэгэхээр бид 50 жилийн дараа яах вэ гэдээ одоо бодох ёстой. Энэ оны тавдугаар сард болсон “Эдийн засгийн форум”-аараа бид Эрдэнэт хотоо “Ухаалаг, Тогтвортой, Бүтээлч” хот болгон хөгжүүлэх үзэл санаагаа танилцуулсан. Үүнийг дагаж хэрэгжүүлэх төслүүдээ дотооддоо болон олон улсын байгууллагууддаа танилцуулж хөрөнгө оруулалт хүслээ. “Ухаалаг хот” зорилтын хүрээнд бид Ухаалаг хотын стандарт, ISO нэвтрүүлэх, орон нутгийн төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн дата сан байгуулах, ухаалаг хэрэглээнд олон нийтийг уриалахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг танилцууллаа. “Тогтвортой хот” зорилтын хүрээнд Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн болон Эрдэнэт хотод тулгамдаад байгаа агаарын бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад чиглэсэн бодлогын төсөл, хөтөлбөрөө танилцуулсан. Түүнчлэн, “Бүтээлч хот” зорилтын хүрээнд Эрдэнэт хотын бас нэгэн онцлог болох хамгийн олон инженерүүд амьдардгийн хувьд тэдний мэдлэг, чадварыг түшиглэж IT Салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн төслүүдийг санал болгосон. Биотехнологийн үйлдвэр байгуулах, ухаалаг хөдөө аж ахуйг хөгжүүлэх төслүүдийг санал болгож хөрөнгө оруулагчдыг оролцуулж өөрсдийн хэтийн зорилго, ойрын төлөвлөгөөгөө танилцуулсан. Ингэснээр Эрдэнэт хотын эдийн засгийг өргөжүүлэх, тэлэх, кластераар хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрүүдийг нэмэх боломжтой юм.
-Тэгвэл жижиг, дунд үйлдвэрийг дэмжсэн орон нутгийн ямар бодлого байна вэ?
-Төр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээ дэмжиж зээл олгож байгаа. Гэвч дийлэнх нь банкны шаардлагаа хангаж зээл авахад бэрхшээлтэй байдаг учир хөрөнгө оруулалтаа хангалттай нэмж, үйл ажиллагаагаа сайн өргөжүүлж чадахгүй байгаа. Дээрээс нь Эрдэнэтийн хамгийн том худалдан авагч нь төр буюу Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт Булганы ЦТС, Эрдэнэт ДЦС, Эрдэнэт-Ус, уул, уурхайн хувийн Ачит-Ихт, Эрдмин, Зэс-Эрдэнэ зэрэг томоохон үйлдвэрүүдэд Эрдэнэтийн бизнес эрхлэгчид хэрэгцээтэй зүйлсийг нь бодлогоор нийлүүлэх хэрэгтэй. Хамгийн том худалдан авагчдаа зориулсан зүйлийг эхлээд дотооддоо үйлдвэрлэе гэж боддог.
-Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх талаар ямар ажлууд төлөвлөж байна вэ?
-Орхон аймагт давуу тал их бий. Европын холбоо, Европын Сэргээн босголт, хөгжлийн банк, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран олон төслийг хэрэгжүүлж ирсэн. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа, олон улсын байгууллагуудын зорилго, зорилттой нь нийцүүлж төлөвлөхөд бидэнд олон боломж гарч байна. Жишээ нь бид нүүрсхүчлийн хийг бууруулахад чиглэсэн сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төлөвлөлтөө олон улсын байгууллагын зорилттой нийцүүлж гаргасан нь хөрөнгө оруулалт татах боломж төдий чинээгээр нэмэгдэж байгаа. Мөн ЕСБХБ жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг түлхүү санхүүжүүлдэг. Тэдэнд хөрөнгө оруулалт хийгээч, зээл тусламж олгооч гэхээсээ илүүтэй боломжоо танилцуулж хамтарч хэрэгжүүлье гэдэг саналыг тавьж байна. Тухайлбал, НҮБ-тай хамтран орон нутгийн өмчит “Янзага” зусланг дөрвөн улирлын туршид үйл ажиллагаа явуулдаг олон улсын зуслан болгохоор ярилцаж зарим ажлыг эхлүүлээд байна. Орон нутгийн төсвийн хөрөнгөөрөө зураг төсвийг нь шинээр хийлгэж байна.
-Ер нь аль ч цаг хугацаанд бүтээн байгуулалт, байшин, барилга барих шийдвэрийг түлхүү гаргадаг. Хүний хөгжилд чиглэсэн бодлого бидэнд их хэрэгтэй байна. Энэ тал дээр Та юу хэлэх вэ?
-Улсын хөгжил хүний хөгжлөөс л эхэлнэ. Бид байшин барилгаа ч барина, хүний хөгжилдөө ч анхаарна. Хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт бол оюуны хөрөнгө оруулалт. Иймд бид аймгийнхаа хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа хийлгүүлж байна. Энэ судалгаагаар Орхон аймагт ойрын 10 жилд эрэлттэй байгаа ажил мэргэжил болон боловсон хүчний тоог гаргаж олон нийтэд танилцуулна.
Мөн Орхон аймаг орон нутгийн онцлогт тохируулан нийгмийн салбарт чиглэсэн багц “Хүн амын бүлгүүд, нийгмийн салбарын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр энэ оны гуравдугаар сарын 24-ны өдрийн аймгийн ИТХ-ын хуралдаанаар батлуулсан. “Эрдэнэт хүний хөгжил” уриа бүхий аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Хүний хөгжил бүлэгт нийгмийн болон хүн амын бүлгийн хөгжлийн талаар олон арга хэмжээ тусгагдсаны нэг нь тус хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хүн амын бүлгүүдийн хөгжлийг хангах мөн боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл урлаг, хөдөлмөр нийгмийн хамгаалал зэрэг нийгмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх зорилготой.
Энэ хөтөлбөр маань бидний ирэх 4 жил баримтлах гол бодлого. Хүний хөгжилд, хүн амын бүх бүлэгт чиглэсэн хөтөлбөр. Үүнийг дагаж хэд, хэдэн томоохон төсөл хэрэгжинэ. Тухайлбал “Бүх хайраа гэр бүлдээ” төслийг боловсруулалтын шатандаа явж байна. Энэ ондоо багтаагаад мөн олон нийтдээ танилцуулна. Би ганцхан жишээ хэлье л дээ. Ажлаа хүлээж аваад аймгийн статистик тоон мэдээллийг харж байхад 2024 онд манай аймагт 440 хос гэр бүлээ батлуулж, 228 хос гэрлэлтээ цуцлуулж, 600 гаруй хүүхэд хагас өнчин болж үлджээ. Энэ үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн тоо байлаа. Бид тогтвортой уул уурхай гэж ярьж байгаа шигээ тогтвортой гэр бүлийг бий болгох нь маш чухал байна.
 
-Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд нэлээдгүй сургууль цэцэрлэгийн засвар эхэлсэн байсан. Яагаад ажил оройтож эхлэв?
2025 он аймгийн Боловсролын салбарын хувьд тулгамдсан олон асуудлаа шийдвэрлэх гарц гаргалгаагаа тодорхойлсон онцлогтой жил болж байна. Өнгөрсөн 7 дугаар сард хуралдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар аймгийн Засаг даргын “Болзошгүй аваарын зардал”-ыг нэмэгдүүлж олон жил аваарын нөхцөл байдалтай явж ирсэн сургууль, цэцэрлэгүүдийн засвар, шинэчлэлийн асуудлыг нэг мөр шийдвэрлэх боломжийг бүрдүүлж өгсөн.
Энэ ажлын хүрээнд 1976-2008 оны хооронд ашиглалтад орсон 50 шахам жил гар хүрээгүй зарим сургууль, цэцэрлэгийн барилгуудаас давхардсан тоогоор 60 гаруй сургалтын байгууллагын хичээлийн байранд сантехник, дээвэр, хана, хаяавч, цонх, дулаалгын засвар үйлчилгээг хийж одоо ажил 95 хувьтай дуусах шатандаа орж байна. Өнөөдрийн байдлаар орон нутгийн төсвөөс 15,5 тэрбум төгрөгийг зарцууллаа. Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэснээр төрийн өмчийн бүх сургууль, цэцэрлэгүүдэд тулгамдаад байгаа дулаан алдагдал, сантехникийн шугамын элэгдэл, эвдрэл гэмтэл, дээврийн дусаал зэрэг олон хүндрэлтэй асуудлууд бүрэн шийдвэрлэгдэж багш, сурагчид маань илүү тохилог, таатай, дулаахан орчинд хичээллэх боломж бүрдэнэ.
-Өнгөрсөн намар Монгол Улсын Ерөнхий сайд Орхон аймагт ажиллаж Хавдрын дэд төвийн нээлтийг хийсэн. Яах аргагүй эрүүл мэндийн салбарт онцлох үйл явдал боллоо.
Өнгөрсөн наймдугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгохоор шийдвэрлэж есдүгээр сарын 7-ны өдөр Ерөнхий сайд Орхон аймагт ажиллах үеэрээ албан ёсоор үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Орхон, Хөвсгөл, Булган аймгийн иргэдэд хавдрын үеийн эмчилгээ, тусламж үйлчилгээг цогцоор үзүүлэх, түүнчлэн баруун аймгуудын иргэд ч зардал багатайгаар хавдрын оношилгоо, эмчилгээнд хамрагдах боломж бүрдлээ. Тус дэд төв нь ХСҮТ-ийн харьяа орон нутгийн хавдрын эмчилгээ оношилгооны жишиг төв болж байгаа юм
Бид саяхан бас эрүүл мэндийн салбартаа болон БОЭТ-д хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний зардал мөнгийг тооцоход 10 тэрбум төгрөг шаардлагатай гэж гарсан. Үүнийг ирэх оныхоо төсөвт мөн тусгахаар төлөвлөж байна. Ингэхээр ирэх жил зөвхөн эрүүл мэндийн салбартаа 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж чадвал эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй олон асуудлууд шийдэгдэнэ. Бид жижиг төсвөө жилдээ салбар бүрт бага багаар тусгах биш том асуудлыг нэг жилд цогцоор нь шийдье гэдэг бодлого барьж байна. Угаасаа бага төсвийг улам жижиглээд салбар бүрт хүртээж байхаар нэг жилдээ нэг салбараа цогцоор нь анхаараад явбал илүү үр дүнтэй болох юм.
- Эцэст нь таныг шинэ ажлыг эхлүүлсэн, хийснээр чинь биш өмнөх хуримтлагдсан ажлыг яаж дуусгав гэдгээр бас олон нийт дүгнэнэ. Олон жил хүлээгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудаа хэрхэн дуусгах вэ?
-Царцсан олон барилга бий. Хүүхдийн парк болон Хог ангилах үйлдвэрийн ажил ургашилж байгаа. Алдаа дутагдлыг нь засаж, шийдэл эрэлхийлээд зарим асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлээд явж байна.
Аймгийн хурал, захиргааны байгууллага болон хойд бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд хамтран шаардлагатай сургууль, цэцэрлэгүүдийг өргөтгөх, шинээр барих, царцсан барилгуудыг ашиглалтад оруулахад түлхүү анхааран ажиллаж байна.
-Танд амжилт хүсье. Баярлалаа.
Сэтгүүлч Б.Баттогтох