“Оюутолгой” ХХК-д ногдуулсан нөхөн төлбөрийн асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
10 Цагийн өмнө
133
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан нөхөн төлбөрийн асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүхийг 2026 оны 05 дугаар сарын 08-ны хүлээн авч уулзан ус бохирдуулсны төлбөр төлөхтэй холбоотой үүссэн асуудал болон газрын нөхөн сэргээлтийг сайжруулах, СОР17 хурлыг дэмжиж хамтран ажиллах талаар санал солилцлоо.
  • “Оюутолгой” ХХК-д холбогдуулсан Татварын ерөнхий газрын нэхэмжлэлтэй ус ашигласны төлбөр, 
  • Үндэсний Аудитын газрын албан шаардлагын дагуу 4.8 тэрбум,
  • Усны газраас 2026 оны 1 дүгээр улирлын байдлаарх 1.5 тэрбум төгрөг,
  • 2022, 2023, 2024, 2025 онд ус бохирдуулсны төлбөр төлөх асуудал шийдвэрлэгдэхгүй байсаар өнөөг хүргээд байсан.
Уулзалтаар дээрх үүсээд байсан асуудлыг талууд харилцан ярилцаж, шийдвэрлэхээр тохирлоо.
 
Энэ талаар сайд Ц.Сандаг-Очир “БОУАӨЯ нь Монгол Улсын Үндсэн хууль, хуулийг дагаж мөрддөг, байгаль орчинд ээлтэй технологи ашигладаг, нийгмийн хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг. Төр, хувийн хэвшлийн түншлэл нь талуудын харилцан ойлголцлоос ихээхэн хамаарна. Тиймээс холбогдох хууль, тогтоомж, журмыг дагаж мөрдөх нь туйлын чухал. Энэ ч утгаараа ус бохирдуулсны болон ус ашигласны төлбөрийг нөхөж төлөх асуудал энэхүү уулзалтаар эцэслэгдэн шийдвэрлэгдэж байгаа нь сайшаалтай. Түүнчлэн 2010-2026 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд туссан байгаль хамгаалах зардлын 50 хувьтай тэнцэх нийт 9,9 тэрбум төгрөгийг нөхөн байршуулах ажлыг зохион байгуулсан нь талууд харилцан ойлголцолд хүрсний тод илрэл” гэлээ.
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.