Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн оны 44 дүгээр тоот зарлигаар улс орон даяар өрнөж буй “Тэрбум мод тарих” үндэсний өдрүүдийн хаврын мод тарилтад Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид манлайлалтай оролцож байна. Мод тарих үндэсний өдрүүд нь хавар, намрын тав болон ес, аравдугаар саруудын бүх амралтын өдрүүдэд үргэлжлэхээр тус зарлигт тусгасан. Энэ дагуу Эрдэнэт үйлдвэрийн бүх цех нэгж, уурхайчдын дунд хаврын мод тарилтыг үйлдвэрийн Ногоон хөгжлийн төслийн нэгжээс зохион байгуулж байна.
Өнөөдрийн мод тарилтаар уурхайчид, Булган аймгийн Сэлэнгэ сумын “Шар тал” хэмээх газарт буюу Мод үржүүлгийн “Эрдэнэт цогцолбор”-ын ойр орчимд агч, монос,өрөл зэрэг гурван төрлийн 5100 мод тарилаа. Өөрөөр хэлбэл, энд 1005 уурхайчин, гэр бүлийн хамт ирж, мод тарилтад манлайлан оролцов. Өмнөх жилүүдийн мод тарилтад үйлдвэрийн ажиллагсад өргөн оролцож байсан бол энэ хавар гэр бүл, хүүхдүүдтэйгээ хамт, улам олуулаа мод тарьж буйгаараа онцлог болж байна гэж Ногоон хөгжлийн төслийн нэгжийн дарга Б.Сэр-Оддамба ярилаа.
Мөн мод тарилтад Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат болон бусад бүтцийн нэгжийн удирдлагууд оролцож, хамтран мод тарьсан юм. Энэ жил үйлдвэрийн цех нэгжүүд, хамт олноороо нэгдэж, гадаах талбай, ойр орчмын ногоон байгууламжийн тохижилтод хувь нэмэр оруулахаар санаачилга гарган ажиллаж байна. Тухайлбал, Хүний нөөц, захиргааны хэлтэс, Ил, уурхай, Чанарын хяналтын хэлтэс, “Эрдэнэт цогцолбор” Их сургуулийн хамт олон бусад цех нэгжээ уриалан, Ногоон хөгжлийн төслийн нэгжээс мод авч тарьжээ.
Түүнчлэн, Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилтээр Өвөрхангай аймагт шинэ Хархорум хотыг байгуулахаар төлөвлөсний дагуу тус төслийг хэрэгжүүлэх хүрээнд 27 мянган шинэс, гацуур, улиас, хайлаас зэрэг олон төрлийн мод тарих ажил эхлээд, үргэлжилж байна.
Энэ өдөр Эрдэнэт үйлдвэрийн Барилга засварын цехийнхэн гэр бүл, ахмадуудтайгаа хамт Сархиа уулын энгэрт 1000 хайлаас, хуш, гацуур тарилаа. Тус цехийнхэн жил бүр Сархиа уулын бэлд 1000-1500 мод тарьдаг бөгөөд өмнөх жилүүдэд тарьсан модод нь ургалт сайтай байгааг харахад урамтай буйгаа цехийн ажилтнууд онцолж байлаа.
Эх сурвалж:
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ