-Хадгаламж, зээлийн хоршооны салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг үргэлжлүүлнэ-
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулинтай өнөөдөр уулзлаа. Уулзалтын эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжилд Азийн хөгжлийн банкнаас үзүүлсэн үнэтэй хувь нэмэрт талархал илэрхийлээд бичил санхүүгийн салбарыг хөгжүүлэх чиглэлд хэрэгжүүлсэн онцлох ажлууд болон хадгаламж, зээлийн хоршооны салбарын өнөөгийн нөхцөл байдлынхаа талаар мэдээлэл өгсөн.
Харин Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин Монгол Улсад финтек салбарын зохицуулалтын орчныг хөгжүүлэх, мөн орон нутгийн иргэд, малчдын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулсан юм. Тэрээр цаашид Санхүүгийн зохицуулах хороотой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, санхүүгийн салбарын хөгжил, хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Уулзалтын хүрээнд хоёр тал хадгаламж, зээлийн хоршооны салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэх, орон нутгийн иргэдэд санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд илүү нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.
Уулзалтад Азийн хөгжлийн банкны Улс хариуцсан ахлах эдийн засагч Мартино Пелли, Цаг уурын өөрчлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Энх-Aмгалан болон холбогдох бусад төлөөлөл оролцсон юм.