Жилийн өмнө улсын эдийн засаг тамирдуухан, Хөгжлийн банк гундуухан байлаа. Өнөө, маргаашгүй энэ банк дампуурах нь, татан буугдах нь гэсэн яриа хөөрөө энд тэндгүй гарч, зарим нь санаатай ч гэмээр үүнийг гаргаж байв. Төрийн ордонд ч, ордны ойролцоох уушийн газарт ч Хөгжлийн банкны зээлийн талаар бултаараа шуугин хэлэлцэж байсан юм. Тэр, энэ тийм дүнтэй зээл аваад өнөөдрийг хүртэл төлөөгүй байна гээд, зарим нь 8 хувийн хүүтэй орон сууцны зээлээ төлөх гэж хичээж, өөрөөсөө хүртэл харамлаж байхад тэрбум, тэрбумаар нь тийм бага хүүтэй аваад арай л дэндүү юм хэмээн халаглаж, нийгмээрээ, нийтээрээ бид бухимдаж суулаа.
90-ээд оны эхэн үед төлбөрийн чадваргүй болсон банкуудын дампуурлаас харахад, тухайн аль нэгэн банкнаас их дүнтэй зээл авчихсан, эсвэл их хэмжээний зээл дур мэдүүлэн олгочихсон хүмүүст хожоотой үйл явдал энэ болж, 20 шахам банк үйл ажиллагаагаа зогсоож, дампуурлаа зарласан байдаг. Банкны салбарт үүссэн томоохон хүндрэл 1994-2000, 2008-2010 онд тохиож, судлаачид энэ он жилүүдийг хүндрэлийн үе гэж оношилсон. Гол шалтгааныг банкны засаглал бэхжээгүй, менежментийн бодлогогүй, банкинд тавих хараа хяналт сул задгай байсны үр дагавар хэмээн тайлбарладаг.
Муугаар бодоход, Хөгжлийн банк чанаргүй зээлээ зарлаж, нэр хүндээ барж байх үедээ дампуурсан бол өнөөдөр юун эдийн засгийн өсөлт, зээлжих зэрэглэлийн нааштай үнэлгээ, шинээр бонд босгох, өмнөх өр төлбөрөө Монгол Улс цаг хугацаанд нь төлж барагдуулах билээ. Энэ бүхэн эсрэгээрээ байх байсныг үгүйсгэхгүй. Төрийн өмчит банк дампуурлын ирмэгт тулж ирсэн нь магадгүй 2021-2022 оны банк, санхүүгийн салбар дахь ээлжит хүндрэл гэж тодорхойлж болохоор...
Хөгжлийн банкны хүндрэл даамжирч, хөгөө чирсэн бол өнөөдөр олон улсад найдваргүй, санхүүгийн сахилга батгүй, хөрөнгө оруулагчдын итгэлийг хөсөрдүүлсэн гээд хамаг муугаараа бид цоллуулж, Арбитрт Засгийн газар нь дуудагдах байсан биз. Ингээд ч зогсохгүй дотоодын санхүү, эдийн засаг улам уралдан доройтох байлаа. Итгэл найдвар алдрах байлаа. Хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчид тэр хэрээр алсрах байлаа. Ам.долларын ханш төгрөгөөс улам холдон, зөрүү нь хэрэглээний эдийн засагтай өрхийн амьжиргааг тартагт тултал зовоох байлаа. Хэрэв ийм нөхцөл байдал үүссэн бол Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй хэсэг хүмүүс завшиж хоцрох байсан нь дамжиггүй. Тэдний төлөөгүй зээлийн өр төлбөр татвар төлөгч ард иргэд, аж ахуйн нэгжийн нуруун дээр торгууль мэт буух байлаа. Ханшийн дарамт болж, төгрөгийг тэр хэрээр үнэгүйдүүлэх байлаа.
Эргэн сануулахад, 2022 оны нэгдүгээр сарын 20-нд Хөгжлийн банкнаас чанаргүй зээлүүдээ олон нийтэд зарласан, тэр цагаас хойш бүтэн жилийн турш бид Хөгжлийн банкаар амьсгалж 2023 онтой золгосон. Үндсэндээ сүүлийн хоёр жилийн хугацаанд буюу "Нүүрсний хулгай" гарч иртэл Хөгжлийн банк нийгмийн хөндүүр сэдэв, тулсан асуудал, эргэлзээ, хардалт байлаа.
Хөгжлийн банкны хамгийн хүнд өдрүүд жилийн өмнө өдийд эхэлчихсэн байсан юм. Харин өнөөдөр энэ банкны хувь заяа чухам өөрөөр эргэжээ. Үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх эсэх нь туйлын эргэлзээтэй байсан Хөгжлийн банк бэрх цагийг өнөө тулж, өөрийн эх үүсвэрээр 2023 онд эргэн төлөх хуваарьтай “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын төлбөрийг цаг хугацаанд нь оны өмнөхөн төлж барагдууллаа.
Эдийн засагт, хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын итгэлийг олох гэж зорих, зовох манай улсад хамгийн сайн мэдээ энэ байлаа. Нэг ёсондоо Хөгжлийн банк улсаа ч, өөрийгөө ч, гадагш зээл хүсэх хувийн хэвшлээ ч хамт аваад гарлаа, аварлаа. Өр барагдуулах үйл явцыг харахад ханшийн өсөлт, цар тахлын хожуу уршиг, Орос Украины дайн гээд эдийн засгийн тааварлашгүй нөхцөл байдал дунд өрнөжээ. Тэрчлэн дотоод, гадаад санхүүгийн олон нөөц боломжоо Хөгжлийн банк ашиглаж, биржийн бус зах зээлд хүртэл хүч үзсэн байна.
Хөгжлийн банкинд хийсэн Монголбанкны шалгалтаар нийт зээлийнх нь 55 хувь чанаргүй ангилалд багтсан байсан юм. 2012 оноос олгогдсон ч буцаан төлөгдөөгүй зээлүүд хүртэл байсан. Чанаргүй зээлийн хэмжээ дээрх түвшинд очно гэдэг дампуурлын дохио чихэнд хангинаж байсан гэвэл онох. Банкны өөрийн хөрөнгө, авлагын харьцаа гээд санхүүгийн амин чухал үзүүлэлтүүд бүгд муу гарчихсан, эрх баригчид хүртэл энэ банкны ирээдүйд эргэлзэж эхэлсэн цаг үе таарсан юм. Нөхцөл байдал ингэж хүндэрсэн байсан гэсэн үг.
Банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 0,3 хувьтай гарсан. Энэ нь чанаргүй зээлүүд дээр эрсдэлийн сан байгуулбал банк өөрийн хөрөнгөгүй үлдэнэ гэсэн үг. Олон улсын банк санхүүгийн системд бол энэ харьцаа 9 хувиас дээш байхыг зөвлөдөг. Гэтэл Хөгжлийн банкных 0,3 хувь болчихсон байсан нь асуудал хэр ноцтойг илтгэн харуулах.
Өчигдөр ийм бэрхшээл байсан бол өнөөдөр Хөгжлийн банкнаас авсан зээлийн эргэн төлөлт эрс сайжирч, 2023 оны 12 дугаар сарын байдлаар нийт 1.6 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн эргэн төлөлт хийгджээ. Чанаргүй зээл нь Хөгжлийн банкинд өндийх боломж олгохгүй, сөгдүүлж байсныг жилийн өмнө бид харсан. Улс орны хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, түүнийг урагшлуулах чиг, үүрэгтэй Хөгжлийн банк амь тавих шахаж байсан хүнд үеэс өдгөө гарч, шинэ санхүүжилтийн эх үүсвэрүүдийг татан төвлөрүүлэх, олон улсын банк, санхүүгийн далай тэнгист өөрийн байр сууриа бэхжүүлэх, нэр хүндээ улам бататгах цаг үед иржээ.
Түмэн асуудал, мянган зовлондоо түүртэж явсан Хөгжлийн банкны дотоод асуудал цэгцэрч, Эксим банк болох боломж бүрдэж эхэлснийг тус банкны гүйцэтгэх захирал Ж.Батаа онцолжээ. 2021 онд Хөгжлийн банкны дүрмийг батлахдаа Эксим банкны чиг үүргийг гүйцэтгэнэ гэж зааж өгснийг гүйцэтгэх захирал нэмж дурдсан.
"Цаашид хууль, засаглал, бизнес моделийн өөрчлөлтийг хийснээр Эксим банкны чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах боломж бүрдэнэ гэж харж байна. Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааг авснаар мөн тодорхой асуудлуудад шийдэлд хүрнэ. Зөвхөн хууль эрх зүйн шинэчлэл хийснээр асуудал 100 хувь шийдэгдэхгүй байх. Банк санхүүгийн бизнес гэдэг өөрөө хүмүүс дээр тогтдог бизнес тул өөрсдөө ёс зүйг эрхэмлэж ажиллахгүй бол болохгүй. Тэгэхээр олон талын оролцоо хандлага чухал гэдэгт анхаарч ажиллаж байна" хэмээн "Зууны мэдээ" сонинд өгсөн ярилцлагадаа Ж.Батаа захирал тодорхой өгүүлжээ.
Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа хойш буюу 2011 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд 3000 орчим төсөл арга хэмжээнд нийт 7.5 их наяд төгрөгийн зээл олгосон байна. Нийт зээлийн 54.7 хувийг боловсруулах үйлдвэрлэлийн салбарт олгосон бөгөөд барилга, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг тэргүүлэх салбаруудыг дэмжих зорилгоор олгосон зээлүүд голлож байна. Хөгжлийн банк 100 хувь төрийн өмчит банк, 1.2 их наяд төгрөгийн дүрмийн сантай, 10 гаруй жилийн түүхтэй, энэ хэмжээний туршлага хуримтлуулсан, зээлийн санхүүжилтийг дунд, урт хугацаагаар бонд хэлбэрээр гаднаас голдуу босгож ирсэн. Хөгжлийн банк нь дотоодын арилжааны банктай өрсөлдөхгүй, тэр жишгээр ажиллахгүй. Угтаа чиг шугам нь маш тодорхой банк.
Банкны түүхэн хугацаан дахь өөрчлөлт шинэчлэл, хүнд өдрүүд эргээд банкны эрх зүйн орчин, түүний засаглал, дотоод, гадаад хяналт, хэм хэмжээ, удирдлагын үүрэг, оролцоо, ТУЗ-ийн "дархлаа"-г хүртэл эргэн харахад хүргэж байна. Тиймээс Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулахаар Сангий яам болон тус банкны хамтарсан ажлын хэсэг гарч, хуулийн төслийг парламентад өргөн барихаар ажиллаж эхэлжээ.
Хууль эрх зүйн орчныг дагаад банкны дүрэм, журамд өөрчлөлт орно. Засаглалын хувьд Хөгжлийн банк том алхам хийх цаг үе ч болсон. Үүнийг өнгөрсөн хоёр жилийн үр дүн, хэрэг маргаан харуулсан. Зээлийг шүүхийн тогтоолтой барагдууллаа ч дараа дараагийн гарч болохуйц эрсдэлийг хаах "илд, бамбай" нь хууль эрх зүйн орчин, түүний хэм хэмжээ юм. Банкны засаглалын чанар зээлийн чанарыг тодорхойлох том хөшүүрэг, эрсдэлийг удирдах, улс төрөөс хараат бус байх "дархлаа". Хөгжлийн банк "дархлаа"-гаа дэмжиж, дахин "ханиад" бүү хүрээсэй.
Муу зээлийн түүхтэй хамт сайн төслүүдийг ч Хөгжлийн банк мөнгөжүүлж, улс орны нийгэм, эдийн засгийг урагш хөтөлсөн. Тухайлбал, Амгалангийн дулааны станцын өргөтгөл одоо хийгдэж байна. Өргөтгөл нь энэ онд ашиглалтад орно. Зүүн бүсийн Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөлийг мөн л Хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байна. Энэ сард уг өргөтгөл ашиглалтад орох бөгөөд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн тог цахилгааны толгойны өвчин арилах юм.
Хөгжлийн банкны зээлээр цементийн төслүүд хэрэгжиж, барилга, авто замын салбарынхан гаднаас цемент авах шаардлагагүй болсон. Монгол Улс өөрсдийн хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангаж байна. ТЭЦ-4-ийн өргөтгөл мөн л Хөгжлийн банкны санхүүжилтээр 2018-2021 онд хэрэгжиж дууссан. Монголын цахилгааны хэрэглээний 40 гаруй хувийг ТЭЦ-4 станц дангаараа хангаж байна. Дорноговьд баригдаж байгаа Газрын тосны боловруулах үйлдвэрийн туслах дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байна. Эдгээр сайн мэдээгээр нийтлэлээ өндөрлөе.