Монголын Эдийн засгийн чуулган-2025 хоёр дахь өдрөө амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн геополитикийн амаргүй нөхцөл байдлаас үүдсэн эдийн засгийн удаашрал, түүхий эдийн үнийн уналтын үед болж байгаа энэ удаагийн форумаар Монгол Улс цаашид хөрөнгө оруулагчдад хэрхэн хандах, бизнес эрхлэхэд ямар байх, шинэ эдийн засгаа хэрхэн харж байгаа болон уул уурхайн салбар ямар бодлогоор урагшлах зэрэг гол сэдвүүдийг хөндөж байна.
Эдгээрээс хоёр дахь өдөр болсон "Стратегийн нөөц ба нийлүүлэлтийн гинжин хэлхээ" хэлэлцүүлгийг бид онцолж байгаа юм. Энэхүү хэлэлцүүлэгт оролцогчдын тавьсан гол асуудал нь Монгол Улсын хайгуулын салбарыг сэргээх, стратегийн чухал орд биш стратегийн чухал ашигт малтмал гэсэн нэршлээр цаашид бодлогоо явуулах, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой байх зэрэг чухал байр суурь дээр санал нэгдсэн юм.
Тухайлбал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хайгуулын салбарыг сэргээх бодлого барихаа илэрхийлээд "Монгол Улсад хайгуулын тусгай зөвшөөрлийг авах нь хэцүү, хадгалах нь амархан байгаа. Энэ байдлыг эргүүлж, авахад хялбар, хадгалахад хэцүү болгох бодлогын шинэчлэл хийнэ. Үүний тулд одоо зөвхөн тендерээр олгож байгаа тусгай зөвшөөрөл олголтыг олон төрөлтэй буюу өргөдлөөр мөн өгдөг болох зэрэг хувилбаруудыг бий болгоно. Ингэж байж жинхэнэ мэргэжлийн хайгуулчид, хөрөнгө оруулагчид энэ салбарт орж ирнэ. Ингэж байж дараа дараагийн том төслүүд бий болно" гэсэн юм.
Тус хэлэлцүүлэгт уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн гол төлөөлөл болох Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл байлаа.
Тэрбээр Монгол Улс бодитойгоор нөхцөл байдлаа харах нь энэ цаг үед хамгийн чухал ба ингэж байж цаана нь байгаа боломжийг олж харна хэмээн тодотгосон юм. "Нүүрсний хувьд сүүлийн хэдэн жил манай улсын экспортын 60 гаруй хувийг бүрдүүлсэн. Яах аргагүй манай гол зах зээл бол БНХАУ. Тус улсын зах зээлд нүүрсээ нийлүүлэх нь чухал ач холбогдолтой. Худалдааны дайн, өөр ямар нэгэн хүчин зүйлээс хамаараад Хятадын эдийн засаг удааширвал нүүрсний хэрэглээ саарна, гангийн хэрэглээ буурна. Үүнийг дагаад коксжих нүүрсний хэрэглээ буурна. Энэ бол манай эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Гэхдээ нөгөө талд бас боломж нээгдэнэ гэж харж байгаа. Яагаад гэвэл өмнө нь БНХАУ руу коксжих нүүрс нийлүүлж байсан гол улсууд нь Австрали, Канад, Америк зэрэг байсан бол геополитикийн нөхцөл байдлаас хамаараад сүүлийн хэдэн жил ажиглагдаж байгаа зүйл нь БНХАУ Монгол, ОХУ-аас коксжих нүүрс авах хандлага эрс нэмэгдсэн. Тус улсын коксжих нүүрсний импортын 50 орчим хувийг манай улс сүүлийн жилүүдэд бүрдүүлээд явж байна. Нүүрсний үнэ уналаа, экспортын орлого буурлаа гэж байгаа ч хагас жилийн байдлаар 35 сая тонныг экспортолчихсон, салбар хувь нэмрээ оруулаад явж байна. Харин орлогыг нь хэтэрхий өөдрөгөөр төсөөлөөд энэ нь төсөвтөө яаж тусгагдсан нь дараагийн асуудал. Бодит нөхцөл дээрээ тулгуурлаж ирээдүйн төсөөллөө гаргах хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл маш олон жил яригдаж байгаа. Уул уурхайн салбар бол эдийн засгийн гол суурь. Энэ салбарын өөрийнх нь суурь болсон хайгуулын салбарыг 2012 оноос зогсоочихсон. Оюутолгой шиг том ордыг нээж, олборлолтыг эхлүүлэхэд 15-20 жил зарцуулагдсаныг бид мэднэ. Дараагийн ОТ шиг төслүүд орж ирж байж Монголын эдийн засаг үсрэнгүй хөгжинө. Тиймээс хайгуулын салбарыг нээх шаардлагатай гэсэн гол саналаа МУУҮА өгсөөр ирснийг Г.Батцэнгэл захирал хэлсэн. Харин дараагийн санал нь стратегийн ашигт малтмал, чухал ашигт малтмалыг онцолсон юм. “Монгол Улс 80 стратегийн ордтой болчихвол УИХ чуулган бүрээр ордын асуудал л хэлэлцдэг болно. Тиймээс зөв нэгдсэн хууль эрх зүй шаардлагатай” гэсэн байр сууриа тэрбээр энэ үеэр илэрхийллээ.
Хайгуулын салбар зогсонги болсны илрэл нь томоохон төсөл хуруу дарам цөөн байгаа явдал. Харин геополитикийн нөхцөл байдлын нөлөө, хоёр орны Засгийн газрын хүчин чармайлтаар Зөөвч-Овоо төсөл явж байгаа нь аз юм. Хууль эрх зүйн орчныг засаж сайжруулах шаардлага байгаагаас гадна зөвхөн Ашигт малтмалын тухай хууль биш Татварын багц хууль ч хамаатайг тэрбээр онцолсон.
"Хууль эрх зүйн хувьд хайгуулын салбараа нээх, стратегийн ордоо тодорхой болгох, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой болгоё. 10 жилийн өмнө зэсийн нийлүүлэлтэд газрын зураг дээр байдаггүй байсан Конго улс одоо Чилийн ард очсон байна. Харамсалтай нь, энэ хугацаанд монголчууд бид хайгуулаа зогсоогоод, хөрөнгө оруулагчдаа хөөж явуулсан. Татвартай холбоотой асуудлууд ярихаар Сангийн яамныхан тоо дурдаад тайлбар өгдөг. Монгол бага татварын ачаалалтай улсын тоонд ордог гэдэг. Тоог нь харвал үнэн. Нүүрс роялти үнээс хэлбэлзээд 5-10 хувь. Ачаалал бусад орны тооноос харьцангуй бага. Гэвч бодит байдал дээр тусаж байгаа нь газар тэнгэр шиг. Төмрийн хүдэр, жонш гээд салбарынхан энэ тухай уйлаад ярина даа. Татвар 5% гэсэн ч 20-30 хувь болчихдог. Компанийн ашгийн татвар 25 хувь. Татвар ногдуулахыг ашгаас хасаж тооцно гэх мэт нэмэгдсээр бодитоор төлж байгаа эффектив такс 40-50 хувь болдог. Татварын орчин тоондоо биш, аргачлалаа яаж хэрэгжүүлж, яаж тайлбарлаж байна гэдэг хамгийн чухал асуудал. Ассоциаци энэ бүхэнд саналаа өгөөд явж байгаа” гэлээ.