Монголын эдийн засгийн хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн тэргүүнд боомт болон тээвэр логистикийн хүндрэл бичигдэж ирсэн. Энэ байдал уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг хойш нь чангааж, зорилтот зах зээлд сүүл мушгих шалтгаан болдог. Хэдий худалдан авагч, хэрэглэгч зах зээлтэйгээ бид ойр, хаяа залган оршдог боловч дээрх нөхцөл байдлаас болж алдагдсан боломжийн өртөг асар их болсон.
Зах зээлийн үнэ өндөр үед нүүрсээ ахиу нийлүүлэх хүслийн хясал нь ердөө боомт, тээвэр логистикийн сул хөгжил. Экспортоо нэмэгдүүлэх замд тулгардаг албан бус “хориг” гэж үүнийг нэрлэж болохоор. Ийм зовлонг уул уурхайгаар дамжуулан улсаараа мэдэрч явна. Нүүрсний арвин их нөөцтэй ч худалдан авагч зах зээлдээ санасан хэмжээгээрээ хүргэж чадахгүй, үнийн өсөлт, өрсөлдөөнд илүүрхэж барахгүй жийгддэг. Өнгөрсөн жилүүдэд ийм л зам мөрийг Монголын уул уурхай, нүүрсний салбарт туулсан.
Дэд бүтэц, боомтын хоцрогдлоос гадна улс төрийн тогтворгүй байдал, ойлгомжгүй орчин, эргэж буцсан олон удаагийн шийдвэр баялгийн хараал руу улам хөтөлсөн. Хөрөнгө оруулагчдыг үргээж, эдийн засгийн өсөлтийг ч царцаасан.
Хятадын коксжих нүүрсний зах зээлд арай гэж бий болгосон байр сууриа алдах эрсдэлийг чухамхүү тоочих хүндрэлүүд нэмэгдүүлж, экспортын биет хэмжээгээ өсгөх найдварыг сулруулж ирсэн. Энэ бэрхшээл нь төсвийн орлогын мөнхийн сорилт юм. Нүүрсээ машинаар зогсолтгүй зөөгөөд, зөөгөөд манайх 100 сая руу ойртуулж чадаагүй. Жилийн экспортын биет хэмжээ одоогоор 70, 80 сая тонн дотор л эргэлдэж байна. Үүнээс ихийг авто тээврээр зөөх боломжгүй гэдэг нь өнгөрсөн хугацааны тоо статистикаар батлагдсан. Тиймээс төмөр замаа холбохоос өөр сонголт бидэнд үлдээгүй. Холбохгүй бол бусдын зах зээлээс улам хол хаягдах тавилан хүлээж байгаа.
Эрдсийн экспортоос валютын гол орлогоо бүрдүүлдэг манай улсын хувьд боомтын хүчин чадал хийгээд тээврийн нөхцөл ямагт бидний сул тал болж, баялгийн өгөөжийг бууруулж байгаа. Тэгвэл сүүлийн 21 жилийн турш яригдсан, 2008 оноос хойш тасралтгүй үргэлжилсэн хоёр улсын хэлэлцээрт талууд цэг тавьж, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж чадлаа. Ингэснээр Шивээхүрэн, Ханги, Бичигт боомтыг үе шаттайгаар төмөр замаар холбох боломж, нөхцөл бүрдэж байна. Эдгээр боомт экспортыг нэмэгдүүлж, тэр хэрээр төсөвт төвлөрөх орлогыг арвижуулна. Боомтуудын үр ашиг, гарц сайжрах тусам Үндэсний баялгийн санд хуримтлагдах ногдол ашгийн хэмжээ өснө гэсэн үг.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цэвэр ашиг өсөж, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. 1072 хувьцаатай иргэнд очих ногдол ашгийн хэмжээ өснө. Үндэсний баялгийн санг мөнгөжүүлэх, энэ сангаар дамжуулан ард иргэдэд байгалийн баялгийн үр ашгийг ижил тэгш хүртээх зорилт биеллээ олно. Сүүлийн 15 жилд уул уурхайн салбараас 12.2 их наяд төгрөгийн баялгийн өгөөжийг Монгол Улс өөртөө төвлөрүүлсэн. Цаашид энэ дүн өснө өө л гэсэн үг. Биет хэмжээний өсөлтөөс гадна зах зээлийн үнэ шууд нөлөө үзүүлнэ.
Нүүрсний нийлүүлэлтэнд түгжрэл үүсгэж, экспортын орлогыг хумьж, өрсөлдөөний гадна үлдэх шахсан Гашуунсухайтын боомтын хувьд хөгжлийн шинэ түүх одоо бичигдэж эхэлж байна. Гашуунсухайт бол Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг голлон хангадаг, улсын эдийн засгийг тодорхойлдог боомт. Эдийн засгийг тэтгэх, экспортыг аврах өмнөд бүсийн тус боомтоор хийгдэх гадаад худалдааны урсгал, тэр тусмаа нүүрсний экспортын хэмжээ ирэх жилүүдэд үлэмж ихээр нэмэгдэх хүлээлт үүслээ.
Гашуунсухайт-Ганцмод боомт төмөр замаар холбогдсоноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 83 сая тонноос 165 сая тонн болж, жилийн эскпортын орлого 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэсэн чихэнд чимэгтэй тоонууд сонор мялаана. Боомтын төмөр зам холбогдсоноор компаниуд нүүрсний гарцаа нэмэгдүүлэх, уулын ажлын төлөвлөгөөгөө эргэж харахад хүрнэ. Компаниуд дунд болон урт хугацааны бизнес төлөвлөгөөгөө боомтын хөгжил, төмөр замын хүчин чадалтай уялдуулан авч үзнэ.
Монгол Улсын 39 боомтоос 28 нь үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний 17 боомтоор БНХАУ-тай хиллэж, гадаад худалдаа эрхэлж буй. Үүн дотроо Замын-Үүд болон Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтын эрэмбэ хамгийн өндөр тооцогддог. Эдгээрээс уул уурхайн бүтээгдэхүүний хамгийн их дүнтэй экспортыг Гашуунсухайт-Ганцмодны боомтоор хоёр улс хийж байна.
Цаашид уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, түүний дотор нүүрсний өрсөлдөөнт зах зээлд Монгол Улс байр сууриа баттай хадгалах, бэхжүүлэх орон зайг Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам олгох нь дамжиггүй. Тэрчлэн Монголын нүүрсний компаниуд шинэ зах зээлийг эрэлхийлэх, нэг зах зээлийн хамаарлаа бууруулах, үр ашгаа нэмэгдүүлэх нөхцөлийг 22 сарын дараах Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт тод томруунаар бүрдүүлэх хүлээлттэй байна. Хамтарсан Засгийн газрын хамгийн том бүтээл нь 21 жил яригдсан Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын төмөр зам. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын тэргүүн шийдвэр, түүчээлэх мега төсөл нь энэхүү удаан хугацааны яриа хэлэлцээ өрнүүлсэн хоёр улсын түвшинд хэрэгжих төсөл юм.