Энэ чулуу яагаад хар, яагаад цагаан юм бол гэдэг бодлоос геологич болох үндэс тавигдсан
************ ***************** *************** **************
Чулуу бүрийн өнгөний учрыг олох гэж, байгалийн тогтцын мөн чанар, учир шалтгааныг танин мэдэх гэсэн түүний багын хүсэл сонирхол эмэгтэй хүний тэр бүр зориглон сонгоод байдаггүй геологич мэргэжилд эргэлт буцалтгүй хөтөлжээ. Туждаа хамт явах мэргэжлийнхээ гоё сайхныг, үнэ цэнийг иргэдэд энгийнээр ойлгуулж, салбартаа ирж яваа цагийн өөрчлөлт, шинэчлэлийг бага ч болов нээн шингээхээр зорьж яваа Жамсрангийн Эрдэнэбаяртай бид ярилцлаа.
"Геологи миний хувьд зөвхөн ажил биш, эрх чөлөө, аз жаргалын эх үүсвэр болдог" хэмээн өгүүлэх тэрээр ажлын гараагаа төрөлх их сургуулиасаа эхлүүлсэн нэгэн.
"Геологи бол эмэгтэй хүнд амар мэргэжил биш. Гэвч энэ мэргэжил хүнийг задгай сэтгэдэг, өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг болгож төлөвшүүлдэг. Монголд ч, гадаадад ч хөрөнгө оруулагчидтай уулзах үед өөрийн бодлоо итгэлтэй, чөлөөтэй хэлж чаддаг, уран сэтгэлгээтэй, зоримог хүмүүс л энэ салбарт урагшилж чаддаг. Тиймдээ ч геологи миний хувьд зөвхөн ажил биш, эрх чөлөө, аз жаргалын эх үүсвэр болдог.
Энэ салбар үргэлж тайлагдаагүй нууц, шинэлэг сорилтуудтай учруулж, өдөр бүрийг сонирхолтой болгодог. Тухайлбал, ашигт малтмалын хайгуулын геологич болсноор зөвхөн Монголдоо биш, дэлхийн олон улсад ажиллах боломж нээгддэг. Миний нөхөр мөн геологич бөгөөд бид Япон багш нартайгаа хамтран жижиг судалгааны лаборатори байгуулж, олон улсын судалгааны төслүүдэд хамтран ажиллаж байна. Далайн ёроолын ашигт малтмалын судалгааг Японд хийж, Перу, Чили, Казахстан зэрэг улсаас ирсэн дээжийг шинжилж, дэлхийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна.
Геологи бол үнэхээр глобал мэргэжил. Өнөөдөр ч олон залуус энэ чиглэлээр гадаадад ажиллаж, судалгаа шинжилгээний ажлуудад идэвхтэй оролцож байна. Салбарын ирээдүй зөв бодлого, зөв хөрөнгө оруулалтаар дэмжигдвэл үүний үр дүн, энэ боломжийг улам олон залуус мэдэрч, Монголын геологич нарын дуу хоолой, эрдэм чадал дэлхийн тавцанд илүү хүчтэй хүрч, үнэлэгдэж чадна" хэмээн Ж.Эрдэнэбаяр геологич ярьсан юм. Түүний аав ээжээс оноосон эрхэм нэрний өмнө олон тодотгол бичихээр байна. Багш, Судлаач, Геологич гээд үргэлжилнэ. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу...
-Геологич болохоор шийдсэн таны сонголтоор ярилцлагаа эхлүүлье. Энэ мэргэжлийг яагаад сонгох болов?
-Геологич мэргэжлээр, тэр дундаа ашигт малтмалын эрэл хайгуул мэргэжлээр би 2002 онд ШУТИС-ГГТС-д элсэж, 2007 онд төгссөн. Төгсөөд хувийн салбарт ажиллах гэсэн боловч манай салбарын профессор Гэндэнгийн Ухнаа багш маань намайг багшаар бэлтгэж, бусдад зааж сургах гарааг минь эхлүүлсэн. Түүнээс өмнө бол багш болох талаар бодож байгаагүй.
Мэргэжлээ сонгох болсон шалтгаан нь Монгол орныхоо хээр талаар аялж, ажиллах, танин мэдэх их хүсэлтэй, ямар нэгэн зүйлд баригдахгүй задгай сэтгэх дуртайтай минь холбоотой байх. Энэ чулуу яагаад хар, яагаад цагаан юм бол гэдэг бодлоос эхлээд геологич болох үндэс тавигдсан болов уу гэж боддог.
2007 оноос ажлын гараагаа эхэлж, 2010 онд магистраа хамгаалаад шинэхэн багш болсон. Ингээд 2011 онд доктор хамгаалахаар Япон орныг зорьсон. Доктроор сурахдаа гадаад улсын биш, Монгол Улсын төрийн сангаас олгодог залуу багш нарыг хөгжүүлэх тэтгэлэгт шалгарч, гурван жилд багтан докторын зэрэг хамгаалж, үргэлжлүүлэн судалгааны ажлаа хийсэн. Ийнхүү салбартаа 18 дахь жилдээ ажиллаж, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээг хослуулаад явж байна.
-Магистр болон доктор хамгаалсан сэдвүүдийг нь сонирхож болох уу?
-Би магистрын зэргээ ШУТИС-ийн ГТТС-даа хамгаалсан. Судалгааны ажлаа Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт орших Хараат ягаан уулын үелэн судалсан текстур (USТ)-тай боржинцор чулуулгийн текстурын судалгаа болон геохимийн онцлогт чиглэгдсэн судалгаа хийж хамгаалсан. Түүний дараа 2011 оноос Япон улсын Акита их сургуульд докторын судалгааны ажлаа уг талбайн хүдэржилтийн онцлог болон USТ текстурыг үүсгэсэн процесс, түүний ашигт малтмалын ордын эрэл, хайгуулын шалгуур шинж болох боломжийг тодорхойлох чиглэлээр судалгаа хийн докторын зэргээ 2014 онд хамгаалж төгссөн. Энэхүү USТ текстурын судалгаа нь порфирын төрлийн ордын хүдэржилтийн гарал үүслийг ойлгоход үнэтэй хувь нэмэр болдог.
-Өнөөдөр геологийн салбарынхны өглөөний уулзалт хийж, асуудлуудаа илэн далангуй ярилцаж байна. Та энэ уулзалтыг санаачилсан гэж сонссон. Яагаад санаачлах болов, ямар үр дүн авчирсан гэж боддог вэ?
-2014 онд докторын зэрэг хамгаалсныхаа дараа үргэлжлүүлээд төгссөн сургуульдаа хоёр жилийн хугацаатай пост докторын судалгаа хийхийн сацуу цагийн багшаар ажиллаж байсан. Энэ хугацаанд гадаадын хэд хэдэн төслийн багт хамтран ажиллаж, олон улсын туршлага хуримтлуулсан нь миний хандлага, сэтгэлгээнд том өөрчлөлт авчирсан гэж боддог.
Тэр хугацаанд Монгол болон гадаадын олон төслүүдэд ажигласнаар салбарын хөгжлийн ялгаа, сорилт, боломжийг харьцуулан ойлгох шинэ өнцөг нээгдсэн. Монгол Улсад 2012 оноос эхлэн эрдэс баялгийн салбар, тэр дундаа геологийн салбар уналтад орж, лицензийн хязгаарлалт, хөрөнгө оруулалтын бууралт зэрэг шалтгаанаар мэргэжлийн ирээдүй маань бүдгэрсэн. Энэ нь геологичдын мэргэжлийн нэр хүндийг сулруулж, залуу мэргэжилтнүүдийн тоо эрс багасах нэг шалтгаан болсон.
Ийм нөхцөлд салбартаа хувь нэмэр оруулах, геологичдын дуу хоолойг сэргээх, хамтдаа хэлэлцэх, шүүмжлэлээс гарц гаргалгаа хайх зорилгоор “Геологич нарын өглөөний уулзалт” нэртэй цуврал уулзалтыг санаачлан зохион байгуулсан. Эхэндээ энэ санаа тодорхойгүй, эргэлзээтэй байсан ч хамтрагч Амартайваны дэмжлэг, олон геологичдын идэвхтэй оролцоо анхны санаачилгыг илүү үр дүнтэй үргэлжлэх үндэс болсон. Ингэж дараа, дараагийн уулзалтыг хийх сэдэл төрж, идэвхтэй үргэлжилж байгаад баяртай байна. Үр дүнгийн хувьд шууд одоо үр дүн харагдахгүй ч ирээдүйд, салбарын бодлогод нөлөөл нь гарах байх гэж бодон сууна.
-Олон геологич цуглаад ярилцаж байгаа энэ уулзалтаас Монголын геологийн салбарыг хэрхэн дүгнэх вэ. Мөн салбарт тулгамдаж буй асуудал, гацаа юунд байна вэ?
-Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эрдэс баялгийн салбар, тэр дундаа геологийн салбарын хөгжилд саад болж буй гол хүчин зүйлсийн нэг нь салбарын бодлогын алсын хараа, стратегийн төлөвлөлтийн дутагдалтай байдал юм. Ахмад, залуу геологичид салбарын нөхцөл байдлыг дотроос болон гадаадаас ажиглах замаар нэгэн дүгнэлтэд хүрч байна. Тодруулбал, манай улсын “Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого” нь салбарын хэрэгцээ, бодит нөхцөлд бүрэн нийцээгүй, мөн хэрэгжилтийн түвшин хангалтгүй байна. Энэ нь салбарын хөгжилд саад болж, бодлогын тодорхойгүй байдал үүсгэж буйг олон нийт, мэргэжилтнүүд хэлж, учирлаж, тайлбарлаж байгаа.
-Одоо ямар алхам хийх хэрэгтэй гэж та хувьдаа бодож байна вэ. Юу хийвэл гацаа түгжээнээс гарах боломж байна вэ?
-Монгол Улсын геологийн салбар сүүлийн арван жилд гүнзгий хямралын байдалд шилжиж, хөгжлийн хурд удааширсан нь дараах үндсэн хүчин зүйлстэй холбоотой гэж үзэж байна. Үүнд,
-Уулзалтын үеэр Монголын геологийн суурь судалгааны 30 хувь нь ОХУ-д байгаа, тэрийгээ өгөөгүй гэж дурдах шиг боллоо. Хуучин цагт манай гол судалгааны дийлэнхийг ОХУ-ын баг бүрэлдэхүүн хамтран хийсэн байдаг ч мэдээлэл нь бүрэн байдаггүй гэсэн үг үү?
-Ер нь ОХУ-д судалгааны 30 хувь нь байгааг авч чадахгүй байгаа гэх мэт асуудал бий л дээ. Гэхдээ одоо бол тэр чухал ч суурь судалгаагаа өөрсдөө шинэчлэх хэрэгтэй. Заавал хүний гар харалгүй өөрсдөө хийх ёстой. Манай улс ашигт малтмалаа олборлож, тодорхой хэмжээнд төсөв бүрдүүлж чаддаг болсон. Харин энэ орлогоо зөв зарцуулах нь төрийн бодлогын гол зорилт байх ёстой. Иргэдэд шууд хуваарилах гэхээс илүүтэй, баялгийн сангийн хэсэгхэн хувийг шинжлэх ухаанд, тэр дундаа байгалийн шинжлэх ухаанд чиглэсэн бодлоготой, хяналттай хөрөнгө оруулалт болгон зарцуулах нь урт хугацааны хөгжилд илүү чухал.
Суурь судалгаа бол улс орны хөгжлийн үндэс. Тиймээс төрөөс шинжлэх ухаанд тавих анхаарлаа нэмэгдүүлж, санхүүжилтийг бодитойгоор өсгөх шаардлагатай байна.
-Баялгийн сангаас сүүлд иргэддээ тараасан мөнгөөр тухайлбал хэр хэмжээний судалгаа хийж болох байсан гэсэн тооцоо та бүхэн хийж үзсэн үү?
-Шууд тооцож мэдэхгүй байгаа ч тэр мөнгө нэг хүнд ногдох баялгийн хуваарилалт нь тэр бүр хүний амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт авчрахгүй. Гэтэл тэр тараасан мөнгийг нэгтгэж, шинжлэх ухааны салбарт чиглүүлбэл илүү бодит үр дүн гарна. Жишээлбэл, өнөөдөр бид судалгааны үндсэн дээжүүддээ үнэмлэхүй нас тогтоох шаардлагатай тохиолдолд гадаад руу илгээж байна. Учир нь энэ төрлийн өндөр нарийвчлалтай шинжилгээ хийх тоног төхөөрөмж манайд байхгүй.
Хэрвээ бид баялгийн сангаас судалгаа шинжилгээнд зорилтот хөрөнгө оруулалт хийсэн бол, ядаж л нэг иж бүрэн багаж төхөөрөмж авах боломж бүрдэх байлаа. Энэ нь зөвхөн нэг судалгаанд бус, олон төсөлд ашиглагдаж, шинжлэх ухааны хөгжлийг шат ахиулах бодит суурь болох байсан.
-Тухайн багаж ямар үнэтэй байдаг вэ. Үнэмлэхүй насны судалгаа гэдэг нь юуг тодорхойлдог болохыг энгийн үгээр хэлж өгөөч.
-Жишээлбэл, боржин чулуулгаас циркон гэдэг эрдсийг ялгаж аваад, уран ба торийн задралаар тухайн чулууны үнэмлэхүй насыг тогтоодог. Энэ нь тэр чулуу хэзээ, яаж үүссэн болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох боломжийг бидэнд өгдөг. Ийм судалгаа хийх нь зүгээр нэг чулуулаг судалж байгаа хэрэг биш. Энэ нь бидний хайж буй ашигт малтмал яг хаана, ямар насжилттай, ямар чулуулагт тархалттай байгааг олж тогтоох үндэс болдог.
Энэ мэдээлэл дээр суурилан ашигт малтмалын эрэл, хайгуулын ажлыг системтэй төлөвлөж болно. Монгол орны хэмжээнд геологийн тогтоц, чулуулгийн нас, бүрдлийг тодорхойлсноор, хиймэл оюун ухаан ашиглан дата-анализ, предикшн модель боловсруулснаар ямар төрлийн ашигт малтмал хаана илүү тархалттай байж болохыг урьдчилан таамаглах боломж бидэнд бий болгодог. Ингэснээр төсөв, хүний нөөцөө үр ашигтай хуваарилж, геологийн ажлын үр дүнг бодитоор дээшлүүлнэ.
Гэтэл манай улсад ийм боломж байсаар атал ашиглаж чадахгүй байгаа нь харамсалтай. 2018 онд Геологийн судалгааны төв өндөр үнэтэй (ойролцоогоор 3 тэрбум төгрөгийн) нас тодорхойлох багаж авсан. Тухайн үед энэ мэдээг сонсоод салбарын мэргэжилтнүүд баярлаж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл уг багажийг ашигласан нэг ч бүрэн хэмжээний насны судалгаа хийгдээгүй. Гол шалтгаан нь дагалдах төхөөрөмжийг нь аваагүй, хүнээ бэлтгээгүй, цогц шийдэл байгаагүй.
Энэ бол зөвхөн нэг жишээ. Төслийн ард шинжлэх ухаанч байдал, зорилго, стратеги байхгүй бол ямар ч өндөр үнэтэй багаж ашиггүй болж хувирдаг. Нэг хүн хаа нэгтээ ямар багаж байна гэнэ гээд дуурайж авах нь асуудлыг шийдэхгүй. Шинжлэх ухаанд суурилсан, зорилготой, үндэслэлтэй хөрөнгө оруулалт л үр дүн авчирна.
-Одоо тэгэхээр шинээр бүтнээр нь авахаас өөр аргагүй болсон байх нь?
-Тэгэлгүй яах вэ. Өндөр өртөгтэй судалгааны багаж төхөөрөмж гэдэг бол зүгээр нэг хэрэглээ биш, харин стратегийн хөрөнгө оруулалт юм. Гэхдээ энэ нь зөвхөн нэг удаа худалдан аваад орхих эд биш. Техник технологи өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна, яг л гар утас шиг. Тиймээс манай салбар ч гэсэн энэ хурдаас хоцрохгүйгээр багаж хэрэгслийг үе шаттайгаар шинэчилж, дагалдах тоног төхөөрөмж болон хүний нөөцийн чадавхыг зэрэг хөгжүүлж байх ёстой. Энэ ажил орхигдож байна.
-Та түрүүн хүний нөөцийн асуудлыг ярьсан. Энэ мэргэжлээр жилд хэдэн оюутан элсэж байна вэ. Хүний нөөцийн бодлого ямар байх ёстой гэж бодож байна вэ?
-Бидний үеэс эхлээд Монголын геологийн салбар оргил үедээ хүрч, ашигт малтмалын хайгуул, хөрөнгө оруулалт эрчимжиж, салбарын нэр хүнд, хүний нөөцийн урсгал ч идэвхтэй байсан. Ашигт малтмалын хайгуулд 80 гаруй, зураглалын чиглэлд 50 гаруй оюутнууд элсэж байсан, МУИС-д бас л тэр хавьцаа оюутнууд элсэж, элсэгчдийн тоо тогтвортой өсөж байлаа.
Гэвч 2012 оноос эхлэн салбарын уналт бодитоор эхэлсэн. Газар ухдаг, байгаль сүйтгэдэг гэх нэг талыг барьсан олон нийтийн сөрөг ойлголт, улс төр, эдийн засгийн савлагаа зэрэг хүчин зүйлсээс болж геологийн салбарын нэр хүнд унаж, ажлын байр хумигдан, мэргэжилтнүүд ажилгүй болж эхэлсэн.
Энэ нь шууд утгаараа хүний нөөцийн хомсдолд хүргэж байна. 2022 онд геологи, ашигт малтмал, гидрогеологи гэсэн чиглэлээр элсэгчдийн тоо нийлээд 30 ч хүрээгүй. Хоёр сургуулийн нийлбэр элсэлт 150 байснаас ийм бага болж буурсан нь энэ салбарын ирээдүйд ноцтой аюул учруулж байгааг харуулж байна. Нэг үеэ бодвол ажил, мэргэжлийн уялдаа тасарч, мэргэшсэн боловсон хүчин тасалдаж эхэлсэн.
Гэтэл яг энэ цаг үед яамнаас 1:50 000 машстабтай нарийвчлалтай суурь зураглалын тендер зарлаж, суурь судалгааг хийх томоохон ажил эхлүүлэх мөн хайгуулын ажлыг эрчимжүүлж дэмжинэ гэсэн мэдээ гарч байна. Гэвч бодит байдал дээр түүнийг гүйцэтгэх боловсон хүчин одоо байна уу. Энэ бол урт хугацааны бодлогогүй явсны тод илрэл юм.
-ГЕОЛОГИ МИНИЙ ХУВЬД ЗӨВХӨН АЖИЛ БИШ, ЭРХ ЧӨЛӨӨ, АЗ ЖАРГАЛЫН ЭХ ҮҮСВЭР БОЛДОГ-
-Мэргэжлийнхээ үнэ цэнийг та юу гэж тодорхойлох вэ?
-Геологи бол эмэгтэй хүнд амар мэргэжил биш. Гэвч энэ мэргэжил хүнийг задгай сэтгэдэг, өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг болгож төлөвшүүлдэг. Монголд ч, гадаадад ч хөрөнгө оруулагчидтай уулзах үед, өөрийн бодлоо итгэлтэй хэлж чаддаг, уран сэтгэлгээтэй, зоримог хүмүүс л энэ салбарт урагшилж чаддаг. Тиймдээ ч геологи миний хувьд зөвхөн ажил биш, эрх чөлөө, аз жаргалын эх үүсвэр болдог.
Энэ салбар үргэлж тайлагдаагүй нууц, шинэлэг сорилтуудтай учруулж, өдөр бүрийг сонирхолтой болгодог. Тухайлбал, ашигт малтмалын хайгуулын геологич болсноор зөвхөн Монголдоо биш, дэлхийн олон улсад ажиллах боломж нээгддэг. Миний нөхөр мөн геологич бөгөөд бид Япон багш нартайгаа хамтран жижиг судалгааны лаборатори байгуулж, олон улсын судалгааны төслүүдэд хамтран ажиллаж байна. Далайн ёроолын ашигт малтмалын судалгааг Японд хийж, Перу, Чили, Казахстан зэрэг улсаас ирсэн дээжийг шинжилж, дэлхийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна.
Геологи бол үнэхээр глобал мэргэжил. Өнөөдөр ч олон залуус энэ чиглэлээр гадаадад ажиллаж, судалгаа шинжилгээний ажлуудад оролцож байна. Салбарын ирээдүй зөв бодлого, зөв хөрөнгө оруулалтаар дэмжигдвэл үүний үр дүн, энэ боломжийг улам олон залуус мэдэрч, Монголын геологич нарын дуу хоолой, эрдэм чадал дэлхийн тавцанд илүү хүчтэй хүрч, үнэлэгдэж чадна.
-Хүний нөөц цөөхөн боловч ажиллаж байгаа хүмүүсийг харвал нөөц боломж ихтэй байх шиг байна. Технологийн хөгжилтэй холбоотой хэдэн жилийн дараа миний ажил байхгүй болно гэж ярих хүмүүс олон. Тэгэхээр эсрэгээр нь технологийн боломжийг ашиглаад боловсон хүчнийг хэрхэн бэлдэх ёстой гэж бодож байна вэ?
-Хиймэл оюуны хөгжлийг дагаад зарим мэргэжил хэрэггүй болох нь гээд байгаа. Гэтэл хиймэл оюун бирдээс хүсэл хүсдэгтэй адил буруу хүслээ шивнэвэл буруу хариу ирнэ. Нэг онигоо байдаг шүү дээ. Хар арьст залуу намайг цагаан болгоод дандаа хүүхнүүд над руу гүйдэг болгоод өгөөч гэж бирдээс хүсэхэд метроны буудлын суултуур болгодогтой адил. Өгөгдөл буруу оруулбал хариу буруу гарна. Өгөгдлийг оруулж байгаа хүн чухал. Авах үр дүнгээ маш сайн мэддэг хүн хэрэгтэй. Тиймээс ч мэргэжилтнүүдийн хэрэгцээ улам ихэснэ. Жишээлбэл, геологийн салбарт хиймэл оюуныг ашиглан хайгуулын дата-д суурилсан загварчлал хийхийн тулд, тухайн мэдээллийг зөв цуглуулж, зөв боловсруулж, зөв тайлбарлаж чаддаг хүн хэрэгтэй. Тэр хүн л ямар төрлийн мэдээлэл оруулах ёстойг, ямар үр дүн хүлээж байгаагаа мэдэж байх ёстой.
Хиймэл оюуны хөгжил нь мэргэжилтнүүдийн оронд биш, мэргэжилтнүүдийн дэмжлэг болж ажиллах ёстой.
-Иргэдийн ойлголт зөрүү байгааг хэрхэн өөрчлөх боломжтой гэж хардаг вэ?
-Уул уурхайг эсэргүүцэх хөдөлгөөн зөвхөн Монголд байдаг зүйл биш. Энэ бол дэлхийн олон оронд байдаг нийтлэг үзэгдэл. Гэхдээ гол ялгаа нь тухайн улс орнууд энэ асуудлыг хэрхэн бодлогын түвшинд авч үзэж, салбар хоорондын уялдааг хэрхэн хангаж байгаад оршдог.
Жишээ нь, хөгжингүй орнуудад хүүхдийг бага ангиас нь шинжлэх ухаанч сэтгэлгээтэй болгох, геологи гэх мэт мэргэжлийн салбарын ач холбогдлыг ойлгуулах боловсролын тогтолцоотой. Ийм учраас тухайн улс орнуудад иргэд нь судалгаа, шинжилгээний шатандаа явж буй төслийг шүүмжлэхээсээ илүүтэйгээр үйл явц зөв явагдаж байгаа эсэхийг ойлгох чадвартай байдаг. Энэ бол ухамсартай оролцоог улсын бодлогоор бүрдүүлж өгч байгаа гэсэн үг юм.
Монголд ч гэсэн энэ системийг бүрдүүлэх бүрэн боломжтой. Байгаль орчин, боловсрол, эдийн засаг гэх мэт олон салбар хоорондын уялдааг бодлогын түвшинд оновчтой зохицуулах шаардлагатай. Бодлогоо зөв тодорхойлсон ч хэрэгжилт муу байгаа нь хамгийн том асуудал. Хэрэгжилт 60 хувьд хүрэхэд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна гэдэгт итгэдэг.
Би өөрийнхөө цалингаас мөнгө гаргаж анхны өглөөний уулзалтаа зохион байгуулж байлаа. Одоо бол мэргэжлийн холбоод, зөвлөлүүд, хувийн хэвшил дэмжиж, илүү өргөн цар хүрээнд зохион байгуулдаг болсон. Энэ нь салбарт тулгамдсан асуудлууд байгаа гэдгийг илтгэж байгаа хэрэг. Хэрвээ асуудалгүй байсан бол хүмүүс ирж, цаг заваа зориулахгүй.
Эдгээр уулзалтаар зөвхөн асуудал ярихаас илүү, болж бүтэж буй зүйлийг харилцан хуваалцдаг, судалгааны эерэг үр дүнгээ танилцуулдаг, харилцан суралцаж, үлгэр дуурайлал нэгнээсээ авдаг орчин бүрдээсэй гэж хүсдэг. Энэ бол салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах соёлын эхлэл гэж харж байгаа.
Би 2016 онд пост доктроо төгсөөд ШУТИС-даа эргэн ирэхдээ салбартаа өөрийн гэсэн хувь нэмрээ оруулна гэсэн зорилготой байсан. Гэвч бодит байдал хүнд, оюутан цөөн, багш нар илүүдэлтэй, цалин хөлсний асуудалтай байсан нь Япон руу буцахад хүргэсэн. Харин надад боломж олдож, багштайгаа хамтарч Японд судалгааны компани байгуулсан. Тэр үеэс судалгааны ажлаа Монголдоо ч, Японд ч тасралтгүй хийсээр байна.
Хэдийгээр гадаадад ажиллаж байгаа ч ШУТИС, Монголын геологийн салбар миний хувьд хэзээд нэгдүгээрт. Би залуу геологичдыг илүү өндөр түвшинд хүргэх хүсэл тэмүүлэлтэй. Тиймдээ ч өдөр бүр цахим орчинд мэргэжлийн мэдээ, ойлголт түгээж, “Геологич гэдэг газар ухдаг хүн биш, шинжлэх ухаанч сэтгэлгээтэй, байгалийн нөөцийг судалж, улс орны хөгжлийн суурийг тавьдаг мэргэжил” гэдгийг иргэдэд ойлгуулахыг зорьдог.
-Ярилцсанд баярлалаа.