"Монголын геологи, хайгуул-2025" 16 дахь удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэн “Эрэл, хайгуулыг дэмжих нь” сэдвийн хүрээнд үргэлжилж байна. Арга хэмжээний эхний илтгэлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлэлцүүлж, уул уурхай болон геологи хайгуулын салбарт төрөөс баримтлах бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрөө оролцогч талуудад танилцуулав.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт геологийн салбарыг олборлох, боловсруулах салбараас түрүүлж хөгжүүлэх стратеги барьж, эрдэс баялгийн найдвартай нөөцөөр хангах зорилгоор хөрөнгө оруулалтыг татах, ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд төрөөс баталсан талбайд сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг олгох ажил эхэлсэн гэдгийг хэлье. Энэ ажлыг тасалдуулахгүй авч явах болно. Олон улсын уул уурхай, хөрөнгө оруулалтын IMARC, PDAC зэрэг арга хэмжээнүүдийн үеэр дэлхийн уул уурхайн салбарын чиг хандлага ихээхэн өөрчлөгдөж байгааг хэлж байна. Ногоон болон эрчим хүчний дараагийн шилжилт рүү орох үйл явц аль хэдийн эхэлсэн байна. Бид IT, технологи өндөр хөгжсөн, энергийн шилжилт явагдаж байгаа энэ цаг үед дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, Засгийн газар хоцрохгүйгээр үйл ажиллагаа явуулах шаардлагатай болж байна. Үүний төлөө бид явж байгаа. Өнөөдөр дэлхийд уул уурхайн салбарын уулзсан 10 хүн тутмын 6-7 нь ярьж байгаа критикал минерал, тэр дотор орж буй газрын ховор элементийн асуудлуудыг яаралтай шийдэхгүй бол дэлхийгээс бид ихээр хоцрох нь ээ. Энэ янзаараа гурван жил өнгөрөхөд л хэдийнэ хоцорсон байхаар байна. Технологийн хөгжил асар хурдацтай өөрчлөгдөж байна. Энэ чиглэлээр ажиллахаар манай яамны дэргэд критикал минерал хариуцсан зөвлөх, яаманд газар хэлтэс төдийгүй “Эрдэнэс критикал минерал” гэдэг төрийн өмчит компани байгуулаад ажиллаж байгаа. Тун удахгүй нэрийг нь хуульд оруулж, минералуудаа баталж, ач холбогдол өгөх олон ажил бидний өмнө байна. Манайд хоцорсон байгаа асуудал бол критикал минерал, газрын ховор элементийн хайгуул. Олборлолт, ашиглалт бүүр хойно хоцрогдсон. Үүн дээр төр засаг түлхүү бодлого барих болно. Эрчим хүчний шилжилт, тэр дундаа ногоон эрчим хүч, ногоон эдийн засаг өндөр технологийн түүхий эдийн эрэлт нийлүүлэлтийн энэ цаг үед бид дэлхийгээс хоцорч болохгүй. Засгийн бодлого ч тэнд байх болно. Дэлхий дээр болж байгаа дайн тулааны үндэс суурийг харсан ч критикал минерал гэдэг зүйл дэлхийн худалдааны дайн, улс орнуудын мөргөлдөөний гол асуудал болоод байгааг бид мэдээллүүдээс авч байгаа. Энэ тал дээр улс дотроо хэрэлдэж, улстөржиж, гацааж суух биш, харин нийлээд гарцаа олоод ажиллах ёстой. УИХ-ын захирамжаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Энэ Ажлын хэсэг Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтийн гол цөм нь орон нутгийн удирдлагууд, ард иргэдтэй учраа ололцож, цаашдаа хамтран ажиллах, монголчуудын хэлдгээр алтыг нь аваад авдрыг нь хаяад явах биш, авдар дотор нь, ард иргэдэд нь АМНАТ-ын орлогын нэмүү хувийг үлдээж, хамтран ажиллаж, хамтран хөгжих агуулгаар хуулийн өөрчлөлт явах болно. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад газрын ховор элементийн, гаднын хөрөнгө оруулалттай зургаан орд нээгдсэн ба 6.1 сая тоннын нөөцтэй 5 орд, нэг шороон орд, 80 гаруй илрэлүүд тогтоогдсон байгаа. Халзан бүрэгтэй, Улаан дэл, Хотгор, Цагаан чулуут гэсэн газрууд байгаа. Засгийн газар энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө ажиллах болно. Хариуцлагатай уул уурхай гэдэг нэрийн дор олон улс ажиллаж байгаа бол Монгол Улс ч гэсэн энэ нэрийн дор цаашид бодлогоо уялдуулж явна. 14 мега төсөл явуулж байгаагийн шалтгаан нь Монгол Улс цаашид энэ салбараа ашиглах нь гэж итгэж, хөрөнгө оруулж болох нь ээ, бодлого нь зөв болох нь ээ гэдгийг харуулж байгаа юм. Эхнээсээ авхуулаад гуравдагч хөрш, хоёр хөрш бидэнд итгээд харилцаанууд сэргээд явж байгааг хэлье. Цаашдаа үлдэж байгаа мега төслүүдийг энэ бүрэн эрхийн хугацаанд яаравчилж, Монгол Улс цаашдаа катодын зэсээ өөрсдөө үйлдвэрлээд, түүгээрээ бусад бүтээгдэхүүнээ хийдэг, гангийн цогцолбороо ашиглалтад оруулж, ган зэсгийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болох амбицтай ажиллаж байгаа. Эцэст нь монголчууд газраа шүтэж амьдардаг. Бид хий хоосон шүтээд, хуурай улстөржиж, мэдлэггүй, эрдэм шинжилгээний судалгаагүй дайрч давшлах биш, түүнийгээ судлаад, нөөцөө мэдээд, үр хойчдоо алийг нь үлдээх, алийг нь ашиглах вэ гэдгээ шийдэх хамгийн чухал салбар болсон геологийн салбарын ажлаа бодлогын нэг номерын хамгийн анхаарал тавих асуудал гэдгийг хэлье. Бид тогтвортой, хариуцлагатай уул уурхайн хөгжлийг чухалчлан авч үзнэ" гэлээ.