Г.Цолмон: Хүмүүс геологийг шууд уул уурхайтай холбож ойлгодог нь буруу. Геологи хайгуул бидэнд юу байгаагаа таньж мэдэхэд тусалж байдаг
Г.Цолмон: Хүмүүс геологийг шууд уул уурхайтай холбож ойлгодог нь буруу. Геологи хайгуул бидэнд юу байгаагаа таньж мэдэхэд тусалж байдаг

Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны ерөнхийлөгч Г.Цолмонтой ярилцлаа. Тус холбооны санаачилгаар 2009 оноос хойш тогтмол зохион байгуулж ирсэн "Монголын геологи, хайгуул" чуулга уулзалт, үзэсгэлэн 16 дахь удаагаа 2025 оны гуравдугаар сарын 27,28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Геологийн салбарын мэргэжилтнүүдийн уулзах цэг, харилцан мэдээлэл солилцох, хамтдаа өсөж хөгжих, сүүлийн үеийн шинэ мэдээ мэдээлэл хүлээж авах "Монголын геологи, хайгуул-2025" эхлэхэд нэгхэн хоног үлджээ. 

-“Монголын геологи, хайгуул- 2025” чуулга уулзалт, үзэсгэлэн “Эрэл хайгуулыг дэмжих нь” сэдвээр маргааш эхлэх гэж байна. Энэ удаагийн онцлогоос яриагаа эхэлье.

-“Монголын геологи, хайгуул 2025” чуулга уулзалт гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт болж ирсэн. Энэ уламжлалаа хадгалан өргөн цар хүрээтэй зохион байгуулагдах гэж байна.  Геологичид ажилдаа гарах цаг үе ч ойртлоо. Улирлын энэхүү онцлогтой уялдан манай арга хэмжээ өмнө нь болдог. 16 дахь жилдээ болох гэж буй энэ удаагийн хурлаа богино хугацаанд хэдий ч техник, технологийн шинэчлэлийг ашиглан зохион байгуулахаар бэлтгэлээ хангаад байна. Арга хэмжээ оюутны эрдэм шинжилгээний хурлаар эхэлсэн. 

-Яах аргагүй геологи, хайгуулын салбарын том цугларалт. Тухайн жилийнхээ чиг хандлага, шинэ техник технологи, шинэ судалгаа, шинэ илрэлүүд гээд танай хурал цогц үйл ажиллагаа. Энэ удаа өнгөрсөн жилээс шинээр нэмэгдсэн зүйл юу байна вэ?

-Энэ жилийн онцлог бол технологийн шинэчлэлийг маш их ашиглаж байна. Хурлаа хайбрид буюу биет болон цахимаар зэрэг оролцох боломжийг ханган зохион байгуулж байгаа. Биеэр оролцох боломжгүй хүмүүст ч мэдээлэл авах боломжийг олгож байгаа бөгөөд бүтэн орчуулгатай явах учир гадаадын хүмүүс ч Монголын геологи, хайгуулын салбарын хөгжил, хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл авах боломжтой юм.

Бас нэг шинээр нэмэгдсэн зүйл нь мэргэжил сурталчлах нээлттэй үзэсгэлэн. Олон нийтэд мэдээлэл хүргэх энэ үзэсгэлэнд байгууллагууд идэвхтэй оролцож байна. Энэхүү үзэсгэлэнд ШУА-ийн Геологийн хүрээлэн, Шинэ Зеландын Секут компани, Монголын Өнгөт эрдэнийн чулууны мэргэжлийн холбоонд харьяалалтай чулуугаар урлаачид оролцох бөгөөд Монголын эрдэс баялгийн музейн үзмэрүүдийг энэ үеэр дэлгэнэ.

Фото зургийн үзэсгэлэн, ханан илтгэлийг энэ хэсэгт мөн оруулж өгсөн. Нээлттэй болох учир заавал бүртгэл гэхгүйгээр үзэх боломжтой. Сургуулиудын газар зүйн багш нар болон мэргэжлээ сонгох гэж буй төгсөх ангийнхан ирж үзээсэй гэж хүсэж байна. Багш, сургуулиас нь зохион байгуулаад ангиараа ирж байгаа бол бид зохион байгуулаад үзэсгэлэнгээр дамжуулаад компаниудтай уулзуулах боломжтой.

Гурав дахь онцлог нь, энэ удаад гадаадын зочид нэлээд оролцоно. Хуралдааны сэдвүүдээ олон улсын чиг хандлагад нийцүүлэн ангилсан. Тодруулбал, эхний өдрийн үдээс өмнө “Бодлого, хамтын ажиллагаа”, үдээс хойш “Инновац технологи”, хоёр дахь өдрийн өглөө “Критикал минерал”, өдөр нь “Ашигт малтмал” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулахаар дөрөв хуваасан бөгөөд гаднын тэргүүлэх зэргийн, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд илтгэл тавих юм.

Тухайлбал, Стэндфордын их сургуулийн Минерал Х гээд судалгааны багийн захирал “Инновац технологи” хэсэгт илтгэл тавина. “Критикал минерал” хэсэгт зэсийн олборлолт, эдийн засаг, трендтэй холбоотой илтгэлийг Канадын мэргэжилтэн Майкл Доуггет тавина. Хоёр дахь өдөр нь структур геологийн талаар үндсэн илтгэлийг Армели гээд мэргэжилтэн танилцуулна. Мөн Геологийн шинжлэх ухааны доктор Г.Жамсрандорж Монголын ураны талаарх илтгэлээ танилцуулна гээд дотоод болон гадаадын олон мэргэжилтэн онцлох илтгэл хэлэлцүүлэхээс гадна энд дурдаагүй олон илтгэл танилцуулагдана.

Илтгэгч нар давхар сургалт хийж байгаа. Сургалтууд онцлог төдийгүй гео аялал буюу уурхай болон орд газрууд, илрэлүүдтэй танилцах боломжтой гэдгээрээ онцлог.

-Өмнөх жилүүдийн чуулга уулзалтын үр дүн ямар байсан бэ. Төр засгийн түвшинд бол геологи, хайгуулын салбарт гол анхаарлаа хандуулна, хөгжүүлнэ, дэмжинэ гэсэн байр суурь илэрхийлж харагдана лээ?

-Өмнөх хурал бүрийн дараа хурлаас гарсан саналыг нэгтгэж холбогдох төрийн байгууллага, удирдлагуудад өгч ирсэн. Төрийн байдлыг харахад сүүлийн үед сайдаас эхлээд хайгуулаа эрчимжүүлэх уриатай, бодлоготой ажиллаж байна. Тэр хэрээр том төслүүд хөдлөөд эхэлсэн. Энэ нь бидний хувьд эерэг үзүүлэлт болж байна. Гэхдээ олон жил гацсан ажлууд нэгэн зэрэг хөдөлнө гэж байхгүй тул одоогийн энэ эрчээр олон жил үргэлжилж байж өмнө үүссэн хоцрогдлыг арилгах боломжтой. Хайгуул нь уул уурхай ашиглалтынхаа өмнө явахгүй бол хоцордог гэдэг шүү дээ. Одоогийн байдлаар хайгуулын тусгай зөвшөөрөл нь ашиглалтынхаас хэд дахин бага болчихсон байгаа нь уялдаа холбоо яаж гажуудсаныг илтгэнэ.

Гол үр дүнгээс харахад зөвхөн төр гэлтгүй энэ салбарын мэргэжилтнүүд нэг дор цуглаад хаана юу болж байна, юу сайжирч, ямар технологи гарч, хэн юу хийж байна гэдгийг мэдэх боломжийг олгодгоороо чухал ач холбогдолтой. Жилдээ хоёр өдөр өөрсдийгөө цэнэглээд, мэдээлэлтэй болчихсон мэргэжилтнүүд түүнийгээ ажилдаа шингээгээд аваад явахаар салбарт нийтээрээ эерэг нөлөө үзүүлдэг. Энэ бол хамгийн том үр дүн.

Төрийн ажилд бол бид оролцож чадахгүй, харин салбарынхныхаа дуу хоолой болж, санал хүргүүлдэг. Бидний хийж чадах зүйл бол салбарынхандаа мэргэжлийн зүгээс мэдээлэл олгож, мэргэжил дээшлүүлэх, мөн гаднын хөрөнгө оруулалт татах, эргээд манайх ямар түвшинд байгааг гаднын хөрөнгө оруулагчдад таниулах, харилцаа холбоо үүсгэх, дотооддоо мэргэжлийн хувьд өөр түвшинд хүрч ажиллах боломжийг нээж өгч байна. Энэ нь бидний оруулж буй хамгийн том үр дүн гэж бодож байна.

tsolmon_4 

-Ажил, мэргэжлээ сурталчлах үзэсгэлэн гаргаж байгаа гэсэн. Энэ мэргэжлээр сурах сэдлийг өгөх, залгамж халаа бэлтгэх тал дээр ажиллаж байгаа юм байна. Шинэ үе та бүхний мэргэжлийг хэр сонирхож байна вэ. Эзэмшлээ гэхэд зах зээлд ажлын байр нь байна уу?

-Ер нь олон улсын нөхцөл байдлыг харахад, ялангуяа уул уурхай хөгжсөн барууны орнуудыг жишээлэхэд тэнд геологийн мэргэжил хомстчихсон байна. Энэ нь зөвхөн Монголд биш олон улсад гарч буй асуудал гэсэн үг. Гэхдээ геологи уул уурхайн хөгжлөөрөө биднээс арай хойгуур байгаа улсуудыг харвал энэ мэргэжил тухайн улсдаа хэрэгтэй тул ажиллах хүч гайгүй байна. Монголын тухайд гаднын хөрөнгө оруулагчтай сайн ажиллаж байсан учраас геологи, хайгуулын хөгжил дүйцэхүйц, зарим талаар тэргүүлдэг.

Хүүхдүүд энэ мэргэжлийг сонгохгүй шахам болсон шалтгаан нь ажиллах талбаргүй болсон. Ажиллах талбар нь хөдөө явдаг учраас технологийн хөгжлөө дагаад IT чиглэлийг хүүхдүүд түлхүү сонирхож байна. Бусад өрсөлдөхүйц мэргэжлийг геологитой харьцуулаад харахаар ер нь байхгүй болж байна. Монголд илрээд байгаа онцлог нь геологи гэлтгүй физик, математик зэрэг байгалийн шинжлэх ухааны ангиуд оюутангүй болчхоод байна. Тэгэхээр том зургаар нь шийдэх ёстой асуудал гэж боддог.

 ҮЕЛЭХ СИСТЕМЭЭС ХАРВАЛ МАШ ОЛОН ЭЛЕМЕНТ ХЭРЭГТЭЙ БОЛЖ ЭХЭЛЖ БАЙГАА НЬ ТЕХНОЛОГИЙН ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ХОЛБООТОЙ

-Та геологич хүний хувьд Монголын геологийн салбарын хөгжил, явцыг хэрхэн харж байна вэ. Бидэнд байгалийн нөөц байдаг ч түүнийг олж илрүүлэхэд хөрөнгө оруулалт ч юм уу бусад нөү-хау потенциал хэрэгтэй байх шиг байна?

-Би хувьдаа геологийн салбарыг хүмүүс бизнесийн салбараас салгаж ойлгох хэрэгтэй гэж боддог. Бид судалгаа хийж байж ямар ашигт малтмалтай, нөөц боломжтойг гаргаж ирнэ. Геологи дээр суурилж гео экологи, байгаль орчин, уул уурхай, уур амьсгалтай холбоотой судалгаанууд явдаг учраас маш чухал суурь нь юм. Гэтэл хүмүүс геологийг шууд уул уурхайтай холбож ойлгодог нь буруу. Эндээс улбаалаад харвал геологи хайгуул нь бидэнд юу байгаагаа мэдэхэд тусалж байна. Жишээлбэл, бэлчээрээ солих гэж байгаа бол очиж үзээд сүүлийн хэдэн жил яаж өөрчлөгдөв, ийшээ нүүж ирвэл яах бол гээд судалгаа хийдэгтэй адилхан. Геологийн цаана маш олон төрлийн нэмэлт мэдээлэл явж байдаг бөгөөд үүнээс үүдээд олон судалгаа явуулах боломжтой. Сая зэс, лити гээд явж байна. Технологи хөгжөөд хэрэгтэй түүхий эдийн тоо өсөөд байна. Арав гаруй жилийн өмнө хэрэгтэй байсан түүхий эдийн тоог өнөөдөртэй харьцуулбал маш их болсон. Үелэх системээс харвал маш олон элемент хэрэгтэй болж эхэлж байгаа нь технологийн өндөр хөгжилтэй шууд холбоо хамааралтай. Тэгэхээр одоо бидэнд юу байгаагаа судлаад дараа нь түүнийг хэрэгтэй үед нь хэрэглэнэ гэсэн үг. Зөвхөн нүүрс гэхгүй бусад ашигт малтмалыг ашиглах суурь мэдлэг болох ёстой учраас хайгуул, геологийн ажил зайлшгүй чухал.

-Ер нь сүүлийн үед хайгуул нэмэгдэж чадаж байна уу. Тусгай зөвшөөрлийн талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-Хайгуул хийх эрх нь хайгуулын тусгай зөвшөөрөлд үндэслэдэг болохоор хазаарлаж байгаа нь тоо. Сүүлийн үед тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгож эхэлсэн. Гэхдээ тэр хангалттай биш. Илүү нэмэх хэрэгтэй. Тэгж байж өмнө алдсан хугацаагаа нөхөх боломж бүрдэнэ. Хоёрдугаарт хайгуул хийхэд хүндрэл учруулж байгаа зүйл нь орон нутгийн харилцаа. Орон нутаг болон компанийн хоорондын үл ойлголцол их болсон. Энэ зөвхөн Монголд гардаг биш л дээ. Хаа сайгүй л байдаг. Гэхдээ гарах шалтгаан нь өөр. Улс бүр өөрсдийн шалтгаанаас үүдээд зохицуулдаг. Манай улсын хувьд маш сайн зохицуулалт хийж байгаа компаниуд байна. “Оюу толгой”, “Бадрах энержи”, “Эрдэнэ ресурс” гэдэг юм уу энэ зохицуулалт, харилцааг сайн хийж байгаа газрууд байна. Олон нийтийн сүлжээнд л яриад байгаа болохоос тухайн талбайд очоод нутгийн иргэдтэй уулзвал өөр зүйл ярих байх. Гол асуудал нь тэнд 100 хүн байгаагаас 1 хүн нь эсэргүүцэж ярихад бусад 99-ийгөө төлөөлж байгаа юм шиг харагддаг.

Чуулга уулзалтын эхний өдөр “Оюу толгой”, “Степ Гоулд”, “Эрдэнэ ресурс”, Минерек, Газрын тосны холбоо гээд байгууллагууд оролцож, тулгарч буй асуудал, шийдлийг ярилцана. Мөн тухайн бүсэд амьдарч байгаа иргэдээс оролцуулж саналыг нь сонсох хэрэгтэй гэж бодож байна.

-Хариуцсан яам, агентлаг нь зөвшөөрлөө өгчихдөг. Очоод ажлаа хийх гэхээр орон нутгийн иргэд зөвшөөрдөггүй, үл ойлголцол үүсэж цаг хугацаа алддаг зовлон байдаг. Ингээд төсөл гацдаг.

-Яг тийм. Компани очихоор орон нутгийн удирдлага зөвшөөрчихсөн, иргэд нь зөвшөөрөөгүй байдаг. Тэр орон нутгийн удирдлага болон иргэдийн харилцааны доголдлыг харуулж байна гэж боддог. Энэ асуудалд байгууллагууд хэрхэн ажиллах арга барилаа солилцож, сонсож явах нь чухал. Орон нутгийн иргэдийг эсэргүүцэгч гэж харахаасаа илүү мэдээллийн зөрүүг арилгаж, хамтарч ажиллах хэрэгтэй. Орон нутгийн зүгээс юмаа алдах гэж байгаа мэт харахаас илүүтэй гадаад, дотоодын хөрөнгө оруулалт буюу эдийн засгаа хөгжүүлэх суваг ирж байхад аж амьдралаа хэрхэн сайжруулах вэ гэдэг талаас харах нь зүйтэй. Тиймээс холбооноос мэдээллийн зөрүүг арилгах чиглэлээр олон ажил төлөвлөж байна.

-Сүүлийн гурван жилд критикал минерал тойрсон сэдэв маш идэвхтэй яригдаж байна. Саудын Арабын ертөнц хүртэл газраас тосноос халиад ийшээ орж ирлээ.  Манайд энэ чиглэлийн төслүүд хөгжүүлэлт хийгдээд явж байгаа. Үүнтэй холбоотойгоор чуулга уулзалтын үеэр тусгайлан салбар хуралдаан болгов уу. Энэ чиглэлд манай улсын нөөц боломж хэр байгаа вэ?

-Критикал минерал, металл гэдгийг улс орон бүр өөрсдийнхөөрөө тодорхойлж байна. Нийтлэг зэс, лити гэж гарч байна. Лити бол нэлээн олон жилийн өмнөөс яригдаж байсан бол сүүлийн үед зэс гээд ярьж байна. Дайн ч юм уу, КОВИД-ын үеийн эдийн засгийн хямралаас шалтгаалаад алтны үнэ өсөж байгаа нь алт хүртэл критикал юм шиг болчих гээд байна.

Үүний цаана эдийн засгийн хуулиараа хэрэглээний гэх юм уу эрэлтийн давлагаанаас болж критикал минерал үүсээд байгаа юм. Олон жилийн өмнө төмөр критикал байсан, нүүрс, коксжих нүүрс критикал байсан байна. Критикал гэхээр нэг ашигт малтмал байнга орж байдаг гэж ойлгож болохгүй. Зэс бол зэс гэдэг шиг критикал бол критикал гэж ойлгож болохгүй. Тэнд багтаж байгаа ашигт малтмалууд дэлхийн зах зээлийн эрэлтээс шалтгаалж өөрчлөгдөж, орж гарч байна. Тиймээс улс орнууд критикал минералаа алсын хараатай тодорхойлж байна. Манай улсын хувьд дахиад нүүрс шиг, дотоодын валютын нөөцийг нэмэгдүүлэх, тэнцвэртэй байлгах өөр боломжийг гадна талд үүсээд байгаа эрдэс бодисын эрэлтийн мэдээлэлтэй уялдуулан, аль нэг үйлдвэрлэлийг онцлох хэлбэрээр оролцох хэрэгтэй болов уу. Гэхдээ энэ бол нарийн, олон мэргэжлийн хамтдаа тодорхойлох зүйл. Геологийн талаас нь харвал бид ямар эрдэс бодистой гэдгээ мэдэж, түүнийгээ цаг үеийн мэдээлэлтэй уялдуулж ашиглах хэрэгтэй.

Саудын Арабад болсон Future Mineral форумын үеэр гол ярьж буй зүйл нь эрлийн ажлыг хайгуулын эхэн үе хүртэл улс нь өөрөө мөнгөө гаргаад хийчихдэг. Ингэхээр хаана, юу байгааг хайлгүйгээр ажиллах буюу эрсдэл багатайгаар хайгуулаа эхлүүлэх боломжтой байгаа юм. Монгол Улс хөрөнгө оруулалт татъя гэж бодож байгаа бол ийм улсуудтай өрсөлдөх хэрэг гарна. Тэгэхээр энэ загварыг ашиглахаас өөр арга байхгүй. Гаднын хөрөнгө оруулагчид хаана хөрөнгөө оруулах вэ гээд, бусад улс орон ийм сонголт өгч байхад бид юу ч хийгээгүй, мэдэхгүй, ирээд хай, эрсдэл та нарынх гээд сууж байвал хэн ирэх билээ. Тэгэхээр бид эдийн засгийн нөхцөл байдал, хөрш орнуудаа хараад өөрсдөө аль хэсэгт хүчтэй байж болохоо анхаарч явбал тохиромжтой.

ДАРААГИЙН ОЮУ ТОЛГОЙГ ОЛЖ ИРҮҮЛЭХИЙН ТУЛД СУУРЬ СУДАЛГААГ САЙТАР ХИЙХ ХЭРЭГТЭЙ. ХОЁР АРГААР ХИЙЖ БОЛНО

-Дараагийн Оюу толгойг илрүүлэх ажил хоцрогдоод байна. Манай орны хувьд зүүн хэсэгт судалгаа боломжийн, баруун зүгт буюу Говь-Алтай, Баянхонгор, Ховд чиглэлд хайгуул судалгааны ажил маш бага хийгдсэн. Бид хайгуул судалгаа, эрлийн ажлыг хэрхэн эрчимжүүлэх ёстой вэ? Манай орон ер нь хэр судлагдсан юм. Хаана юу байгааг мэдэхгүйгээсээ үүдээд буруу төлөвлөлт хийдэг, орон нутгийн иргэд юу байгааг мэдэхгүйгээс үл ойлголцол үүсдэг юм шиг.

-Манайх судалгааны түвшинд 50 мянганы зураглал тал хувиа бүрхсэн. Цаашаа эрлийн ажлууд явсан. Эрлийн ажил гэдэг нь улсын төсвийн хөрөнгөөр тухайн газарт ямар төрлийн ашигт малтмал байгааг хайна. Харин зураглалын ажил бол геологийн суурь гео экологи, ашигт малтмал, гео хими, гидрогеологи, геоморфологи гээд тэр бүхэн хамт явдаг. Эдгээр ажлыг их бага хийж байна. Сүүлд Д.Сумъяабазар сайдын үед төсөв хамгийн өндөр тавигдаж, ажилласан. Одоо харьцангуй багассан боловч явж л байна. Судалгааны түвшингөөр бол бусад улс оронтой харьцуулахад хоцрогдмол. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байсан хэсгүүдийг харвал алаг цоог.

Дараагийн Оюу толгойг олж ирүүлэхийн тулд суурь судалгааг сайтар хийх хэрэгтэй. Хоёр аргаар хийж болно. Нэгт, улсаас мөнгө гаргаж ажилласан тохиолдолд стратегийн гэдэг юм уу, эсвэл улсын хөрөнгөөр хийсэн ажил бол тэдэн хувийг эзэмшинэ гэсэн хууль зүйн зохицуулалтаараа явах боломжтой. Эсвэл ажиллах компаниас нь зарцуулсан мөнгөө авах боломжтой. Хоёрт, улсын төсвөөр эрлийн ажил хийгээгүй талбайд тусгай зөвшөөрөл олгоход бид эрсдэлээ даагаад олсон ч, олоогүй ч эрлийн ажил хийе гээд судалдаг. Энэ бүх судалгаа улсын мэдээллийн сан руу ордог. Тэгэхээр бид судалгааны ажлаа хийгээд, хийлгээд өөртөө авч байна гэсэн үг. Гаднын хөрөнгө оруулагч эрсдэлээ даагаад орж ирсэн тул хайгуулын ажлаа хийгээд дараагийн ээлжинд уурхай болгоё гэвэл арай өөр гэрээ, нөхцөл яригдана. Аль алийг нь хослуулах л хэрэгтэй. Улс аль болох боломжийн хэмжээнд энэ ажилд хөрөнгө оруулбал дараа нь оролцоо нь өндөр байх боломжтой.

-Өндөр технологийн ололтууд геологийн салбарт хэр их нэвтэрч байна вэ. Хиймэл оюун ухаан, бусад шийдлийг салбартаа хэрхэн нутагшуулж байна вэ?

-Технологийн хөгжил бүхий л салбарт нөлөөлж, нэвтэрч байна. Манайд оруулсан томоохон хөрөнгө оруулалтын нэг болох “Оюу толгой” төслөөр дамжаад технологийн маш их шинэчлэл орж ирсэн. Уурхайнуудыг харахад эхний хөрөнгө оруулалт буюу бүтээн байгуулалтын үеэр их хэмжээний хөрөнгө орж, тэр үедээ ямар технологи, юу ашиглах сонголт гардаг. Үүнээс хойш буюу нэгэнт үйл ажиллагаа нь эхэлчихвэл шинэ технологи нэвтрүүлэхдээ хойрго байдаг. Зарим тохиолдолд хөрөнгө оруулж болох ч анхных шиг ихээр шинэ технологи нэвтрүүлэх нь бага. Ийм маягаар манай салбарт технологийн дэвшил ихээр нэвтэрч байна. Монголын геологийн салбарынхан олон улсын түвшинд ажиллах боломжтой. “Оюу толгой”- оос гаднын улсуудад ажиллах мэргэжилтнүүд олон байна. Гол онцлогийг нь харвал технологи хөгжихийн хэрээр энгийн буюу өдөр тутмын хийдэг ажлууд автоматжиж байна. Үүнийг тухайн хүн ажилгүй болчих юм шиг харах гээд байна. Харин ч ийм нөхцөлд чадвараа хөгжүүлэх, ажлаа сайжруулах боломж гэж харах нь зүйтэй. Дараагийн шатны шинэ зүйлсэд өөрийгөө сорихгүй бол хэзээ нэг цагт тэр ажил автоматжиж мэргэжлийн хөгжлийн хямралд орох гээд байна гэсэн үг. Тиймээс бидний ажил яаж хөгжөөд байгааг харуулахаар инновац технологи хэсгийг бид чуулганы үеэр нэлээд онцолж оруулж байгаа. Тэндээс хүмүүс цаашдын чиг хандлагыг ойлгон авч, өөрсдийн нөхцөл байдлыг үнэлж, дараагийн төлөвлөгөөгөө гаргахад тус болох байх.

-Геологич мэргэжлээр сурах, ажиллахын давуу тал, сайхан нь юу гэж та боддог вэ. Хүүхдүүд, залуус байгалийн ухаан суурьтай хичээлүүдээр мэргэшиж ажиллах нь олон улсад техникийн хувьд нэг хэлтэй учир өрсөлдөх боломж ихтэй гэж хараад байна.

-Хүний амьдралын хэрэгцээг харвал нэг нь материаллаг, нөгөөх нь биологийн буюу амьсгалах, ууж идэх гэх мэт хэрэгцээ байна. Эд материал, барааны хэрэгцээ гэдэг нь элементүүдийн бүрдлээс үүсдэг. Тэр элементүүд хаанаас юунаас гарах вэ, хэзээ ямар төрлийн эд материал хүнд илүү хэрэгтэй болох вэ, эсвэл бүр хэрэгтэй салбар болох эрүүл мэнд шинжлэх ухааны салбарын хөгжил тэр бүрд эрдэс бодис, элемент оролцож байдаг. Геологи бол зөвхөн алт, зэс хайдаг биш, энэ дэлхийд хаана, ямар төрлийн элементүүд, эрдэс бодис байгаа юм, хаана бие биетэйгээ холилдон нийлээд, хэвшээд байгаа юм гэдгийг судалдаг учраас аль ч салбарт хөрвөх боломжтой.

      Жишээ нь, Тесла литигийн хэрэгцээгээ хангахын тулд уурхай сонирхож эхэлж байна. Суурь геологи гэдэг шинжлэх ухаан хүний хэрэгцээг хангах түүхий эдийг нийлүүлэх суурийг гаргаж өгдөг учир чухал ач холбогдолтой юм. Цаашлаад олон төрлийн шинжлэх ухаантай холбогдож, суурь болж ажилладаг учир давуу тал гэж боддог. Хуучин энэ, тэр салбарын хүн гэж хооронд нь тусгаарладаг байсан бол орчин үеийн салбарыг харвал нийлээд, бие биетэйгээ харилцах болсон. Технологийн том компаниуд түүхий эдээ хаана байгааг сонирхоод эхэлж байна гэхээр урт хугацааны төлөвлөгөөг гаргахад зөвлөх талаасаа ажиллах боломжтой гээд давуу талууд их байна.

-Ураны төсөл эхэллээ. Уран хүн амьтан, байгальд хортой гэдэг мэдээлэл бас л гараад эхэлсэн. Ховдод эхэлсэн газрын ховор элементийн хайгуулын төслийг ч мөн л адил байгальд хортой, хүн амьтанд ээлгүй гээд л энд тэндээс сөрөг мэдээлэл тарааж байгаа нь геологийн салбарын түгжээ болчхоод байх шиг. Гэтэл эдгээр төслүүдийн үйл ажиллагаа нь эхлээгүй, олборлолт хийгээгүй, зөвхөн хайгуулын шатанд, зарим нь туршилт руу шилжиж байна.

-Хортой гээд ярих юм бол тоос шороо хүртэл хүнд хортой. Тэр бүү хэл усыг 10, 20 литрээр нь уувал ч хортой. Тэгэхээр ойлголцлын түвшний асуудал байх шиг байгаа юм. Миний хувийн ойлголтоор нөгөө талд нь итгэлцэл байна уу гэж хараад байдаг. Жишээ нь орон нутгийн зарим иргэд биднийг хордуулах гээд байна гэж хэлдэг. Гэтэл тэр ажлыг эхлүүлж хийх гэж байгаа хүмүүс яг л адилхан нэг агаараар амьсгалаад, усыг нь ууж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс бас өөрсдийгөө хордуулах гэж байна гэсэн үг үү. Үүн дээр итгэлцлийн маш том зөрүү байна.

     Хоёрдугаарт, геологи нь геологийнхоо, уул нь уулынхаа ажлыг, орон нутгийн хүн орон нутгийн ажлаа буюу хариуцсан ажлаа хийдэг болоод, харилцах ёстой газраа хамтраад ажилладаг байх ёстой. Зарим нэг хүн насаараа мэргэжлээрээ ажилласан хүнийг үүнийг ингэж хийхгүй, би мэдэж байна гэх хандлагатай байдаг. Нийтээрээ ойлголцлын түвшинг өөрчилж, биедээ итгэж, цаашаа ажлаа явуулах ёстой. Нэгнийхээ ажилд битгий оролц гэж байгаа юм биш ч мэргэжлийн ёс зүйн хэмжээнд оролцох ёстой. Нэг тал руугаа хэт их дайрч байгаа юм шиг харагддаг. Үүнийг нь шүүлтүүргүй хүлээн авч байгаа хэсэг ч бий. Чанга дуугарч байгаа ганц хүний үг сонсогдоод цаана юм ярихгүй байгаа олон хүний дуу сонсогдохгүй байх шиг санагддаг. Тиймээс улс төр, иргэд бүгд асуудлыг шүүлтүүртэй хүлээн авч, ханддаг байх хэрэгтэй.

-Таны хувьд холбооны хамгийн залуу ерөнхийлөгч болов уу гэж бодож суулаа. 30 жилийн өмнө төр бодлогоор хүнээ сургаад явдаг байсан бол чөлөөт, нээлттэй зах зээлийн үед хүн өөрөө мэргэжлээ сонгодог болчихсон. Залуучууд танай салбарт хэр их орж ирж байна вэ. Салбарт орж ирсэн залуус Монголдоо тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэл хэр байна вэ?

-Залуучуудын хандлагыг харахад ихэнх нь гадагш гарах хүсэлтэй болчихсон. Голдуу бага насны хүүхэдтэй, хүүхэд нь утаанаас болоод хатгалгаа тусаад байхаар шантарч байх шиг байна. Дээр нь дотоодын авцалдаагүй зохион байгуулалт болох түгжрэл, утаа, сургуулийн хүрэлцээ гэх мэт нийгмийн олон асуудлаас болоод зугтах хандлагатай байна. Уг нь насны хуваарилалтаас харвал Монгол Улс залуучуудын орон. Тэгэхээр аль ч мэргэжилд хуваарилаад сонгоод ажиллавал бусад оронд үүсээд байгаа ажиллах хүчний асуудлаас хол. Салбар бүр өөрсдийн мэргэжлээ сурталчлаад явбал суурь бололцоо маш сайн байна.

      Харамсалтай нь суурь бололцоо байлаа гээд эхний хэрэгцээ болох эрүүл, аюулгүй орчин хангагдахгүй байхад бусад зүйл хэчнээн сайхан байгаад зугтахаас өөр сонголтгүй. Энд мэргэжлээрээ ажилласнаас гадаадад өөр зүйл хийгээд эрүүл орчинд байх сонирхолтой болж. Өөрсдийнхөө биш хүүхдийнхээ ирээдүйд зориулж гаргаж буй шийдвэр байх шиг байна. Гаднын улсуудад ажиллах хүч бага байгаагаас болоод ажиллах хүч авах сонирхол нь ч давхцаж байна. Манай улсын хувьд хүний нөөц, мэргэжлийн ч бай олон асуудал дээр гадаад улсуудтай өрсөлдөж байна гэдгээ ойлгох хэрэгтэй байна л гэж бодож байна даа.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Танай Mining.mn сайтын хамт олонд бас амжилт хүсье. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.