Алт аминд орж эхэллээ
Алт аминд орж эхэллээ
Хамтарсан Засгийн газар ч бус өмнөх Засгийн газрууд эдийн засаг хүндрэх, төсвийн орлого тасрах, хямралтай нүүр тулах жилүүдэд алтны өмнө сөгдөн мөргөдөг. Зарим нь ОУВС-д хадаг барин очдог. Алтны 1,2 хөтөлбөрүүд дандаа л хямрал, хүндрэлийн ангалд унасан цаг үед хэрэгжиж, аврал нь болж байсан. Энэ жишиг өнөөдрийн эрх баригчдад мөн адил давтагдах нигууртай болсон тул...

Алтны ханш унц нь 3000 ам.доллар давж, шинэ өсөлт рүү тэмүүлж буй энэ цаг үед эрх баригчид  "Алт-3" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Төсвийн орлогын тасалдлыг нөхөх, валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийн тэнцвэрийг хангах гэж алтанд хайр зарлалаа. Нүүрсний үнийн уналт үргэлжлэх, улмаар өөдрөг төсөөлсөн төсвийн орлого сох дутах нь тодорхой болсон тул уул уурхайд улам тал засаж эхэлсэн хэрэг. Өөр орлого олох сонголтгүй учраас уул уурхайг ноолж, түшихээс аргагүй болов. 

Эдийн засагт, төсөвт "чөдрийн морь" болсон ганц салбараа нийтээр нь хэлмэгдүүлж, уг үндсээр нь дэлхийгээс зайлуулах шахаж байсан зарим улстөрч өнөө уул уурхайн орлогоор давсан тойрогтоо нэр нүүр олж, "эх орны хүү" болдог. Угтаа улсыг улстөрч бус уул уурхайн салбар л тэжээж, орлоготой залгуулж байгаа. Төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр, тэтгэж, хүүхдийн 100, цалинтай ээжийн 50 мянга, 1072 хувьцааны ногдол ашиг гээд халамжлах, бэлэнчлэх сэтгэлгээнд хөтлөх мөнгөний эх үүсвэр хүртэл уул уурхайтай холбогдоно. Жам ёсоороо олгогдох тэтгэвэр, тэтгэмж мөн адил уул уурхайн орлого. Газрын гүн дэх нөөцийг баялаг болгон хувиргасан компани, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч, уурхайчдын хамтын бүтээл тэр юм. Төр зөвхөн зарцуулалтын эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж, хуваарилалтыг хийдэг. 

2025 он гарсаар алтны үнэ урьд өмнө байгаагүй дүнгээр огцом өсөж, 3000 ам.долларын босгыг давсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд алтны үнэ тогтмол ийнхүү өсөлт үзүүлж, хөрөнгө оруулалтын найдвартай баталгаа, итгэлт түнш болж буй. Шар металлын ханш чангарах тусам хямрал бас ойртож байдаг. Энэ зүй тогтол дэлхийн эдийн засагт ажиглагдаж эхэлсэн бөгөөд дор бүрнээ улс орнууд урьдчилан сэргийлж, Төв банкууд алт ихээр худалдаж авах хандлагатай боллоо. Орлого олдог салбараа улдан эсэргүүцэх бус урмаар тэтгэж, улсаараа дэмжиж байна. Харин бид уул уурхайн салбараа үзэн ядах мөртлөө авчирсан мөнгөөр нь амьдраад байна. 

Хаалга тогших хямралд алт л аминд орно гэж засаг төр үзэж, хамаг л бооцоогоо уул уурхай руу тавилаа. Өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаан үндсэндээ уул уурхайд сүсэглэн залбирч, тэндээс л орлого хүлээж, олзыг олуулаа хүртэх ерөөл тавилаа. Тус хурлаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр  авч хэрэгжүүлж болох бүхий л арга замыг тодорхойлж, Боомт, Аж үйлдвэр, эрдэс баялаг, Зам тээвэр болон Сангийн сайд нартаа Ерөнхий сайд томоохон үүрэг даалгавар өгөөд гаргав. 

Хил дээрх нүүрсний овоолгын асуудлыг яаралтай шийдвэрлэх, “Ханги-Мандал” чиглэлийн төмөр замын холболтын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлж, алтны үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, нүүрсний тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, БНХАУ-ын талтай экспортын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэл Засгийн газрын гишүүддээ өгчээ. Байдал хүндэрч, эдийн засаг хурцдах, төсөв хүндрэх эрсдэлийг урьдчилан тооцоолж, ийнхүү  хамаг л хүчээ орлогын эх үүсвэр бүрдүүлэхэд дайчилж байгаа юм байна. Орлого байхгүй бол олуулаа хамтарч суусны хэрэг гарахгүй. 14 мега төслийн зураг, эдийн засгийн тооцооллоо ч хийж барахгүй. Мөнгөгүй бол мөдхөн сална аа л гэсэн үг. 

Манай улсын хувьд алтны шороон ордын нөөц шавхагдаж, үндсэн орд руу шилжсэн. Үндсэн орд л орлого төвлөрүүлэх, валютын нөөцийг зузаатгах, хямралыг гэтлэх "вакцин". Гэвч сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын орчин муудаж, алтны төслүүд ахиц муутай байлаа. Тэр тусмаа үндсэн ордуудын төсөл хөгжүүлэлт удааширч, төрийн хүнд суртал ч үүнд ихээхэн нэрмээс болсон. Дотоод дахь алтны тушаалт үргэлжлэн буурсаар байна. Тэр тусмаа сүүлийн хоёр жилийн хугацаанд алтны тушаалт эрс хумигдлаа.

Өнгөрсөн хугацаанд өндийж байсан алтны салбараа хоёр удаа манай төр буланд шахсан. Эхнийх нь гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гаргаж хөрөнгө оруулагчдыг үргээсэн бол 2009 онд батлагдсан "Урт нэртэй" хууль 200 гаруй компанийг салбараас гарахад хүргэсэн. Үр дагаварт нь алт олборлолт 20 жилийн өмнөх түвшиндээ хүрч буурсан. Алтны салбарт 2019 оноос таван хувийн АМНАТ ногдуулж байгаа.

gold03  

Алтны ханш олон улсын зах зээлд өсөж, хөрөнгө оруулагчдын хүслийг бадрааж байхад манай улсад алтны тушаалт огцом доошилсон. Монголбанкны дотоодоос авсан алтны хэмжээ 2024 онд 16.5 тоннд арай гэж л хүрсэн. Энэ нь сүүлийн таван жилийн доод үзүүлэлт байлаа. Монголбанк 2025 он гарсаар нийт 1.9 тонн үнэт металл худалдан аваад байна гэж мэдээлсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.1 хувиар буурсан үзүүлэлт аж. Жилдээ 20 тонныг давдаг байсан алтны тушаалт агшсан нь энэ салбарт далд эдийн засаг даамжирч, алтны худалдан борлуулалт хулгайн замаар орсон уу гэсэн хардлага төрүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хилээр хууль бусаар зөөвөрлөх нь нэмэгдсэн үү гэсэн асуулт хариулт нэхнэ. Ковид цар тахлын нөлөөнөөс гадна олон сонгуулийн уршиг ч уул уурхайг туйлдуулсан. 

Хамтарсан Засгийн газар ч бус өмнөх Засгийн газрууд эдийн засаг хүндрэх, төсвийн орлого тасрах, хямралтай нүүр тулах жилүүдэд алтны өмнө сөгдөн мөргөдөг. Зарим нь Олон улсын  валютын санд хадаг барин очдог. Алтны 1,2 хөтөлбөрүүд дандаа л хямрал, хүндрэлийн ангалд унасан цаг үед хэрэгжиж, аврал нь болж байсан. Энэ жишиг өнөөдрийн эрх баригчдад мөн адил давтагдах нигууртай болсон тул тэд "Алт-3" хөтөлбөрийг санаачлав. УИХ-ын хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр байгаа. Салбарын эрх зүйн орчин бүхэлдээ хөдлөх цаг үед "Алт-3" хэрэгжиж таарах нь.

"Алт-3" хөтөлбөрийг аврах төсөл гэвэл Баянхонгор аймагт "Эрдэнэ Монгол" компанийн хэрэгжүүлж буй Баянхөндий, удаах нь Говь-Алтай аймагт үйл ажиллагаа нь хэдийнэ эхэлсэн Макс группийн "Хан Алтай" төсөл /Хан Алтай Ресурс ХХК/, "Бороо гоулд" компанитай нэгдсэн "Степ голд"-ын Алтан цагаан овоо байна. Энэ төслүүд алтны салбарыг өнгөлж, ачааны хүндийг үүрэхээр байна. Завхан аймаг дахь "Баян айраг" алтны төслийн гарц муудсан ч тэндээс эзэд юм олсоор л байгаа. 

Амьдрал залгуулах, ам.доллар авчрах, аминд орох алтны салбарт "Алт-3" хөтөлбөр хэрэгжсэнээр геологи хайгуул эрчимжих, үүнийг дагасан хөрөнгө оруулалт нэмэгдэх, алтны үндсэн ордыг ашиглалтад оруулах, энэ төрлийн нуугдмал төслүүд ил болж, үйл ажиллагаа нь жигдрэх, алт дагасан далд эдийн засаг сэмрэн илчлэгдэх, хууль бус худалдаа наймаа цэгцрэх, алтны нөөцөө Монгол Улс дахин тодорхойлох зэрэг сайн тал харагдаж байгаа юм. Цөөрч байгаа лиценз олширч, хайгуулын үйл ажиллагааг улсын хэмжээнд тэлж чадахгүй бол шинээр шороон ордын нөөц тогтоогдох боломж нь тэр хэмжээгээр багасна гэсэн үг. 

Нөгөө талд алтны судал дагасан хариуцлагагүй уул уурхайн бүртгэлгүй, хууль бус үйл ажиллагаа гаарах, ард түмний дунд ахиад л алтны салбар, уул уурхай муу нэртэй үлдэх том эрсдэл байгаа. Тэр тусмаа байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь алтаар зогсохгүй бүхэлдээ уул уурхайг харлуулах, үл хүлээн зөвшөөрөх, үл ойлгох шалтаг шалтгаан болдог. Эдгээр эрсдэл, эерэг сөрөг нөлөөг эрх баригчид тооцон "Алт-3" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байх.

Дэлхийн алтны үнийн төлөв таамгийг зураглах томчууд шаргал металлд ам сайтай байгаа. Goldman Sachs тэргүүтэй банк санхүүгийн хүрээнийхэн алтанд айх аюул байхгүй гэдгийг хэлсээр байна. Төсвийн алдагдал, төлбөрийн тэнцлийн хямралаас жижиг эдийн засгаа хамгаалах нэн тэргүүний алхам нь валютын нөөцөө нэмэгдүүлэх явдал. Алт бол валютын нөөцөд тооцогддог, ам.долларт шууд хөрвөх чадвартай үнэт металл. Энэ давуу тал нь эдийн засгийг тогтворжуулж, ханшийг хазаарлах боломж олгодог. Тийм болохоор эрх баригчид алтанд найдахаас өөр сонголтгүй юм. 

 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.