Б.Тулга: Боомтын эрх зүйн орчныг шинэчилж, бие даан хөгжих боломжийг нээнэ
Б.Тулга: Боомтын эрх зүйн орчныг шинэчилж, бие даан хөгжих боломжийг нээнэ
Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног-2023” олон улсын форум гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан зохион байгуулж буй “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног-2023” олон улсын форум гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн онцлох илтгэлийг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга танилцууллаа.

Засгийн газрын дунд хугацааны "Шинэ сэргэлтийн бодлого"-ын тэргүүлэх чиглэлийн нэг нь боомтын сэргэлт. Боомтын сэргэлтийн бодлого хэрэгжсэнээр өнөөгийн боомтуудын хүчин чадал 3 дахин, боомтуудын төмөр зам болон авто замын сүлжээний хүчин чадал 2 дахин, идэвхтэй үйл ажиллагаатай агаарын боомтын хүчин чадлыг 2 дахин тус тус нэмэгдэх юм. 

Монгол Улсын хэмжээнд нийт 39 боомт байгаагаас 28 нь үйл ажиллагаа явуулж байна. Үүний 6 нь агаарын, 27 нь автозамын боомт. ОХУ-тай 16, БНХАУ-тай 17 боомтоор хиллэж байна. Агаарын замын 6 боомтоос “Чингис хаан” Олон улсын нисэх буудал ажиллаж буй.

Хойд хөрштэй авто замын 14, төмөр замын 2, нийт 16 боомтоор холбогдсон, үүнээс 10 боомт ажиллаж, дэд бүтэц хөгжөөгүй, бүтээн байгуулалт хийгдээгүйн улмаас 6 боомт ажиллахгүй байна. Урд хөрштэй авто замын 13, төмөр замын 4, нийт 17 боомттой хиллэн ажиллахаас 13 боомт  үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.

Замын-Үүд, Гашуунсухайт, Алтанбулаг, Боршоо боомтууд дээр боомтыг сайжруулах иж бүрэн өргөтгөл шинэчлэл хийгдэж байна. Булган, Бургастай, Шивээхүрэн, Ханги, Сүмбэр, Баянхошуу, Хавирга, Цагаандэл-Уул, Ульхан, Ханх боомтуудыг өргөтгөн шинэчлэх  зураг төслийг боловсруулах ажил нэлээд урагшилжээ. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Алтай сумын Бургастайн боомтын зураг төслийн ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. 

БНХАУ-ын буцалтгүй тусламж болон Засгийн газрын хөрөнгөөр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд Гашуунсухайт болон Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх боомтын нэвтрэх чадлыг өргөжүүлэх ажил ид өрнөж байна. Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх боомтын зорчигч тээврийн терминалыг ашиглалтад оруулсан бол ачаа тээврийнх бэлэн болжээ. 

Боомтуудын зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн, хүчин чадлыг дээшлүүлснээр 2024 онд нийт экспорт 14 тэрбум, 2025-2028 онд 17 тэрбум, 2029 оноос нийт экспорт 20 тэрбум ам.долларт хүрэх зорилтыг Засгийн газар урдаа тавиад байгаа. Өнөөдөр экспорт, импортын ачааны хүндийг гарын таван хуруунд багтах боомтууд л гүйцэтгэж буй. 

Мөн хуурай замын Алтанбулаг, Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар боомтуудыг үе шаттайгаар хөгжүүлэхээр ажиллаж байгааг салбар хариуцсан сайд хэллээ. Энэ хүрээнд нийт 2,966 км авто зам барих аж.

"Боомтын сэргэлт”-ийн хүрээнд Боомтын тухай хууль болон холбогдох хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, батлуулахаар ажиллаж байгааг салбар хариуцсан сайд тодотгов. Үүнд гол анхаарлаа хандуулж байна гэлээ. 

Боомтын хатуу болон зөөлөн дэд бүтцийг хөгжүүлж, үйлдвэрлэл, худалдаа тээврийг хөнгөвчлөх, эдийн засгийн коридор, дамжин өнгөрүүлэх худалдааг хөгжүүлж, эдийн засгийн хөгжлийн суурь тавихад эрх зүйн шинэчлэл маш чухал гэдгийг Б.Тулга сайд цохон тэмдэглэв. 

Тэрчлэн худалдаа, тээврийг хөнгөвчлөх чиглэлээр хөрш орны хилийн боомтын зам, тээвэр, логистикийн дэд бүтэцтэй уялдсан төлөвлөлт хийж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд анхаарч байгааг дурдаад цаашид боомт бие даан хөгжих санхүүжилтийн механизм, хэрэгжүүлэх бүтцийг бий болгоно гэлээ. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.