СУДАЛГАА: Нэг хүнд ногдох уул уурхайн салбарын бодит ДНБ өсөх хандлагатай байна
Монголын эдийн засагт үзүүлэх эрдэс баялгийн салбарын үр нөлөөг тоон судалгааны үр дүнд дахин шинээр тодорхойлжээ. Өнгөрсөн хугацаанд ерөнхий статистик мэдээллийн түвшинд л тус салбарын оролцоог үнэлж дүгнэж ирсэн. Энэ нь учир дутагдалтай байсан тал бий. Тэгвэл Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн санаачилгаар МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн Судалгааны баг "Уул уурхай, аж үйлдвэрийн салбарын Монголын эдийн засагт оруулж буй хувь нэмэр: Төлөв, чиг хандлага" сэдвээр тус судалгааг боловсруулж, гарсан үр дүнгээ Уул уурхайн сэтгүүлчдийн клубт танилцууллаа.
Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг тооцоолохдоо АХБ-наас ам.доллароор илэрхийлэн гаргасан салбар хоорондын тэнцлийн өгөгдлийг ашиглажээ. Ингэхдээ Ковид-19 цар тахлаас өмнөх үе болох 2018 он, Ковид-19 цар тахлын нөлөөллийн үе болох 2022 онуудыг сонгон авч шинжилгээ хийсэн байна.
Нэг хүнд ногдох уул уурхайн бодит ДНБ-ийг 2030 он хүртэл үргэлжлүүлэн тооцвол 13.26 сая төгрөг болж нэмэгдэж байна. Хэдий уул уурхайн салбарын бодит ДНБ өсөх чигтэй боловч хүн амын өсөлтийн хурдыг гүйцэхээргүй байгаа тул уул уурхайн салбарын бодит ДНБ нь 2030 онд 1.091 сая төгрөг болж, 2024 оны түвшнөөс ялимгүй буурахаар байна.
Судалгааны дүгнэлтийг тоймлон танилцуулъя.
- Уул уурхайн салбарын хөгжил дэвшил нь Монголын эдийн засгийн тэлэлтэд хүчтэй нэмэр оруулсан. Эдийн засгийн гадаад, дотоод орчин нөхцөл тогтвортой байгаа үед нэг хүнд ногдох уул уурхайн салбарын бодит ДНБ цаашид өсөх хандлагатай байна.
- Уул уурхайн салбарт орж буй ГШХО-ын бодит урсгал нь эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг даган өөрчлөгдөж байгаа ба экспорт болон цэвэр экспорттой харьцангуй дундаж эерэг хамааралтай.
- Тэнцвэржүүлсэн орлого дотор АМНАТ-ын бүрдүүлж буй өгөгдлийг ашигласнаар уул уурхайн салбарын татвар төлөлт нэгдсэн төсөвт хэрхэн зарцуулагдаж буйг тодорхойлж татварын үр ашигтай зарцуулалтыг хянах хэрэгтэй.
- Уул уурхайн салбар нь эдийн засгийн тогтворжуулагч салбар хэдий ч өөрчлөлтийн хурд, далайцад, тухайлбал, бүтээмж, засаглал, ногоон эдийн засаг, хууль эрх зүйн өөрчлөлтөд их мэдрэмтгий байна.
- Уул уурхайн салбарт 1 сая долларын эцсийн хэрэглээ бий болоход шууд нөлөөллөөр 2018 онд 1.0458 сая, 2022 онд 1.0675 сая доллароор уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж байв. Нийт нөлөөллийг авч үзвэл энэ дүн 2018 онд 1.5018 сая доллар болсон бол 2022 онд 1.3860 доллар болж буурсан байна.
- Уул уурхайн салбарын өөрийн үйлдвэрлэлд үзүүлэх нөлөө нэмэгдсэн боловч бүх салбаруудыг хамруулсан байдлаар авч үзвэл нийт нөлөөлөл 2018 онтой харьцуулахад 2022 онд буурчээ.
- Уул уурхайн салбарын 1 сая долларын эцсийн хэрэглээ нь шууд болон шууд бусаар хэчнээн хэмжээний ажлын байрыг бий болгосон талаар тооцоход шинээр бий болсон түр болон байнгын ажлын байр нь шууд байдлаар 2018 онд 9719, 2022 онд 6246 байв.
- Эдийн засгийн 17 салбарын дүнгээр авч үзвэл уул уурхайн салбар нь байнгын болон түр ажлын байрыг 2018 онд 30’544-ийг бий болгож байсан бол Ковид-19 цар тахлын нөлөөтэй холбоотойгоор 2022 онд 15’646-г бий болгосон байна.
- Уул уурхайн салбарын ДНБ-нд нэмэлтээр уул уурхай нь Хөдөө аж ахуйн салбараа давсан Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Өмнөговь гэсэн 4 аймгийн ДНБ-д эзлэх хувийг (Улаанбаатарын ДНБ-ийг оруулаагүй) цаашид ямар байхыг тооцож үзэхэд уул уурхайн салбар бүхий 4 аймгийн нийт аймгийн ДНБ-д эзлэх хувь 2023 онд 44.7 байгаа бол 2030 он гэхэд 53.3-д хүрч 8.6 нэгж хувиар нэмэгдэх төлөв ажиглагдаж байна. Бусад 17 аймгийн хувьд 2030 он гэхэд одоогийн байгаа түвшнөөс багасаж 46.7 хувьд хүрэхээр үр дүн гарч байна.
- Нэг хүнд ногдох бодит ДНБ-ийг 2030 оноор хүртэл үргэлжлүүлэн тооцвол 13.26 сая төгрөг болж нэмэгдэж байна. Мөн уул уурхайн салбарын бодит ДНБ өсөх боловч, хүн амын өсөлтийн хурдыг гүйцэхээргүй байгаа тул уул уурхайн салбарын бодит ДНБ нь 2030 онд 1.091 сая төгрөг болж 2024 оны түвшнөөс ялимгүй буурахаар байна.
- Хувийн жингээр авч үзвэл Уул уурхайн салбарын нэг хүнд ногдох бодит ДНБ нь 2024 оны 12 хувь байгаатай харьцуулахад 2030 онд 8 хувь болж 4 нэгж хувиар буурах төлөв гарлаа.