Д.Нямдорж: Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрээ шинээр бариагүй жилдээ 16.2 тэрбум төгрөгийг гадагш алдах байсан
3 Өдрийн өмнө
86
Д.Нямдорж: Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрээ шинээр бариагүй жилдээ 16.2 тэрбум төгрөгийг гадагш алдах байсан
Монгол Улсад усанд тэсвэртэй эмульсийн тэсрэх бодисын анхны үйлдвэрийг 1994 онд Эрдэнэт үйлдвэрт барьсан түүхтэй. Жилдээ 10 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай энэхүү үйлдвэрт 2005 онд өргөтгөл хийж, 13 мянган тонны хүчин чадалтай болгосон юм. Өдгөө 30 дахь жилдээ ажиллаж байгаа уг үйлдвэрийг техник технологийн хувьд шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон. Иймд Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг өргөтгөл шинэчлэлийн ажлыг энэ онд гүйцэтгэж, шинэ үйлдвэрээ ашиглалт орууллаа.
 
Үйлдвэрийг хүлээн авах ёслолд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Н.Эрдэнэтуяа, уг төслийг “түлхүүр гардуулах” нөхцөлтэй гүйцэтгэсэн “Монголиан Инвестмент, Корпорэйшн” компанийн удирдлага, хамт олон, уурхайчдын төлөөлөл оролцлоо.
 
Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр нь жилдээ 15 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх төслийн хүчин чадалтай бөгөөд хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн 17 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх боломжтой юм. Тус шинэ үйлдвэрийн ихэнх шат дамжлагууд болон технологийн хольц бэлтгэх хэсэг нь бүрэн автомат ажиллагаатай, үйлдвэрлэлийн технологийн шугамд суурилуулсан орчин үеийн насос, мэдрэгчүүд нь дэлхийд нэр хүндтэй NETZSCH, SIEMENS зэрэг брэндийнх байгаа нь чанартай эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх боломжийг урт хугацаанд хангах нөхцөлийг бүрдүүлжээ.
 
Мөн Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр барьж ашиглалтад оруулснаар гаднын байгууллагаас худалдан авах 4,000 тонн тэсрэх бодисыг өөрсдөө үйлдвэрлэж, нэг жилд 4.4 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэснээр анхны хөрөнгө оруулалтаа 34 сар буюу 3 жилийн дотор нөхөх боломжтой юм.

Ил уурхайн дарга Д.Нямдорж "1993 онд Монголд Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр байгуулах хэлэлцээр хийгдэж байх үед Ерөнхий сайд П.Жасрай гуай “...хонгилын үзүүрт гэрэл аслаа” гэж хэлж байсан юм. Тэр цаг мөчөөс хойш бид 30 жил ажиллажээ. Уул уурхайн үйлдвэрийн амин чухал хэрэгцээт материал нь тэсрэх бодис. Түүний чанар. Тэсрэх бодис үйлдвэрлэнэ гэдэг үнэхээр хариуцлагатай ажил. Алдаа гаргах эрх байхгүй. 15 жил ажиллаад технологийн шинэчлэл хийх шаардлагатай байдаг. Манай Эрдэнэт үйлдвэрийн чадварлаг инженер, техникийн ажилчид, уурхайчид 30 жил явуулсан. Зогсоох шийдвэр гарсан ч дараагийн үйлдвэр баригдаагүй тохиолдолд үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах үүргээ биелүүлсээр байсан. Өнөөдөр бид Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрээ шинээр бариагүй бол худалдан авалтыг гаднаас хийх байлаа. Жилдээ 16.2 тэрбум төгрөгийг гадагш алдах байсан. Хуучин үйлдвэрээ зогсоохгүйгээр дараагийн шинэ үйлдвэртэй залгаж байгаа нь бидний том амжилт юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас шинэ үйлдвэрийн тэсрэх бодисоор үйлдвэрлэлийн туршилт хийсэн. Тун амжилттай болсон. Өдөрт 100-110 тонн тэсрэх бодис үйлдвэрлэхээр зорин ажлаа эхэлж байгаадаа туйлын баяртай байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.