Цахилгааны хязгаарлалт өнгөрсөн өвөл үе, үе хийгдэж олныг бухимдуулсан. Ахуйн хязгаарлалтаар зогсохгүй уул уурхайн том, том төслүүд ч үүнд өртөж, үйл ажиллагаа нь оргил ачааллын үеэр унтарсан. Зогсох эрхгүй уул уурхай хүртэл цахилгааны дутагдлаас болж үйлдвэрлэлээ танаж, үр ашиг нь буурсан. Хот, суурин газар, айл өрхийн цахилгаан, дулааныг хангах гэж уул уурхай зэрэг салбар илүүтэй дээрх хязгаарлалтад өртсөн гэсэн үг. Эрчим хүчний хүрэлцээгүй байдал эдийн засагт алдагдал дагуулж, үл тасалдах найдвартай байдал нь жилээс жилд хэврэгшиж байгаа нь энэ.
Эдийн засгийн хөгжлийн суурь дэд бүтэц нь цахилгаан, дулаан. Гэтэл амин чухал анхдагч хэрэгцээгээ хангаж үл хүчрэх аюул манай улсад ийхүү тулгарч, аргалах аргагүй болж ирж байна. Олон жил зүтгүүлж ирсэн цахилгаан, дулааны станциуд хамаг байдаг чадлаараа ажиллаж, импортын эрчим хүч авах шугам сүлжээ, дэд станцын ачаалал нь чинээндээ тулав. Өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулаанаа торгоох боломж хумигдаж, шинэ эх үүсвэр яаралтай барихаас өөр аргагүй болж байна.
Манай улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал жилд дунджаар 5-6 хувиар нэмэгдэж байхад хэрэглээ 7-8 хувиар өссөөр ирсэн. Хэрэглээгээ гүйцэж чадахгүй байна. Хэрэглээ гүйцэгдэхгүй байгаа болохоор өвлийн саруудад эрчим хүчний хомсдол, дутагдалтай байдал үүсэж байгаа хэрэг.
Өнгөрсөн хугацаанд улс төр, бизнес, гадаад, дотоодын ашиг хонжоо, явцуу сонирхлууд, бусдаас хараат байлгах далд сэдлээс болж эрчим хүчний салбарын томоохон төслүүд хөдөлсөн ч барианд орж чадаагүй. Зарим төсөл нь гараанаасаа ч эргэж чадаагүй юм. Ийм төслийн тоонд Эг, Тавантолгой болон Тавдугаар цахилгаан станцын төсөл ордог. Эдгээр төслүүд цаг хугацаандаа эхэлж, өнөөдөр баригдсан бол эрчим хүчний хувь заяатай хамт улс орны хөгжил ч тэс өөрөөр яригдах байлаа.
Эрчим хүчний төслүүд гацах, царцахтай зэрэгцэн алдагдалтай үнээр эрчим хүчээ худалдаж, салбарын тамир тэнхээ улам шавхагдах хэмжээнд асуудал хүндрэв. Дулаан, цахилгаан станциудын насжилт өндөрсөж, суурилагдсан хүчин чадлын нөөц боломж нь буурсаар байна. Зах зээлийн эдийн засагт манай улс шилжсэн боловч төрөөс хүчээр барьсаар ирсэн эрчим хүчний үнэ эргээд салбараа эрсдэлд унагах олон жилийн хуримтлагдсан алдагдалд орууллаа. Цахилгаан, дулааны үнэ засаг төрийн дураар үндсэндээ байх боломжгүй болж байна. Зах зээл өөрөө өөрийгөө засах гэж оролдож эхэллээ.
1кВт.цаг цахилгаан эрчим хүчийг манай улс 285 төгрөгөөр үйлдвэрлэж /дамжуулж, түгээж/, айл өрхүүдэд 140 төгрөгөөр борлуулж байна. Үүнээс шалтгаалаад эрчим хүчний салбар сүүлийн 20 шахам жил алдагдалтай ажилласан бөгөөд энэ алдагдал нь өр төлбөрийн овоо болсон байна. Өрийн овоо босгоход зарим улстөрч, мөн шахаа шантааж гэгчийг өөрийн бизнесийн арга барилаа болгосон хүмүүсийн балаг төрийн өмчит цахилгаан, дулааны станциудыг бүр ч сөгдүүлж орхив. Үр дүнд нь улсаараа харанхуйд лаа шүдэнз эрж, дүн өвлөөр хөлдөх аюулд орж мэдэхээр байна.
Ард түмний дунд оноо алдана, сонгуульд ялагдана гэх улстөрчдийн амин хувиа бодсон эсвэл цаг үе нь биш гэсэн шийдвэр эрчим хүчний салбарын өнөөдрийн хур алдагдлыг бий болгож, аваарын дохио нь асахад хүргэв. Өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээнд суурилан шинэ эх үүсвэр бариагүй, алдагдлыг хазаарлах хэмжээнд үнэ тарифын зохистой шинэчлэл хийгээгүй нь өнөөдөр улс гэрээрээ энэ тухай ярихад хүргэж байна.
Өвлийн тэсгим жавартай өдрүүд айсуй. Оргил ачаалал орой бүр эрчим хүчний системийг ганхуулах хэмжээнд тулж ирэх амаргүй сорилт, бэрхшээлийг гэтлэх гарц нь үнэ тарифыг өнөө үе шаттай нэмэгдүүлэх, шинэ эх үүсвэр барих л үлдээд байна. Шинэ эх үүсвэр яаралтай барихгүй бол үнэ тариф өсгөөд ч өнөөдрийн зовлон маргааш дахин угтахыг үгүйсгэхгүй. Тэрчлэн эрчим хүчний салбарт нүүрлэсэн "хулгай"-г цэгцэлж, шахааны сүлжээг нураахгүй бол тус салбарт нүүрлэсэн хямрал, хүндрэлээс бид гарч чадахгүй билээ.