Ж.Золжаргал: Хямдруулсан үнэтэй том нүүрсний гэрээг хязгаарлах хэрэгтэй. Монголын нутаг дээрх тээврийг Монголчууд хийх ёстой
3 Цагийн өмнө
229
Ж.Золжаргал: Хямдруулсан үнэтэй том нүүрсний гэрээг хязгаарлах хэрэгтэй. Монголын нутаг дээрх тээврийг Монголчууд хийх ёстой

Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын ээлжит "Өглөөний уулзалт"-ын зочноор УИХ-ын гишүүн Ж.Золжаргал оролцож, Монгол Улсын 2026 оны төсөв тэр дундаа “Нүүрс тойрсон нам- улс төр” сэдвээр танилцуулга хийж, нүүрсний худалдааны ил тод байдал, төрийн өмчит компанийн засаглал болон улс төрийн нөлөөний талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “нүүрсний хулгай” гэх ойлголт нь төрийн өмчит компанийн нууц гэрээ, намын томилгоо, улс төрийн оролцоотой шууд холбоотой гэж дүгнэв. “Тэнд гэрээг нууцаар байгуулж, хямд үнээр зарж, ашиг хуваадаг тогтолцоо үүссэн” гэж хэлсэн юм.

Хямдруулсан үнэтэй том нүүрсний гэрээг хязгаарлах хэрэгтэй. Монголын нутаг дээрх тээврийг Монголчууд хийх ёстой!

Тэрээр “Засгийн газар шинээр байгуулагдах болгонд том дүнтэй иж бүрэн, урт хугацааны гэрээ хийгээд байх юм бол нүүрсний салбар сөхөрч, худалдаа бүрэн зогсоно. Учир нь хил холболт, тээвэр, нүүрсний худалдааг цогцоор нь багтаасан энэ том гэрээнүүд нь нүүрсний үнийг унагаах эрсдэлтэй бөгөөд монгол тээвэрчдийн нөхцөлийг улам дордуулна. Нүүрсний худалдаа тусдаа яригдах ёстой. Хэрэв Монголд ашигтай биш л бол хил холболтыг хийхгүй байсан ч болно” гэх байр суурийг “Чайна Энержи”-тэй хийх гэрээг хэлэлцэж байх үед чуулганы танхимд илэрхийлж байснаа онцлов.

Тэрбээр нүүрсний худалдааг ил тод, өрсөлдөөнтэй болгохын тулд биржийн аргыг түлхүү ашиглах ёстой гэв. 2025 оны байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн экспортын 79% нь урт хугацааны “том гэрээ”-гээр, 21% нь биржээр хийгдэж байгаа нь ашиг, үр өгөөжийн тэнцвэргүй байдлыг харуулж байна. Мөн дээрээс нь биржээр чанар муутай, бага хэмжээтэй нүүрсийг борлуулж байна. Үүний харьцааг 50:50 болгох ёстой гэв.

Ж.Золжаргал гишүүн “Норинко”, “Чайна Энержи”, “Чалко” зэрэг Хятадын компаниудтай байгуулсан гэрээнүүдийн үнэ, нөхцөл нууц хэвээр байгаа гэж мэдэгдэв. Харин “Чайна Энержи”-гийн гэрээ 2030 он хүртэл жилд 5 сая тонн, түүнээс хойш 20 сая тонн нүүрс нийлүүлэхээр тохирсон, нийтдээ 250 сая тоннын хэмжээтэй томоохон хэлэлцээр юм. Монголын нүүрс Хятад улсад хэрэгтэй. Харилцан ашигтай хамтарч ажиллах нь маш чухал. Бид хүсвэл өөрсдөдөө ашигтай гэрээг хийж чадна.

Тэрбээр сошиалаар биржийн үнэ ба урт хугацааны гэрээний үнийн зөрөө 40 ам.долларын гэснийг иш татаж үүний тал нь тээврийн зардал гэвэл эцсийн зөрөө нь 10-20 ам.доллар болохыг онцлов. Гэвч тээврийн тендерийн доогуур тариф нь монгол жолооч нарыг ашиггүй байдалд оруулж, өрийн дарамтад оруулж байгааг анхааруулав.

Тэгвэл Ж.Золжаргал гишүүн Монголын эрх ашгийг хамгаалахын тулд дараах “Таван алхам”-ыг санал болголоо. Үүнд:

  1. Нүүрсээ илүү их хэмжээгээр биржээр зарах (бирж:том гэрээ = 50:50);
  2. Хил хүртэл тээврийг монголчууд өөрсдөө хийх;
  3. Нүүрсийг чанараар нь сорчилохгүй борлуулах;
  4. Үндэсний үнийн индекс бий болгож ашиглах;
  5. Бүх гэрээг нууцаас гаргах.

Хамгийн их хулгай нүүрлэсэн “Эрдэнэс таван толгой”-н хувьцааг дотоодын хөрөнгийн биржээр худалдаалж нээлттэй компани байгуулах ажлыг эхлүүлэх ёстой гэв. Энэ ажлыг эхлүүлэх нь стратегийн уул уурхайн салбарт гадаадын томоохон компаниуд гол тоглогч болох эрсдэлтэй гэх агуулга хүчтэй явдаг. Үүнээс айж суухын оронд хамгийн эхэнд Монголын хөрөнгийн биржээр Монголчуудад хяналтын 34 хүртэлх хувийг зарж эхлэх нь зөв. Үлдсэн нь зах зээлийн зарчмаараа явна “Дарга биш, иргэд баялгаа эзэмшье” хэмээн Ж.Золжаргал гишүүн уриаллаа.

mine_zoloo_akh_251028_1 

Улс төрийн намыг төрийн өмчөөс салгахгүй бол улс төрийн хямрал дуусахгүй

Түүний илтгэлийн гол санаа нь нүүрсний худалдааг ил тод болгох, намын нөлөөг төрийн өмчит компаниудаас салгах, баялгийн эзэмшилд иргэдийг хишиг хувь хүртэгч биш хувьцаа эзэмшигч байдлаар оролцуулах гэсэн гурван чиглэлд төвлөрсөн байв.

Монголын эдийн засаг бол төрийн зохицуулалттай эдийн засаг. Монголын улс төрийн намууд нь үзэл баримтлалд бус эдийн засгийн харилцаанд суурилсан мафи болж хувирсан. Төрийн өмчийг ашиглаж эрх мэдэлд хүрэх ашиг сонирхлоор нэгдсэн бүлэг Монголын эдийн засгийн шимэгч, хорт хавдар болоод байна. Мөнгөтэй больё, бизнес хийе гэвэл төрд, намд ойртох ёстой нь нууц биш болсон. Гэтэл бид чөлөөт зах зээлтэй ардчилсан улс гэж тунхагласан мөртөө эдийн засаг нь одоогийнх шиг төрд төвлөрсөн байх нь зөв үү? энэ ямар улс төрийн эдийн засгийн тогтолцоо юм бэ?

Монгол Улс 33 их наяд төгрөгийн төсөвтэй. Гэтэл үүнээс гадна нийслэл, орон нутаг, төрийн өмчид компаниудын 33 их наяд төгрөг улсын төсвөөс гадна хяналтгүй явж байна. Өөрөөр хэлбэл улсын төсөвтэй тэнцүү хэмжээний мөнгө улс төрийн намаас томилогдсон дарга нарын гарын үсгээр зарцуулагдаж байгаа нь энэ нам, улс төр, эдийн засгийн хямралын гол суурь хүчин зүйл болоод байна. Дахин хэлэхэд намын буруу тогтолцоог нураах гол арга зам бол төрийн өмчийг улс төрийн намуудаас салгах явдал.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.