З.Ган-Очир: Улс орнууд чухал ашигт малтмалын хайгуулаа идэвхжүүлж, хөрөнгө оруулалт нь өсөлттэй байна
2024.10.04
152
З.Ган-Очир: Улс орнууд чухал ашигт малтмалын хайгуулаа идэвхжүүлж, хөрөнгө оруулалт нь өсөлттэй байна

Монголын эрдэс баялгийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх "Mining Week 2024" олон улсын чуулга уулзалт гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөө жилийн чуулга уулзалт "MinePro" үзэсгэлэнгээр өргөжин тэлж, Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд энэ өдрүүдэд зохион байгуулагдаж буй.

Арга хэмжээний хоёр дахь өдөр /2024.10.03/ "Санаачилга" танхимд "Чухал ашигт малтмалын зах зээлийн хандлага ба хайгуул, бүтээн байгуулалт" сэдвээр ээлжит илтгэлийг "Asian Battery Minerals" ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Ган-Очир хэлэлцүүлсэн юм. Тэрээр чухал ашигт малтмалын зах зээлийн өнөө болон хэтийн төлөв, хүлээгдэж буй өөрчлөлтийг танилцууллаа. Чухал ашигт малтмалыг газрын ховор элемент, критикал минерал гэх мэтээр нэрлэж байгаа. Маш олон элемент багтдаг /20-иод/. 

Чухал ашигт малтмал нь ирээдүйн уул уурхайн гарцаагүй өсөн тэлэх хэсэг хэмээн компаниуд хөрөнгө оруулалт хийж, улс орнууд хайгуулаа дор бүрнээ идэвхжүүлж байна. Хэдий зах зээлийн үнэ өнөө бууралт үзүүлсэн ч хайгуулд зарцуулж буй хөрөнгө оруулалт өнгөрсөн хугацаанд тогтвортой бөгөөд өсөлттэй байлаа. 

Австрали улс жишээ нь өнгөрсөн хугацаанд хамгийн эрчимтэй хайгуулыг лити рүү чиглүүлж, өнөөдөр зах зээлийн 50 хувиас дээш хувийг олборлож, нийлүүлж эхэлжээ. Тэрчлэн шинээр нээгдсэн уурхайн хүчин чадлаараа зах зээлд давамгайлж байгааг З.Ган-Очир илтгэгч тодотгосон юм. 

Эрчим хүчний шилжилт, цахилгаан автомашины борлуулалт, баттерейн түүхий эдийн эрэлт хэрэгцээ чухал ашигт малтмалын ирээдүйг урт хугацаанд тогтворжуулах төдийгүй өсөлт авчирна хэмээн компаниуд үзэж, хайгуул тасралтгүй хийж, хөрөнгө оруулалт татах, уурхай барих ажил эрчимжиж байгааг дуулгалаа. Эрчим хүчний шилжилт нь цоо шинэ зах зээл, хэрэгцээ үүсгэж байна. 

Дэлхийн батерей үйлдвэрлэлийн тэргүүлэх топ 10 нь Ази компани байдаг бол өмнөд хөрш БНХАУ тус зах зээлийн 70 хувийг үйлдвэрлэх хүлээлттэй байна. Манай улсын хувьд Хятадын зах зээлийн хажууд нь байдаг, энэ утгаараа уг гинжин хэлхээнд нэгдэх, дунд шатны үйлдвэрлэлийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд өөрийн байр сууриа бэхжүүлэх, орох боломж байгааг төсөл хөгжүүлэгч З.Ган-Очир тэмдэглэлээ.

Энэхүү боломж, зах зээлд хүрэхийн тулд манай улс хайгуулыг идэвхтэй явуулах, улмаар дэлхийн түвшинд өрсөлдөх ордтой, уурхайтай болсноор дээрх гинжин хэлхээний нэг хэсэг болох юм. Дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад манай улс хайгуулаар хоцорч байна. Хайгуулд хөрөнгө оруулалт татах нь дэлхий нийтээр улам ээдрээтэй, өрсөлдөөнтэй болж байгаа нь компаниудад сорилт төдийгүй эрсдэлд тооцогдож байна. 

May be an image of 6 people, crowd and newsroom

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.