“Mining in Mongolia” өдөрлөгийг Тяньжин хотод зохион байгуулж, төслүүдээ танилцууллаа
БНХАУ-ын Тяньжин хотод зохион байгуулагдаж буй “China Mining 2025” арга хэмжээний эхний өдөр “Mining in Mongolia” өдөрлөгийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА) хамтран амжилттай зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгийн зорилго нь Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, ирээдүйн чиг хандлагыг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах явдал байв.
Арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Ч. Лодойсамбуу, С.Цэнгүүн, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд, БНХАУ-ын Байгалийн нөөцийн яамны Геологийн хайгуул, уул уурхайн хяналтын газрын орлогч дарга Ниу Ли, АҮЭБЯ-ны Бодлого төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа болон АМГТГ, “Эрдэнэс Монгол” нэгдэл, Эрдэнэс Тавантолгой ХК, Монголын Хөрөнгийн Бирж, “Оюут улаан” ХХК-ийн төлөөлөл зэрэг төр, хувийн хэвшлийн удирдлага, хөрөнгө оруулагчид, салбарын мэргэжилтнүүд нийт 150 гаруй оролцогч хүрэлцэн ирэв.
Монголын арга хэмжээг Элчин сайд Н.Энхболд болон орлогч дарга Ниу Ли нар нээж, хоёр орны хамтын ажиллагааны ач холбогдлыг онцоллоо.
Танилцуулгуудын үеэр:
• М.Мэндбаяр – “Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого”
• С.Түвшинбаяр – “Монголын геологи, уул уурхай, газрын тосны салбарын өнөөгийн болон хэтийн төлөв”
• Д.Ядамжав – “Эрдэнэс Монгол” нэгдэл ба хөрөнгө оруулалтын боломж
• Эрдэнэс Тавантолгой ХК – компанийн танилцуулга
• А.Мөнхбаясгалан – “Уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулж авах нь” гэсэн сэдвүүдийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.
Өдөрлөгийн үеэр Монгол, Хятадын уул уурхайн салбарын харилцааг улам гүнзгийрүүлэх, бүс нутгийн хэмжээнд тогтвортой, хариуцлагатай хөгжлийг дэмжих нь стратегийн чухал ач холбогдолтой болохыг онцлов. "China Mining 2025” арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас гадна Хятад-Араб, Африк, Саудын Араб, Иран, Казахстан, Балба, Мадагаскар зэрэг олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өдөрлөгүүд зохион байгуулагдаж байна.