CHINA MINING 2025: “Эрдэнэс Монгол” нэгдэл үйл ажиллагаа, онцлох төслүүдээ танилцууллаа
Уул уурхай, эрдэс баялгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч, дэвшилтэт техник, технологийн дэвшлийг дэлгэн харуулдаг уул уурхайн салбарын олон улсын томоохон арга хэмжээ болох “China Mining 2025” БНХАУ-ын Тяньжин хотод 2025 оны 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд болж байна.
Дэлхийн 40 гаруй орон, 400 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл, 10 мянга гаруй төлөөлөгч оролцож буй энэхүү арга хэмжээнд “Эрдэнэс Монгол” нэгдэл зарим бүрэлдэхүүн компаниудын хамтаар оролцож, өөрсдийн үйл ажиллагаа болон онцлох төслүүдээ хөрөнгө оруулагчдад танилцууллаа.
Уг арга хэмжээний эхний өдөр “Mining in Mongolia” салбар хуралдаан болж, Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн салбарт баримталж буй төрийн бодлого, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар 150 гаруй зочид төлөөлөгч, бизнес эрхлэгчдэд Аж үйлдвэр эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, “Эрдэнэс Монгол” нэгдэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголын хөрөнгийн бирж” ХК-иас танилцуулга хийв.
Тус салбар хуралдаанд “Эрдэнэс Монгол” нэгдлийн Чанар, бүтээмж хариуцсан менежер Д.Ядамжав “Нэгдлийн үйл ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” сэдэвт илтгэл тавьсан бөгөөд “Эрдэнэс Монгол” нэгдэл олон улсын жишигт нийцсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн төсөл хэрэгжүүлж байгааг тодотгоод, хөрөнгө оруулагчдад үзүүлж буй хууль эрхзүй болон эдийн засаг, татварын бодит дэмжлэг, боломжуудын талаар онцоллоо.
Техник, технологийн дэвшлээр олон улсад тэргүүлэгчдийн нэг БНХАУ нь чухал ашигт малтмалын хайгуул судалгаа, олборлолт болон төмрийн хүдэр, нүүрсний зах зээлд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, Монголын талтай уул уурхайн салбарын нөөц боломж, эдийн засгийн үр өгөөж, гадаадын хөрөнгө оруулагчдад чиглэсэн хууль эрх зүйн орчныг хөндсөн хоёр талт уулзалтуудыг зохион байгууллаа.
“China Mining 2025” арга хэмжээнд Монгол Улс хоёр дахь жилдээ оролцож байна. Энэ жил анх удаа нэгдсэн зохион байгуулалттайгаар павильон зассан бөгөөд БНХАУ-ын Байгалийн баялгийн нөөцийн яамны дэд сайд Сю Дакун тэргүүтэй төр засгийн төлөөллүүд Монголын павильоноор зочиллоо.